АРДЧИЛСАН НИЙГЭМ, САЙН ЗАСАГЛАЛЫН ТУЛГУУР БАГАНА НЬ ИЛ ТОД БАЙДАЛ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Тогтвортой хөгжлийн Дэд хорооны дарга Б.Мөнхсоёл
2024.12.20

АРДЧИЛСАН НИЙГЭМ, САЙН ЗАСАГЛАЛЫН ТУЛГУУР БАГАНА НЬ ИЛ ТОД БАЙДАЛ

Эдийн засаг, улсын төсөв санхүүгийн менежментийн чиглэлээр олон жил судалгаа шинжилгээ хийж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, шийдвэр гаргах түвшинд бодлогын нөлөөллийн ажил хийж байсан туршлагатай. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байгуулагдахаас өмнө Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн захиалгаар “Төсвийн тогтвортой байдлын зөвлөл төсвийн сахилга батыг хангаж чадах уу” сэдэвтэй бодлогын зөвлөмж бүхий судалгааг англи хэл дээр хийж байлаа.

Энэ мэтчилэн мэдлэг, туршлага хуримтлуулсан экспертийн хувьд гишүүнээр сонгогдсоноос хойш УИХ-ын үйл ажиллагаа болон улс эх орны хөгжилд онцгой чухал үүрэгтэй Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн байнгын хороонд орж ажиллаж байна.

УИХ-ын гишүүнээр ажиллаж эхлээд зарим нэг ажлыг илүү оновчтой явуулах боломжтой байгааг ажиглаж, мэдэрсэн. Тухайлбал, байнгын хороодын ажлын явцыг одоо байгаагаас нь илүү өгөөжтэй, хэлэлцүүлгийг илүү чанартай, үр дүн өндөр байлгахад анхаарах шаардлагатайн дээр цаг хугацааны хувьд хуваарь буюу цагалбарыг эргэн харах хэрэгтэй санагдсан. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Үндэсний аудитын газраас гаргасан тайлангуудтай гишүүд уншиж танилцах, хэлэлцэх, тухайн байнгын хороод аливаа хуулийн төслийг бүхэлд нь сайтар уншиж танилцаж байж хэлэлцэх буюу илүү цаг хугацаа өгөх шаардлагатай байгааг анзаарсан. Мөн шинэ тутам гишүүдэд суралцах, туршлагажих зүйлс цөөнгүй байна. Миний хувьд төсвийн сахилга бат болон төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдийн зардал, үр ашгийн тооцоолол, эрэмбэ гэх мэт асуудлуудад төвлөрч ажиллахаар зорьж байна. Дараа дараагийн жилүүдийн төсвийн тухай хуулийн төслүүдэд илүү их цаг зарж, нарийвчилсан дүн шинжилгээ хийх, гишүүд хоорондоо хэлэлцэх, мэтгэлцэх зэргээр гүн орж ажиллах шаардлагатай. УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтран ТТБЗ болон ҮАГ-аас гаргасан тайлангуудыг тусгайлан хэлэлцэх саналыг УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах, шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлж, ажиллаж байна.

Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргаар саяхан сонгогдлоо. Энэхүү Дэд хорооны ажлын хүрээнд тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль, бодлого, хөтөлбөрт тусгах, салбар хоорондын уялдааг хангахыг дэмжиж ажиллахын зэрэгцээ Монгол Улсын ирээдүйн хөгжлийг бүтээгч хүүхдийн асуудлыг онцгой анхаарч ажиллах болно.

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТЭД ОНЦГОЙ АЧ ХОЛБОГДОЛТОЙ !

УИХ-ын даргын захирамжаар тавин дөрвөн хуулийн ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд миний бие Ашигт малтмалын тухай хууль, Монополын эсрэг хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Тамхины тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль болон Хүний эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар үе шатыг батлах ажлын хэсгүүдэд тус тус ажиллаж буй. Монгол Улсын экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын 25-30%-ийг бүрдүүлдэг манай эдийн засгийн тулгуур салбар бол уул уурхай, олборлох салбар гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Монгол Улсын богино болон дунд хугацааны орлогын гол эх үүсвэр нь уул уурхайн салбар байна гэдгийг олон улсын байгууллагуудын олон төрлийн судалгаануудад дурдсан байдаг.

Уул уурхайн салбараас олсон орлогоо зөв, оновчтой удирдаж, үр өгөөжтэй зарцуулж эдийн засгийн бусад салбаруудыг дэмжин, төрөлжүүлэхэд анхаарч ажиллах ёстой

Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг ашиглахдаа гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг хэрхэн татаж, тогтвортой, таатай бөгөөд хууль эрх зүйн зохистой орчныг бүрдүүлэх вэ гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Энэ нь хайгуул, ашиглалт, баяжуулалт гээд шат болгонд тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, АМНАТ, орон нутгийн зохицуулалт гэх мэт олон чухал асуудлыг зохистой шийдвэрлэх явдал юм.

Хөдөлмөрийн тухай хууль болон Монополын эсрэг тухай хууль нь угтаа хувийн секторыг дэмжих орчныг бүрдүүлэх бөгөөд аливаа ямар ч бизнесийн салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох тухай асуудлыг орхигдуулж болохгүй. Зах зээлийнхээ зарчмаар зөвхөн дотоодын гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийхэд тодорхойгүй байдал бага, харилцан ашигтай ажиллах боломжтой, цэвэр өрсөлдөөний дүрмээр зах зээлээ эзэлдэг байх орчныг бүрдүүлэх нь, шаардлагагүй тохиолдолд нэмэлт дарамт болох илүүц зохицуулалтгүй байх нь нэн чухал. Аль нэг тал нь байнга хожоотой байна гэж байдаггүй. Эс бөгөөс байнгын маргаан дагуулна л гэсэн үг. Аливаа ажилд, гэрээнд, хөрөнгө оруулалтад маргаан үүсээд ирэхээрээ л урагшилж өгдөггүй, үргэлжийн эрсдэлтэй, алдагдалтай, сенсацтай байдаг. Энэ мэт эдийн засаг, нийгэмд өндөр ач холбогдолтой асуудлуудад зохист орчныг бүрдүүлэхэд салбарын мэргэжилтнүүд, экспертүүд, удирдлагуудын мэдлэг, мэдээлэл, туршлага ихээхэн хэрэгтэй тул төрөл бүрийн хэлэлцүүлгүүдэд онцгой ач холбогдол өгч оролцоог бий болгоно.

Хөдөлмөрийн тухай хуульд олон жил яригдсан нэг өөрчлөлт орсон ч дахин засвар орох ёстой эсэх дээр хүсэлтүүд ирсэн. Бодит амьдралд хуулийн хэрэгжилт, нийцлийн байдал маш чухал байдаг. Уурхайн ажиллагсад 14/14 хоногоор ажиллах болсон нь амьдралын зохист харилцааг нь алдагдуулах, нийгмийн сөрөг үр дагавруудыг бий болгох, өрхийн орлого нь хумигдах, ААН-дэд зайлшгүй биш зардлуудыг үүсгэх гэх мэт сул талууд үүсэж байгааг зарим нь илэрхийлж байгаа бол нөгөө хэсэг нь харин ч эерэг байдал нэмэгдсэн талаар илэрхийлж буй. Судалж үзэж байж, талуудыг сонсож байж энэ асуудлыг эргэн харах нь зүйтэй юм. Хуульд орох ёстой чухал нэмэлт, өөрчлөлтөд залуусын ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлэх буюу цалин хөлсийг цагаар тооцох, тэтгэвэрт гарсан хүмүүсийн хөдөлмөрийн зах зээл дээрх зарим оролцоог идэвхжүүлэх зэргээс гадна НДШ гэх мэт давхардсан татвар, даатгал төлөлтийг эргэн харах шаардлагууд бий. Аливаа хууль эрх зүйн актад нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээнд суурилж ажиллана.

АРДЧИЛСАН НИЙГМИЙН АМИН СҮНС НЬ ИЛ ТОД БАЙДАЛ /Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Стиглиц /

Байгалийн баялгаас үүдэлтэй орлого олдог улс орнуудын хувьд засаглал нь тун чухал суурь асуудал байдаг. Бидний олон жил ярьсаар, жишээлсээр ирсэн байгалийн эрдэс баялагтай Африкийн улсууд их хэмжээний орлого олдог хэр нь хөгжил буурай, ажилгүйдэл, ядуурал ихтэй байдгийн гол шалтгаан нь засаглал тун муу, авлига ихтэй байдагт оршдог. Засаглал сайн байхад ил тод байдал нэн чухал. Мэдээлэл ил тод байх нь иргэдийн оролцоог бий болгох, талууд хоорондын буюу иргэдийн төрдөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, аливаа шийдэлд мэдээлэлтэй оролцох зэрэгт хөшүүрэг болно. Иргэний нийгэмд олон жил ажилласан, энэ салбарын төлөөлөл болохуйц хүний хувьд мөн эдгээр суурь зарчмын асуудлуудад анхаарна.

Хүний эрхийг хангах гэдэг бол аливаа ардчилсан, нээлттэй нийгмийн суурь эрх. Гэтэл өнөдөөр МУ-д зөвхөн бие физиологи бус оюун санаа, сэтгэл зүйн эрх ч маш сул хангагдаж байна гэж дүгнэж болно. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ярихын сацуу сошиал сүлжээгээр нэр, ус бүртгэлгүй зүсээ нуусан хэн нэгэн бусдын эрх, эрх чөлөө, нэр хүндэд ямар ч хариуцлагагүйгээр, санаатайгаар ёс зүйгүй, бүдүүлэг, хуурамч, худал мэдээллийг түгээж, гутаан доромжилж байгааг хууль эрх зүйн хүрээнд шинжлэн судалж, шийдэл гаргах цаг нь болсон гэдэгтэй санал нэг байна. “Төрийн нууц” гэх мэт нэрийн дор улстөрчид нэг нэгнээ агнах зэвсэг болгох аливаа боломжийг таслан зогсоох ёстой. Үүнд мөн ямагт анхаарал хандуулж ажиллах болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан