2023.10.06

Л.Энх-Амгалан: Санхүүжилтийн зөв тогтолцоо, хүртээмж, тоо, мэдээллийн сангуудыг цэгцэлснээр ахиц, дэвшил гарна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Бид баталж буй хуулиудынхаа уялдаа холбоо дээр анхаарахын сацуу хууль өөрөө амьдралаар шалгагддаг учир тодорхой өөрчлөлтүүдийн цаг хугацаа алдахгүйгээр хийх хэрэгтэй.

Гол нь санхүүжилтийн эх үүсвэрүүдийг зөв хийдэг, хуультай болж гэмээ нь асуудал шийдэгдэнэ гэж харж байна. Тухайлсан сайд нар, сар бүр хөгжийн бэрхшээлтэй иргэдтэйгээ уулзан Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгч буй үйлчилгээ, тогтолцоо, санхүүжилтүүд, газрын зураглалуудыг бид шинээр хийж үзэж байгаа.

Үнэхээр хоорондоо огт уялдаагүй байдаг юм билээ. Бидэнд тэгэж харагдаж байгаа юм чинь, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн тусах нь тодорхой. Яг үүний адилаар хүүхдийн эрх хамгаалал, бодлого эрх зүйн орчныг бид цаг алдалгүй хийе.

Хийхдээ хамгийн гол нь оновчтой байгаа эсэх дээр газрын зураглал гаргах нь зүйтэй. Санхүүжилтийн зөв тогтолцоо, хүртээмж, тоо, мэдээллийн сангуудыг цэгцэлснээр ахиц, дэвшил гарна.