Төр татвар бууруулж, зардлаа багасгаж чадвал бизнесийн салбар босож ирнэ
Б.Түвшин, УИХ-ын гишүүн
2024.08.19

Төр татвар бууруулж, зардлаа багасгаж чадвал бизнесийн салбар босож ирнэ

Иргэд болон ААН-нүүдийн чин хүсэл бол НДШ болон НӨАТ-ын шимтгэлийг бууруулах. Өмнөх парламентын үед Нийгмийн даатгалтай холбоотой багц хуулийг баталсан ч шимтгэл буураагүй. Харин Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжсөн, тэтгэврийн даатгалын олон давхаргат тогтолцоонд шилжсэн, Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй болоход чиглэсэн гэж хууль санаачлагчдын зүгээс тайлбарлаж байв.

Харин энэ парламентын хувьд ч НДШ болон НӨАТ-ын асуудал дахин сөхөгдөх бололтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль болон хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан, хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор Төсвийн байнгын хороо хуралдсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Түүний үзэж буйгаар, манай улсын төсвийн орлого ДНБ-ний 34 хувийг эзэлж байна. Мэдээж  зайлшгүй хөрөнгө оруулалтуудыг хийх нь зөв. Гэхдээ урд нь байгаа урсгал зардлаа хасаад зайлшгүй гэж байгаа шинэ хөрөнгө оруулалтуудаа зоригтой оруулж ирэх хэрэгтэй. Мөн ДНБ-ний 34 хувийг буулгахын тулд НӨАТ-ыг 50 хувь, НДШ-ийг тодорхой хязгаартай болгоод бусад үйл ажиллагаанаас авдаг татварыг хасаж чадвал бизнесийн салбар босож ирэх аж.

Б.Түвшин хэлэхдээ, “Үнэндээ бол бүх бизнесийн салбар НДШ болон НӨАТ-аас болоод сөхөрч унаж байна. Уул уурхайгаас бусад бүх бизнесийн салбар дуусаж байна. Хэрвээ татвар, шимтгэлийг дээрх маягаар буулгаад өгвөл бид төсвийн орлого 30 хувьдаа бариад, энэ орлогоор эдийн засгийг үр ашигтайгаар удирдах боломж бүрдэж байна.

Төсвийн хүрээний харьцаануудыг өөрчилж болохгүй, тогтвортой байдлын тухай хуулийг өөрчилж болохгүй. Ерөөсөө бүх зүйл зардал. Хөрөнгийн зардал эсвэл урсгал зардал гэх үү, сүүлийн үед бид маш гоёор нэрлэдэг болсон том төслийн зардал, хөрөнгө оруулалтын зардал гэж. Гэхдээ гарсан л бол, зарсан л бол бүгд зардал. Энэ ангиллууд нь хүний толгой хуурч байгаа юм шиг гэтэл эцсийн үр дүн байгаа.” гэсэн юм.

Том төсөл гэж юуг ойлгох вэ гэхээр үр өгөөжтэй, нийгэм, эдийн засагт ашигтай байх. Гэтэл гишүүд бүгд өөр өөрийнхөөрөө тайлбарладаг болчихсон. Гэтэл том төсөл болгон нийгэм, эдийн засагт ашигтай юм уу, салбартаа ашигтай юм уу. Эргээд өгөөжөө өгөх эсэхийг нь үнэлдэг мэргэжлийн байгууллагуудыг бид бойжуулж, үнэлэлт авдаг байхгүй болбол хэн уран цэцэн үгтэй, “банал”-тай нь бүх юм аа том төсөл, хөрөнгө оруулалт гэж тайлбарлан оруулж ирдэг ч эцэстээ Засгийн газрын өр л нэмэгдэж байдаг гэдгийг хэллээ.