2024.08.30

О.Батнайрамдал: Татвар төлөгчийн мөнгөөр зээл аваад, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх асуудал гаргаж болохгүй

Монгол Улсын Их Хурлын Ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.30/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

Нэгтгэсэн тайлан дээр 137 төрийн өмчит хуулийн этгээдээс, тэр дундаа 109 байгууллагаас хүүгийн санал, дүгнэлт гарчээ. Үүн дотроос 38 нь хязгаарлалттай дүгнэлт гарсан. 3/1 нь асуудалтай буюу хязгаарлалттай байна. Энэ 38 дотор боловсролын салбарт монголдоо хамгийн томд орох төрийн өмчит сургуулиуд болох МУИС, МУБИС, ТИС, ХААИС, СУИС гэх мэт бүгд оржээ. Энэ 5 сургуульд 50 мянга гаруй оюутнууд сурдаг буюу манай улсад суралцаж буй оюутнуудын 40 хувь нь. Энэ сургуулиуд дээр хязгаарлалтын асуудал яригдаж байгаа нь менежментийн талаар яригдах ёстой.

50 мянга гаруй оюутны ард бараг 100 мянга гаруй эцэг эх, үр хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөхөөр насаараа хураасан мөнгөө зарж байна. Ингээд хязгаарлалттай дүгнэлт гаргаад орхих уу, эсвэл төрийн өмчит сургуулиуд дээр менежментийн өөрчлөлт хийх юм уу. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангууд дээр аудитын дүгнэлт хийжээ. Энд 120 тэрбум төгрөгийн зөрчил яригдаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэжээ. Татвар төлөгчийн мөнгөөр зээл аваад хөөн хэлэлцэх хугацаань  дууссан гэх асуудлыг ойлгохгүй байна.

Түүний асуултад гишүүд хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn