
Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 768 стандартаас 20 хувь нь шаардлага хангаж байна
Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Өнөөдөр үдээс хойно “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал хэлэлцүүлгийн эхэнд ажлын хэсгийн танилцуулгыг хийж, Мэргэжлийн салбарынхантай асуудлыг шийдвэрлэх чиглэлээр нээлттэй ярилцаж, асуудал, шийдлийг эрж байна. Манай улсад 6700 стандарт хэрэгжиж байгаагаас 768 нь эрүүл мэндийн салбарт хэрэгждэг бөгөөд 20 хувь нь шаардлага хангаж байна. Харин үлдсэн хувийг нь өөрчлөх болон шинэчлэх шаардлагатай гэсэн үнэлгээг 2022 онд хийсэн гэдгийг онцоллоо.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Өнөөдрийн хэлэлцүүлэгт олон хүн ирсэн байна. Өнгөрсөн хугацаанд хяналт шалгалт хийж хариуцлага тооцох тогтолцоо хэрэгжиж байснаас биш асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах боломж бидэнд бага байсан. Шинэчлэх шаардлагатай олон асуудал бий. Эрүүл мэндийн салбар онцлогтой учир хэлэлцүүлэгэт оролцогчид гарц, шийдлийн талаар чөлөөтэй санал бодлоо илэрхийлэхийг хүсье гэв.
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг боловсруулан нийтэд танилцуулна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан