УИХ-ын чуулганы 2025/05/26 ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Булгантуяа асуулт асууж, үг хэлэв. Эдийн засаг, бодлого төлөвлөлтийн яамтай болсных хөгжлийн бодлого төлөвлөлтийн реформыг хийхгүй юм уу? Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эдийн засаг, стратегийн хөрөнгө оруулалтууд дээр боомт, бүсийн томоохон замууд, үндэсний аюулгүй байдлыг хангах, байгаль орчин, батлах хамгаалах, хэл соёлтой холбоотой хөрөнгө оруулалтууд гээд 3 ангилмаар байна. Өмнөх парламентад Баянхонгор дээр тавьсан хөрөнгө оруулалт нь бүс нутгийн хэмжээний хөрөнгө оруулалт байсан. Гэтэл Баянхонгорын хөрөнгө оруулалт нь их өндөр юм шиг харагдаад байдаг. Энэ нь тухайн бүс нутгаар дамжин өнгөрч байгаа зам байгаад байдаг. Тиймээс бид үүнийг ялгаж салгахгүй бол сургууль, цэцэрлэг, боомт, цэвэрлэх байгууламж зэрэг хамаг юм нь холилцоод яваад байхаар чанарын ялгаа гаргаж чадахгүй хөрөнгө оруулалтаа хооронд нь ялгаж чадахгүй байна. Төсвийн алдагдал, эдийн засгийн өсөлт гэдэг хэдэн тоонуудаасаа гарч томоор харахгүй бол болохгүй байна. Австрали улс 3 Пи гэж хүн амын өсөлт, ажиллах хүчний оролцооны түвшин, бүтээмжээ хардаг. Манайх энэ 3 тоогоо урт хугацаанд аваад үзэхээр санаа зовмоор үзүүлэлт гарч байна. Хүн ам өсөж байгаа мөртөө бүтээмж муутай. Нөгөө талаараа ажиллах хүчний оролцооны түвшин буураад байна гэдэг нь төр бүх зүйл рүү орохоос өөр аргагүй байдал руу яваад байна. Үүнд анхаараач ээ. Сая Идэрбат гишүүн асуугаад хариулт авч чадаагүй. Тэтгэврийн зээлийн асуудлыг хэзээ шийдэх вэ? Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны, төрийн нарийн бичгийн дарга хариулна уу? Та нар хамаг мөнгөө банканд байршуулаад алдсан юм биш үү? Яг хэдээс хэдэн оны хооронд хэдэн төгрөг байршуулсан бэ? Хэдийнх нь авлагын асуудал өнөөдөр яригдаж байгаа вэ? Гэдгийг нарийн тооцоолж хэлнэ үү? Түүний асуултад, Монгол банкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хариуллаа.
УИХ-дахь Төсвийн байнгын хороо 2025.05.21-ний өдөр хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцлээ /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, асууж байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Төрийн албаны орон тоо, урсгал зардал сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэн гэдэг асуудлыг ярьж байна. Орон тоог УИХ руу нэмэх асуудлыг хэн боловсруулж оруулж ирээд байна гэхээр улсын төсөв дээр салбарын сайд байгуулгуудын саналаар сангийн яам хянаж байгаа. Би салбарын сайдуудыг ойлгож байгаа. Мэдээж орон тоогоо нэмье, урсгал зардлаа нэмье, байшин саваа засъя, барилга байгууламж барья, тоног төхөөрөмж нэмье гэдэг эрх ашиг, дуу хоолойг ирүүлнэ. Харин энийг хянаж том зургаар нь харж байх ёстой газар бол сангийн яам байгаа. Өнгөрсөн оны төсөв ярьж байхад өөдрөг юм ярьж байсан. Сая эдийн засгийн хөгжлийн яам хэлж байна. Орон тоо хамгийн их нэмэгдсэн салбар бол төрийн тусгай алба байна гэсэн. Орон тоо өнгөрсөн жилд 70 хувиар нэмэгдсэн гэж байна. Хулгай их байна гээд цагдаа болон цэргийнхээ тоог нэмээд байсан юм байна. Тэгээд хулгай буурсан уу үгүй юу? Сангийн яам өөрсдөө хулгайчид болохоор цагдаагаар авилгадаад байгаа юм уу? Хуулийнхан чих зөөлөн болсон юм уу, төмсөгдүүлчихсэн юм уу? Хуулийнхан үүнийг ашиглаж орон тоо нэмэгдүүлдэг болсон юм уу. Би төсвийн асуудал дээр ярьсан. Яагаад гүйцэтгэлээр хумигдаж байгаа газар дахиад 1000 нэмээд оруулж ирээд байгаа юм бэ гэсэн асуудал тавьж байсан. Одоо бодит үнэнтэй нүүр тулаад төрийн албыг нийтээр нь 9 хувь цомхотгоё гэж ярьж байна. Зарим байнгын хорооны гишүүд уйлсан уу. Салбарынхаа эрх ашгийг хамгаална. Манай салбарыг яах гэж байна. Орон тоог нь нэмэх ёстой, бичиг цаасаа нэмэх ёстой гээд. Сайд гудамжинд гараад эргүүл хийхгүй юу гэсэн. Тэгж доромжилж болохгүй шүү. Бодит үнэнтэй нүүр тулсан Шүүхийн ерөнхий газрын даргаас дахиад асууя. Монгол улсын шүүх 300 гаруй шүүгчтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба 2 жилийн өмнө 20-иодхон хүнтэй байсан шүү. Одоо 109 хүнтэй болсон байна. Энэ хурдаараа шүүгч нараасаа давах нь байна шүү. Шүүгчийн сонгон шалгаруулдаг ажлын алба нь Монгол Улс 300 гаруй шүүгчтэй байхад 100 гараад явсан гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Нэг хүнийг сонгон шалгаруулахын тулд 10 хүн ажиллах юм уу. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг 10 оронтой болгоё гээд Үндсэн хуульдаа тусгаад байгаа. Тэгэхэд ажлын алба нь 100 гарсан. Энэ арай хэтэрч байна. Та нар тасганы овооны байрандаа багтаж байгаа юм уу? Ажлын албандаа шинээр өргөтгөл барина, багтахгүй байна гэж орж ирэх юм байна. Тэгэхээр энэ урсгал зардал танагдана. Эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам хоёр бодитойгоор хасаж урсгал зардлаа хас. Үгүй бол УИХ хүчээр хасна. Төрийн урсгал зардал, орон тоог хамгийн багадаа 30-40 хувь хасна. Ирэх онд байнгын хороо дээр урсгал зардал, орон тоог нэмүүлэх асуудал нэг ч орж ирэхгүй, хасах тухай л асуудал ярина. Татвар нэмээд байдаг тэр татвар нь юу болоод байгаа эсэргүүцэж жагсаж байна. Төр нь дүлий болсон байна. Төр, ард түмний итгэл байхгүй байна. Итгэл байхгүй бол бүх юм нурж унана. Тийм учраас хууль сахиулахын салбарынхан янз бүрийн байдлаар урсгал зардал, орон тоо нэмүүлэхтэй холбоотой нэг ч УИХ-ын гишүүнд лобби хийхийг зөвшөөрөхгүй. Төсвийн тодотголын үеэр улсын урсгал зардлыг хасъя гэхэд нэг гишүүн рүү хамгийн багадаа 3 хүнээр яриулж байсан. Би үүнийг төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хурал дээр хэлсэн. Гишүүдээ боль. Ард түмний талд бай. Та нар хуулийн байгууллагын лоббигоор төмсөгдүүлээгүй юм бол тансаглахыг нь нэмж өгөхөө боль гэдэг асуудлыг тавьж байсан. Тийм учраас энэ тал дээр ямар байр суурьтай байна? гэж Сангийн яамнаас асуумаар байна. Түүний асуултад, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж хариуллаа.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо /2025.05.21/-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Хэрлэн: 2026 оны төлөвлөгөөнд Соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн ганцхан хөтөлбөр орж ирсэн байгаа нь салбарын хувьд үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хангалттай юу? Миний бодлоор 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан хөтөлбөр гэдэг бол санхүүжилтийн гол шийдвэр үүн дээр тулгуурлаж гарч байгаа байх.Үүнтэй холбогдуулж соёл урлагийн салбарын тухайд ердөө ганцхан хөтөлбөрөөр явж байгаа юу? гэдгийг тодруулж асуух гэсэн юм. Түүний асуултад, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Эдийн засаг,хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар хариуллаа.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо /2025.05.21/-ний өдөр хуралдлаа. Уг хуралдаанар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа: Ж.Галбадрах гишүүн судалгаатай зүйл хийсэн байна. Багш нар орчин нөхцөл муутайгаас биш багшийн ажлын байрны хомсдолоос гаргах, ажиллуулах гол хөшүүрэг бол цалин юм. Цалингаа нэмье гээд ярихаар би буруутан болоод байна. Би мэдэхгүй байж мэддэг юм шиг царайлж юм ярих дургүй. Багш нар бодит байдал дээр цалингаас болж ажлаа хаяж байгаа. Тэрнээс биш орчин нөхцөл голоод зиндаархсан зүйл байхгүй. Амьдралын баталгаа болсон цалин байхгүй, орон сууц авах ипотекийн зээлд хамрагдах гэхээр цалин хүрэхгүй. Боловсролыг төлөөлж байгаа УИХ-ын эрхэм гишүүдээс хүсэх ганц зүйл байна. Бид олон гоё зүйл яриад байж болно, янз бүрийн ппт тавиад, янз бүрийн судалгаа хийгээд яваад байж болно. Тэглээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Цалин нэмж байж л бүх асуудал шийдэгдэнэ гэдгийг бүх гишүүд ойлгоорой. 2017 оноос хойш л багшийн цалин ярьсан. Одоо худлаа хэлсэн хүнд 10 жил ярьж байна. Ичмээр байна. Ялангуяа боловсролыг төлөөлж байгаа бид 2028 онд юу ярьж багш нарынхаа өмнө зогсож байх юм. Энд байгаа гишүүд эв санаагаа нэгтгээд багшийн цалин нэмэх асуудал дээр анхаармаар байна. Ганц би цалин яриад байхаар сүүлдээ улиг домог болж байна. Багшийн ажлын хомсдол, сурах бичгийн алдаа дутагдал гэх мэт алдаа дутагдал байгаа. Хамгийн чухал нь цалин өсвөл сайн хүүхдүүд орж ирнэ. Боловсролын салбарт өрсөлдөөн бий болно. Одоо ямар ч өрсөлдөөн байхгүй. Өрсөлдөөнгүйн гол шалтгаан бол цалин юм. 12 дугаар ангийн сайн дүнтэй хүүхдүүд сарын 1,400,000 төгрөгийн цалин авах гэж юу гэж өрсөлдөх юм бэ? Цалингаа л ярья. Цалинг яаж нэмэх вэ? 10000 багш ажил хаях уу. Боловсролын салбараас яваад бүгд Солонгост очлоо. Дахин 10000 багшийн хомсдолд оръё. Тэгээд сурах бичиг, хөтөлбөр, сургалтын орчноо яриад байх юм уу? Багш нарын нийгмийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэж байж дараагийн зүйлийг яримаар байна.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ./ Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 2026 оны төсвийг яаж төсөөлж байна вэ гэж чуулган дээр асуусан. Энэ жилийн бидний гол алдаа бол орлогоо хэт их төсөвлөсөн. Гишүүд алдагдалгүй төсөв гэж их шуурсан болохоос биш орлогыг анхаараагүй. Энэ төлөвлөгөө дээр ажлын хэсэг гараагүй юу? 2026 онд ямар орлого орох гээд байгаа вэ? Маш сайн төлөвлөх хэрэгтэй байна. Алт, шороон орд Монгол Улсад эрс багассан. Одооноос тусгай хамгаалалтай газар эсвэл гол ус руугаа л орох гэж байгаа юм шиг байна лээ. Гол, усыг 2014 онд өөрчлөлт оруулаад авцан юм шиг байна лээ. Ялангуяа Оюу-Толгойн зэс бол мөнгө биш. Тодорхой хэмжээний татварын орлого л орох байх. Татварын орлого АМНАТ нь хязгаарлагдмал буюу 5 хувиас ихсэхгүй. 2026 оны орлогоо яаж төлөвлөж байгаа вэ? 2026 оны орлогоо зөв төлөвлөөрэй. Илүү орлого олоод байвал уг нь их сайн. Чадахгүй байж баахан том том юм төлөвлөдөг. Энэ нь улсаа дампууруулдаг. Нүүрсийг хэт их төлөвлөсөн. 2024 оны төлөвлөгөө хэлэлцэж байхад би нүүрсийг 70 дээр орхичих гээд зөндөө хэлсэн. Хэрвээ биелсэн бол доллар ч өсөхгүй байх магадлалтай байсан. 2026 оны улсыг хөгжүүлэх төлөвлөгөө, төслүүд багасгаж чадсан уу? Түүний асуултад, Эдийн засгийн яамны, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хариуллаа.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.21/ хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /-ийг хэлэлцүүллээ. УИХ-ын гишүүн П.Батчимэг: Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай орж ирж байна. Хүнсний хангамж, хүртээмж яриад байдаг тэгтэл аюулгүй байдал гэдгийг орхигдуулаад. Монгол хүний эрүүл амьдрах, эрүүл явах энэ нөхцөл байдал өдрөөс өдөрт дордсон байдалд орсныг өнөөдөр хүнс, хөдөө аж ахуйн яам мэргэжлийн яамны хувьд хүлээн зөвшөөрч байгаа юу? Улаанбаатар хотод ганцхан лабораторитой. Үүний хүртээмж, хүчин чадал маш муу. Тийм учраас Улаанбаатар хотод нэгдсэн үндэсний хэмжээний хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, шинжилгээний үндсэн лабораторитой болох арга хэмжээг авах төлөвлөгөө байгаа юу? Хүнсний хувьсгал, цагаан алт, шинэ хоршоо энэ олон хөтөлбөрүүд дээр гарсан хэдэн их наядаар тооцох энэ их зээлийг хүнс, хөдөө аж ахуйн яамнаас намрын чуулганд их хурлын гишүүд болон Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд зээлийн эргэн төлөлт, зээл олгосон байгууллага, түүний эрэмбийн талаар тодорхой мэдээлэл хийх хүсэлтэй байна. Яагаад зээл зарим газартаа хүртээмжгүй байдаг юм. Зарим бүсүүдэд яагаад бага байдаг юм. Үүний учир шалтгааныг тайлбарлаж, намрын чуулган дээр мэдээлэл хийх бодолтой байна уу? Бид хүнсний аюулгүй байдал алдагдаж байна гэж ярьж байгаа боловч ажил хэрэг болгож төрийн бодлогын төвшинд арга хэмжээ авахгүй байгаад харамсаж байна.2026 оны төсөв хэлэлцэхэд дэлхийн стандартад нийцсэн Үндэсний лабораторийг Улаанбаатар хотод байгуулах ажлыг бодлого болгон боловсруулж салбар яамны сайд оруулж ирэх хэрэгтэй. Түүний асуултад, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.