2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарлалаа
2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. УИХ-ын 2001 оны 57 дугаар тогтоолоор “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталснаас хойш 22 жил өнгөрсөн байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт хүн амын 46.8 хувь нь амьдарч, ААН-ийн 75.8 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 84 хувь, ДНБ-ний 63 хувь бүтээгдэж байна. Харин орон нутагт нийт хүн амын 53.2 хувь нь амьдарч, ААН-ийн 24.2 хувь нь үйл ажиллагаа явуулж, худалдаа үйлчилгээний 16 хувь, ДНБ-ний 37 хувийг бүрдүүлж байна. Энэхүү харилцан адилгүй байдлаас шалтгаалж орон нутагт ажиллах хүчний дутагдал үүсэж, эдийн засгийн төрөлжилт алдагдаж, эсрэгээрээ Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрөл үүсэж, түгжрэл, утаа, агаар, хөрсний бохирдол огцом нэмэгдэж, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг бууруулж байна.
“Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсын дунд хугацааны хөгжлийн бодлого буюу Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн болон холбогдох байгууллагын саналыг тусган боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгалаа.
Мөн Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд энэ оны 02 дугаар сарын 28-нд байгуулсан “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус хөтөлбөрийн I үе шатыг хэрэгжүүлэх Монгол Улс, Европын хөрөнгө оруулалтын банк хоорондын Санхүүгийн гэрээнд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо. Хөтөлбөрийг нийт 735 сая ам.долларын зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 17 аймгийн 52 суманд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих инженерийн дэд бүтэц, тээвэр логистикийн төв байгуулах, ногоон санхүүжилтийг дэмжих ажлууд багтжээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn