Ховд аймгийн Мөнххайрхан сумыг хатуу хучилттай автозамаар холбоно
2023.10.18

Ховд аймгийн Мөнххайрхан сумыг хатуу хучилттай автозамаар холбоно

Ховд аймгийн Мөнххайрхан сумынхаа иргэдтэй уулзаж УИХ, ЗГ-аас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцууллаа. Мөнххайрханчууд маань сумаа хатуу хучилттай авто замтай болгох хүсэлтийг аминчлан хүсч миний зүгээс шийдвэрлэнэ гэдгээ амлав.

Уулзалтын үеэр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж Алтангадас одонгоор С.Зурман, Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан цол тэмдгээр П.Эрдэнэжаргал, Онц тээвэрчин - Я.Хүрэлбаатар, Нийтийн аж ахуйн тэргүүний ажилтан - В.Батмөнх, Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан - Б.Бадамцэцэг, Эрүүл мэндийн сайдын жуух бичиг- Ү.Энхтуяа нар шагнагдлаа. 

Алслагдсан бүсийн иргэд алагчлагдах ёсгүй. Иймээс иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, орлогыг нэмэгдүүлэхийн төлөө олон жил зорьж хэрэгжүүлж байгаа ШИНЭ ХОВД хөтөлбөрийн төслүүд маань урагштай хэрэгжсээр байна. 

Ховд аймгийнхаа бүх сумыг хатуу хучилттай авто замтай болгоно. Ирэх онд Ховд-Улаангом, Дөргөн, Цэцэг сумдын хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлнэ.

“Ховд Эко Цемент” үйлдвэр ашиглалтад орж баруун аймгийнхан УБ-тай адил үнээр цементээ авч эхэлсэн.

ЭБУЦС-ын хөрөнгө оруулалт, зээл санхүүгийн асуудал бүрэн шийдэгдэж хямд найдвартай цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болох цаг ойрхон боллоо.

Аймгийнхаа гэр хорооллын айл өрхүүдийг Хашаандаа сайхан амьдрах боломж нөхцөлөөр хангаж цэвэр бохирын шугам сүлжээнд холбож байна.

Одоогоор 3000 айлын хаяанд шугам сүлжээ очиж, 300 гаруй айл 90 хувийн хөнгөлөлттэй үнээр холбогдсон байна.

Малчдынхаа орлогыг нэмэгдүүлж малын гаралтай түүхий эдийг боловсруулах ҮТП буюу үйлдвэрийн бүс байгуулна. Автозам, цахилгаан, дулаан гээд дэд бүтцийн бүтээн байгуулалтыг улсын төсвөөр хийж байна.

Ховд агро парк төслийг бүрэн хэрэгжүүлнэ. Одоогоор эрдэнэшиш, жимс жимсгэнэ, нарийн ногооны тариалалт амжилттай хийгдэж, хүлэмжийн аж ахуйн цогцолбор байгуулагдлаа.

“Шинэ хөдөө” төслийн хүрээнд Мөнххайрханчууддаа иж бүрэн трактор болон бусад тоног төхөөрөмжийг өгөхөөр болж мөн ЕБС-ийг мэдээлэлзүйн кабинеттай болгохоо хэллээ.