Х. Баттулга: ИНЕГ-ын удирдлагад ч хариуцлага тооцно
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас зарим зүйлийг тодруулав.
-МИАТ компанид үүссэн нөхцөл байдалд салбарын сайдын хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Онгоц нислэгт гарахдаа инженер, техникийн ажилтнууд аюулгүй байдлын зөвшөөрөл өгсний дараа хөөрдөг юм. Гэтэл энэ зөвшөөрлийг нь өгөхгүй боолоо. Өөрсдийнхөө чадвap, давуу байдлыг ашиглаж бойкот хийнэ гэдэг байж болохгүй зүйл. Ямар морь унаад явж байгаа биш. Гадаад нислэгийг саатуулна гэдэг том асуудал. Ойролцоогоор 1140 зорчигчийн нааш, цааш явах хөдөлгөөн саатсан байна. Улсад 380 гаруй сая төгрөгийн хохирол учирлаа. Хэдийгээр манай яам болон Төрийн өмчийн хорооноос тэдгээр хүнтэй тохиролцох гэж оролдсон ч бүгд гарын үсгээ зураад халагдах өргөдлөө өгсөн.
-Буруутай этгээд нь хэн болж таарав. Зөвхөн техникийн ажилтнууд уу?
-Ер нь зөвхөн энэ хүмүүстэй ч холбоотой зүйл биш. Олон жил ужгирсан асуудал. МИАТ, ИНЕГ-ын удирдлагад ч хариуцлага тооцох болно. Их засварын мөнгө хэмнэхээс л асуудал үүссэн. Аэробус 300 онгоцыг 10 жил тутам их засварт оруулах ёстой юм. Гадаадад их өндөр үнээр хийдэг болохоор мөнгө хэмнэж дотооддоо хийсэн. Гэтэл төгсгөлийн шатанд данхраад нь мултарч далавч цоорсон. Тэгэхээр хэнтэй хариуцлага тооцох вэ гэхээр ажилдаа хариуцлагагүй хандсан, эсвэл техник тоног төхөөрөмжийн хангалтгүй байдлаас болсон.
-Нислэг хэзээ хэвийн үргэлжлэх вэ. Техникийн ажилтнуудыг халсан болохоор хэнээс зөвшөөрөл авах вэ?
-Маргааш (өнөөдөр) хэвийн үргэлжилнэ. Техникийн ажилтнуудын оронд Солонгосоос мэргэжилтнүүд урьсан. Оройдоо ирнэ.