ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭХ ӨНДӨР УУЛЫН ОРОЙД МОНГОЛ ХҮН БАЙХ УЧИРТАЙ!
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд
2024.12.26

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ ГЭХ ӨНДӨР УУЛЫН ОРОЙД МОНГОЛ ХҮН БАЙХ УЧИРТАЙ!

Төрийн түшээ хүн хууль дээдлэх зарчмыг нэн тэргүүнд баримтлах ёстой. Хоёрт, бодлого боловсруулах, шийдвэр гаргах процесст оролцохдоо шуналаас ангид байж хувийн болон явцуу эрх ашиг, сонирхолд автахгүй байх нь нэн чухал. Иргэдийн бухимдлыг хамгийн ихээр төрүүлж, төрд итгэх итгэлийг унагаж байгаа нь авлига, хээл хахууль, тал тохоо татсан давхар стандартын тухай асуудал. Энэ нь төрийн хүн шуналаа хязгаарлаж чадахгүйн дээр зарчмаа алдсан байдлаас улбаатай.

Иймд миний бие төвийн бүсийн 200 гаран мянган иргэдийн итгэлийг хүлээсний хувьд төрийн үйл хэрэгт үндсэн хуулийн зарчим дээр хатуу зогсож, хуулийг дээдэлж, хулгай луйврын шинж чанартай үйлдэл, шийдвэр гаргалтаас ангид байна. Хэрэв урагшлах замд ийм зүйл тохиолдвол амаа үдүүлсэн мэт байх бус зарчмын байр сууриа илэрхийлээд явна.

Хүн төвт бодлогын оройд монгол хүн байхгүйгээс монголчуудын эрүүл мэнд, боловсролын асуудал хөсөр хаягдчихсан!

Нэгдүгээрт, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах, батлах, хэрэгжүүлэх ажилд онцгойлон анхаарч байна. Тодруулбал, УИХ-ын гишүүний тангаргаа өргөсний дараахан буюу 2024.07.10-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн тамгын газарт үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх зайлшгүй шаардлага бүхий 15 хуудас материалыг албан бичгээр илгээсэн. Үндэсний аюулгүй байдал нь нийтдээ зургаан салбар бодлоготой. Өнөөдөр монгол хүний эх орондоо эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх зөрчигдөж байна. Стандарт байхгүйгээс жилд зам тээврийн ослоор хагас мянгаас илүү хүн амь насаа алдаж, урьд хожид сонсогдож байгаагүй хачин, жигтэй өвчнөөр бага насны хүүхдүүдээс авхуулаад өвдөх боллоо. Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд дээгүүрт орж, хүнсний аюулгүй байдал, экологийн тэнцвэрт байдал, орчны аюулгүй байдал алдагдсан гэх зэрэг эрсдэлүүд бий болж байна. Жилдээ нэг их наяд гаруй төгрөг зөвхөн эрүүл мэндийн зардалд хилийн чанад руу урсаж байна. Тухайлбал, БНСУ-руу л гэхэд 200 гаран сая ам.доллар буюу 700 гаруй тэрбум төгрөг урсаж байх жишээний. Нэг ёсондоо, иргэд маань өөрсдийн орон байр, машин, бизнесээ зарж эрүүл болохын тулд гадагшаа үй олноороо тэмүүлж байна. Энэ бүхэн манай улсын эрүүл мэндийн тогтолцоо дампуурсан, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж муугаас үүдэлтэй. Түүнчлэн хөдөлмөрлөх насны залуус хэдэн мянгаараа хилийн чанадад аж төрж буй. Тэд хүний нутгаас аз жаргал хайж бус амьдралын эрхээр харь улсад эрүүл мэндээ золин байж ажиллаад эргээд эх нутагтаа ирэхэд нь инфляц, мөнгөний ханшийн уналтад нэрвэгдчихсэн эдийн засаг угтдаг. Монголд бизнес хийнэ гэдэг тэнэг эсхүл хатан зоригтой хүний хийх ажил болчихсон нь нууц биш. Учир нь нийт бизнесийнх нь талаас илүү нь төр тойрсон, эрх мэдэлтнүүдэд дулдуйдсан, тендер, шахаатай холбоотой болчихдог. Шударгаар ажил хийж, олсон орлогоороо амьдрах нь хэцүү учраас арга буюу албан тушаалтнуудад авлига өгдөг эсхүл тэдний дарамтыг сөрөхийн тулд бизнесээ дампууруулдаг нь гашуун үнэн. Энэ нь Монгол Улсын хүч тамир, ардчиллын амьд чанарыг султгаж, эх орондоо элбэг хангалуун, аз жаргалтай амьдрах нөхцөлийг боомилж буйн тод илрэл.Иймд, үндэсний аюулгүй байдал руу төвлөрч ажиллана гэдэг нь зөвхөн цэрэг цагдаа, онцгой статустай байгууллага, хурандаа, генералуудын хүрээнд яригддаг асуудал огт биш. Гагцхүү асуудлыг үндэс сууриар нь засаж, түүн дээрээ реформын шинж чанартай үйлдлүүд хийхгүй л бол нөхцөл байдал дээрдэхгүй!

Миний хувьд төсвийн хэлэлцүүлгийн үер зарчмын зөрүүтэй санал гаргасан. 2025 оны төсөв нь тухайн оныхоо хөгжлийн хөтөлбөрийг дагаж орж ирдэг. Аудитын байгууллага төсвийг ҮАБ-ын үзэл баримтлалд нийцэж буй эсэх дээр хяналт тогтоож, дүгнэлт гаргах ёстой. Гэтэл дүгнэлт гаргаагүй. Учир нь хэмжих нэгж байхгүй гэх. Үндэсний аюулгүй байдал буюу улсад тулгамдсан асуудлыг зөв эрэмбэлж түүндээ нийцсэн анагаах, нөхөн сэргээх, тамиржуулахад нь чиглэсэн эдийн засгийн бодлого явуулахын оронд хөгжлийн бодлого гэх нэртэй бичиг оруулж ирээд, араас нь хүслийн жагсаалт болох төсөв оруулдаг. Ингээд хэн бяртай, хэн улс төрд нөлөөтэй, харизматик нэгэн нь өөрийнхөө салбарт эсвэл тойрогтоо өндөр төсөв татдаг. Шинээр сонгогдож улс төрийн нөлөө нь бэхжиж амжаагүй, өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй эсхүл төсвийн нарийн мэдээлэлгүй гишүүд нь хол хаягддаг үйл явц харагдаж байна. Үүний ард шударга ёсны байдал алдагдаж, 21 аймаг, 330 сумын өнцөг булан бүрд суугаа иргэн бүрийн тэгш эрхтэй байх зарчим алдагдаж байна.

Монгол хүний амь нас, эрүүл мэнд, хөгжих боломжийг хангах эрх зүйн орчин хумигдсан нь үндэсний аюулгүй байдалд аюулын харанга дэлдээд буйн илрэл!

Хоёрдугаарт, Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ 193 улсаас 96-д байна. Үүнийгээ дагаад өрсөлдөх чадварын индекс ч хойшилсон. Транспэрэнси Интернэшнл байгууллагын жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексийн үзүүлэлтэд сүүлийн найман жилд 50-60 байраар ухарчихсан. Шинээр бүрдсэн засаг бүрэн эрхийнхээ хугацаанд дээрх байдлыг ахиулна гэдэг. Гэтэл өнөөдрийн эдийн засгийн барьж буй алхам, төсөв дээр барьж буй бодлого нь хоорондоо уялдахгүй байна. Хөгжлийн хөтөлбөрт, нэгт эдийн засгаа бэхжүүлэх, хоёрт бүсчилсэн хөгжлийг дэмжих, гуравт монгол хүн, дөрөвт монгол хүний эрх чөлөө гэж орж ирсэн. Миний зүгээс зарчмын байр суурийн хүрээнд, нэгт монгол хүн, хүний эрх, эрх чөлөө, төсөв тэгээд араас нь бүсчилсэн хөгжил гэсэн загварыг санал болгосон ч дэмжигдээгүй. Хүний эрхийн асуудал нь зөвхөн цагдаа болон ХЭҮК-т очсон өргөдөл түүгээр хэмжигдэх зүйл биш юм. Энэ нь маш өргөн хүрээний том ойлголт.

Гуравдугаарт, Бид цахим хөгжлийн яамтай болж, и-монголыг ч хэрэгжүүлсэн. Төрийн үйлчилгээг иргэдэд ойр байлгаж, хүнд суртлыг бууруулах хүрээнд улс төрчид маань Эстони болон скандинавын орнуудад очиж судалгааг нэлээдгүй хийсэн байх. Цахимын давуу тал нь төр-иргэнийг түргэн шуурхай холбож, төрийн хүнд суртал, данхар бүтцийг багасгах тухай ойлголт авч өнөөдөр энэхүү ажил нь зөвхөн зорилтын шатандаа явж байна. Аливаа үйл ажиллагааг цахимжуулах нь хувь хүний дур сонирхол, субьектив хандлага, шуналд хязгаар тавьдаг. Нэг ёсондоо, авлигыг бууруулахад цахим засаглал асар том нөлөөтэй. Иймд төрийг цомхон бас чадварлаг байлгахын тулд нэн тэргүүнд цахимжуулах шаардлагатай.

Ийн парламентын гишүүний бүрэн эрхийн хугацаанд дээрх гурван зүйлс нь миний урт хугацаандаа баримтлах үндсэн бодлого байх болно. Мэдээж нийгмийнхээ орчилд аж төрж буй хувь хүн, хүний хань, хүүхдээ сургуульд зөөдөг аав, эмнэлгээр үйлчлүүлдэг иргэний хувьд бодож санасан зүйлс ч цөөнгүй байна. Үүн дотроо монгол үндэстний оюун санааны тусгаар тогтнол, аюулгүй байдал, соёлын дархлаа, монголчуудын бахархал, дэлхий дахин дахь ондоошил, монгол хүний дэлхийд өрсөлдөх үнэт зүйл, өрсөлдөх чадвар түвшин гээд асуудлуудад хууль тогтоогчийн хувиар анхаарах ёстой.

Дашрамд, 2024-2028 он хүртэлх УИХ-ын стратеги, батлах ажлын хэсэгт ажиллаж буйг хэлэх нь зүйтэй. Ингэхдээ нэлээд хүчтэй дуу хоолойгоо илэрхийлж ажиллана. Энэ удаагийн парламент цаашид хүн төвт бодлогыг хэрэгжүүлэх, санаачилга дээрээ хатуу зогсох нь чухал байна. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг эх орондоо цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно гэж үндсэн хуульд заасан. Харамсалтай нь хүмүүнлэг чанар нь хаана байна! Нийгэмд аймшигт гэмт хэргүүд шилээ даран гарах боллоо. Хүмүүс харгис, хэрцгий мэдээллийг сурталчилж, монгол хүн монгол хүнээ гутааж, мууг нь үздэг нийгмийн харанхуйлал асар хүчтэй сүүдэртэж байна. Үүнээс гарахын тулд гэгээрэл, соёл боловсрол, нинжин сэтгэл, нийгэмд үзүүлэх шашны үр нөлөө, улс төрчдийн ёс зүйтэй манлайллыг авчрах чухал зүйл нь “ил тод, нээлттэй” байх явдал юм.

Парламентын гишүүнээр дахиад сонгогдохын тулд хумсаа нуусан муур мэт арьсаа хамгаалж, нөлөө бүхий дарга нарын үгнээс айж, кноп дардаг байж болохгүй. Үзэн ядагдахаас айхгүйгээр урагшлах ёстой! Түр зуурын дуулиан босгож, асуудлыг уг, үндсээр нь судлан ойлгож, шийдлээ цогцоор нь ухамсарлаж төлөвлөхгүй, сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж “гэнэт гялбах од” мэт байж хэрхэвч болохгүй. Мянга, мянган жилээр өртөөлсөн монгол төрийн алтан аргамжинд түшиг тулгуур нь болж, тулгамдаад буй асуудлыг углуургаар нь судалж, уртын хугацаандаа эрүүл зөв, нээлттэй, ил тод шийдвэр гаргах талд зогсох нь улс төрч хүний зарчим бөгөөд эрхэмлэвэл зохих үнэт зүйл хэмээн хардаг.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан