"ХОВД АЙМГИЙН ОЮУТАН ЗАЛУУСЫН "ТҮҮЧЭЭЛЬЕ-2023" ||| ЧУУЛГАН" боллоо
2023.10.30

"ХОВД АЙМГИЙН ОЮУТАН ЗАЛУУСЫН "ТҮҮЧЭЭЛЬЕ-2023" ||| ЧУУЛГАН" боллоо

Залуу хүн ЗОРИЛГОТОЙ, ЗОРИГТОЙ, ЗОЛБООТОЙ бол БОЛОМЖ-АМЖИЛТ үргэлж дэргэд байдаг.ШИНЭ ХОВДЫН ТҮҮЧЭЭ ТББ-аас зохион байгуулж буй "ХОВД АЙМГИЙН ОЮУТАН ЗАЛУУСЫН "ТҮҮЧЭЭЛЬЕ-2023" ||| ЧУУЛГАН" гал цогтой үргэлжилж байна. Тус чуулганд оролцож буй 500 гаруй оюутан дүү нартайгаа өөрсдийгөө, Ховдоо, Монголоо хэрхэн илүү сайнд ТҮҮЧЭЭЛЭХ талаар үзэл бодлоо хуваалцлаа.

Мөн бизнес, урлаг, спорт, нисэхийн салбарт манлайлагч панелистууд маань залууст маань урам дэм, эрч хүч өгсөн сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж үнэтэй зөвлөгөө өглөө. Тухайлбал, Монголын сагсанбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин, Лигийн 4 удаагийн аварга Б.Билгүүн "Амжилтад хүрэхийн үндэс нь ерөөсөө л тууштай байдал" гэсэн бол Чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Азийн аварга МУГТ Т.Тулга "Амжилтад хүрэх , зорилгодоо хүрэх өлсгөлөн бай" гэдэг зөвлөмж өглөө. Мөн Люмино хамтлагийн дуучин Баажий буюу Б.Батхишиг "Хүнийг сонголт нь урагш нь хөтөлдөг" тухай сонирхолтой яриа өрнүүллээ.

Харин МУСГЗ, жүжигчин Г.Ундармаа "Боломж үргэлж дэргэд байдаг" тухай, МИАТ ТӨХК-ийн Бойнг 787-9 агаарын хөлгийн нисгэгч С.Өнөбилэг "Хүн зөв мэргэжлээ сонгож чадвал хожим нэг ч өдөр дургүй ажлаа хийхгүй" байх боломж өөртөө олгодог гэдгийг, "Урбан бизнес групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Соронзонболд "Бизнесийн амжилт нь зээлээ хугацаанд нь төлөх ёстой гэсэн үүрэг хариуцлагаас эхэлсэн " болохыг тодотголоо.

Чуулганы үеэр өнөө жил ЭЕШ-таа амжилттай өгч 800 оноо авсан Насанжаргалын Намуунаа, Баатархүүгийн Эрдэнэ, Доржпаламын Сийлэгмаа, Жамъяан-Осорын Ням-Эрдэнэ, Цэен-Ойдовын Баярсайхан, Баньдхүүгийн Төгөлдөр нарын шилдэг оюутан дүү нартаа САНДАГ САН-гийн нэрэмжит сургалтын тэтгэлэг гардууллаа.

Мөн чуулганд оролцогч оюутан залуус маань иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дэмжих, байгаль экологио унаган төрхөөр нь хадгалж ан амьтдаа хамгаалах, цэвэр цэмцгэр Ховд хотыг цогцлоох, нутагтаа эрчимжсэн аж ахуй хөгжүүлж ая тухтай амьдрах, боловсролын чанар багшлах боловсон хүчний асуудалд анхаарал хандуулж хөгжих талаар олон үнэ цэнтэй санал дэвшүүлэв.