2025.05.21

Б.Баярбаатар: Үнэхээр зардал хэмнэж, таная гэвэл данхар бүтцээ бууруулж, олон дарга, түр орлон гүйцэтгэгч нараа цөөл

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны /2025.05.20/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:

Өнөөдөр багш эмч нараас гадна 73 мянган төрийн албан хаагч байна. Энэний 9% гэхээр бараг 7 мянган төрийн албан хаагч. 2026 онд энэ тооны, хэмжээний төрийн албан хаагч ажлаасаа чөлөөлөгдөх юм байна. Энэ төлөвлөгөө хэрэгжих ёстой бид нар баталсан тохиолдолд хэрэгжүүлэхийн тулд ажиллана. Төрийн албан хаагчийг цомхотгоно гэдэг асуудлаа байгууллагууд руу шууд тэдэн тооны квот өгөөд, танай байгууллагаас тэдэн хүн цомхотго гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй шүү. Энэ тусгаар улс гэдэг чинь төртэй, төр нь төрийн албан хаагчтай байдаг юм. Төрийн албан хаагч нь төрдөө үйлчилдэг. Төр нь төрийн албан хаагчаа нийгмийн баталгааг нь хангадаг юм. Энэний цаад агуулга нь өөрөө энэ төрд итгэх итгэлийн асуудал байгаа. Өнөөдөр үнэхээр эдийн засгийн хувьд хэмнэх гээд байгаа бол энэ урсгал зардлуудаа хэмнэ.

Заавал нэг хүнийг амьдралаас нь салгаж яах гэсэн юм, ийм төлөвлөгөө оруулж ирээд. Цогцоор нь асуудалд хандъя гэдэг байдлаар асуудлааярьж явах ёстой, гэтэл энд тэндээс нэг шүд сугалж байгаа юм шиг ийм төлөвлөгөө оруулж ирээд байх юм. Иймэрхүү байдлаар төлөвлөгөө боловсруулж ороод ирэхээр, дараа дараагийн үр дүнгүүд нь 50 байтугай хувь руугаа доошоо буугаад орно. Энэ чинь хэрэгжихгүй. Тэгээд хэрэгжихгүй юмыг бид нар энд хэлэлцэж, цагаа үрээд бас яах юм. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бодох ёстой. Энэ олон дарга нараа цөөл, түр орлон гүйцэтгэгч нараа цөөл дарга л болохгүй бол ажил хийж болохоо байчихсан, ийм цаг үед амьдраад байгаа юм шиг ийм нөхцөл байдал тулгамдаад байгаа шүү.

Эдийн засаг хөгжлийн яам үнэхээр эдийн засгийнхаа хувьд зардал хэмнэлт, асуудал юмнууд дээр танаж байгаа бол, хүн ажлаас чөлөөлөх биш данхар бүтцээ бууруул. Өнөөдөр ганцхан тохиолдолд төрийн албан хаагчийг чөлөөлж болно. Тэр бол ерөөсөө аттестатчилал явуулах байхгүй юу. Чадамжийн асуудал дээр л тулна. Өнөөдөр төрийн албанд тэнцэж байна уу үгүй юу гэдгийг л тэр тодорхой хугацаанд аттестатчилал хийдэг л байх ёстой.

Сэтгүүлч

. Ц.Соёлмаа