Бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай
Г.Жавхлантөгс, Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын Бодлого хариуцсан захирал
2024.05.24

Бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжсэн цогц бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай

Бодлогоор хүчтэй улс орон  хөгжлөөрөө тэргүүлдэг. Сүүлийн зургаан жил бизнесийн орчин, хөрөнгө оруулалтыг сайжруулах бодлого боловсруулахад төвлөрч, илүүтэйгээр манай улсад эдийн засгаа өсгөж хөгжүүлэх ямар боломж, гарц байна, үүнд анхаарч ажиллалаа. Монгол Улс хөгжлийн гацаанаас салахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага бий. Өнөөдрийн засгийн газар тодорхой хэмжээнд энэ асуудалд анхаарч ажиллаж байгаа ч, алсдаа  хөрөнгө оруулалт хэрхэн татах талаар бодлого нь тодорхой биш байна.

Энэхүү бодлогын уялдаа, зангилаа нь хэд хэдэн зүйлээс шалтгаалдаг. Тодруулбал, бизнес хөрөнгө оруулалтын эко орчин буюу тогтолцоо нь сайн байх. Үүн дотроо гэрээний бүрэн хэрэгжилт, хуулийн засаглал, шударга шүүх байх ёстой. Шүүхээр шийдэгдэж буй хэрэг 1,6-10 гаруй жил үргэлжилж, удаан хугацаанд асуудал ужгирч, үүнээс улбаатай хөрөнгө оруулагчид үргэдэг юм. Иймд бизнесийн болон татвартай холбоотой маргааныг эв зүйгээр хурдан, шуурхай шийддэг тогтолцоо хэрэгтэй байна. 

Манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, уул уурхайн салбар нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах ганц боломжтой салбар. Гол нь хөрөнгө оруулагчдад хууль эрх зүйн орчин ойлгомжтой байж, уул уурхайн төслүүдийг харилцан ашигтайгаар хурдан шуурхай хэрэгжүүлж чадвал манай эдийн засаг болон ард иргэдийн амьдралд шууд эерэгээр нөлөөлнө.

Тухайлбал, Ашигт малтмалын тухай хууль эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, бодлоготойгоо уялдаж чадаж байна уу, манай улсын гадаад худалдааны бодлого ямар байна гэх мэт бусад хууль хоорондын уялдаа холбоо зөв сайн байх нь чухал юм. Миний хувьд Монгол дахь Америкийн Худалдааны Танхимын (АмЧам Монгол) Бодлого хариуцсан захирлаар ажилладаг. Манай худалдааны танхим Уул уурхай, Хөдөө аж ахуй, Цахим эдийн засаг гэх мэт салбар, салбарын 7 хороотой, үүний 6 хороог миний хувьд хариуцаж, ажилладаг.  Иймд тухайн салбарт ямар асуудал байна, үүнийг хэрхэн сайнаар шийдэж хөрөнгө оруулалт татах, мөн Засгийн газартай яаж хамтран ажиллах талаар илүү төвлөрч ажилладаг.

Г.Жавхлантөгс

Өнгөрсөн хугацаанд Хөрөнгө оруулалтын тухай, Ашигт малтмалын тухай, Зөвшөөрлийн тухай зэрэг хэдэн чухал хуулийн төсөл дээр саналаа оруулж ажиллалаа. 

Түүнчлэн шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулиар уул уурхайн салбарын ээлжийн ажилчдын ажиллах, амрах хоногийг 14/14  болгосонтой холбоотой дундаж цалин бодоход асуудал гарсан. Энэ талаар ХАХНХЯ-ны сайдад саналаа илэрхийлж, дундаж цалин бодох журамд өөрчлөлт оруулж, зах зээлийн зарчмаар  цалин олгох асуудал нааштайгаар шийдэгдсэн. Туркиш эйрлайнс компани Истанбул руу шууд нислэг хийдэг болж,  олон жил гацаанд байсан ажил шийдэгдсэн зэрэг манай танхимын зүгээс хийж, хэрэгжүүлж буй бодлогын нөлөөллийн  ажил их бий. 

Харамсалтай нь, Монгол улс 2022 оны авлигын төсөөллийн индексээр 180 орноос 116-т эрэмбэлэгдэж, сүүлийн таван жилийн хугацаанд авлигын оноо буурч, индекс нэмэгдсэн 10 орны тоонд багтсан. Түүнчлэн 2024 онд Монгол Улс ардчилалын индексээр өмнөх жилтэй харьцуулвал дахин дөрвөн байраар ухарч, 81 дүгээр байранд орсон байна. Энэ нь манай улсад хөрөнгө оруулалт татахаас гадна шинэчлэл хийх талбар олон байгааг харуулж байна. Төрийн албыг цомхон, Сингапур загвараар мэргэшсэн, өндөр бүтээмжтэй,  цахимжсан, шилэн төрийн албыг бий болгох шаардлагатай. Эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах рефорум хийх олон салбарууд байна. 

Цаашдаа өсөж, үрждэг нийгмийн даатгалын салбарын тогтолцоог бий болгохын тулд тэтгэврийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай.

Эдийн засгийн бүтэц нь хувийн хэвшилд тулгуурласан, хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажилладаг болвол олон нийтийн өмнө тулгамдсан түгжрэл, метро г.м. асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжтой. Олон улсад энэ жишгээр ажилладаг. 

УИХ-аар хэлэлцэх Эрдэс баялгийн сангийн тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлж, тэтгэврийн шинэчлэлтэй уяж, энэ асуудлыг шийдэх нь зөв. Өнгөрсөн хугацаанд маш олон авлига, хээл хахуулийн хэргүүд шалгагдсан ч үр дүн гарч байгаа эсэхэд эргэлзээтэй байна. Иргэд хуулийн засаглал сайжирч, хариуцлагын тогтолцоотой болж, хүн бүрд хууль тэгш үйлчилдэг, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүй шударга бус тогтолцоог өөрчлөхийг хүсэж байна. Уг нь төрд буй хүмүүсийг ард иргэд аж амьдралын сайжруулах бодлого боловсруулаарай гэж сонгосон. Гэтэл ингэж ажиллаж чадахгүй байна. Үүнд ард иргэд маш их шүүмжлэлтэй ханддаг. 

Бид хүсэж буй нийгмээ бүрдүүлэхэд шүүмжлээд суух биш, өөрсдөө оролцож, цаг хугацаа гаргаж, тодорхой золиосыг зориулж шинэчлэл хийх цаг болсон. 2024 оны сонгууль холимог тогтолцоогоор явагдана. Үр дүнд нь бодлого ярьдаг хүмүүс илүү түлхүү оролцож, намууд мөнгө төгрөг, эрх мэдлээрээ биш бодлогоороо өрсөлдөх боломж бүрдсэн гэж найдаж байгаа. Энэ бол том алхам. Бүсчилсэн хөгжлийн асуудал яригдаж байгаа нь дэвшил.

Миний хувьд цаашдаа бизнес, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эко тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, хавтгайруулсан халамжийг хэрхэн бууруулж, оновчтой болгох, утаа, түгжрэлийн асуудлыг хувийн хэвшлийн оролцоотойгоор хурдан шуурхай шийдвэрлэж, татварын таатай орчныг бүрдүүлэх зэрэг хүндээ ээлтэй, хөгжлийн бодлого боловсруулахад гар бие оролцох алсын хараатай ажиллаж байна.  

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn