СҮХБААТАР ДҮҮРЭГТ 720 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ 2025 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА
2024.07.22
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

СҮХБААТАР ДҮҮРЭГТ 720 АЙЛЫН ОРОН СУУЦЫГ 2025 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй.

Иргэдийн эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд тус хорооны 1,2,3,4,6,9,10 дугаар байрыг нурааж долоон блок, 16 давхар, үйлчилгээний талбай, бүрэн тохижилттой ногоон байгууламж бүхий 720 айлын орон сууцны төслийг ‘’Мөнх ариун булаг” ХХК-иар гүйцэтгүүлж байна.
Тус төслийн хүрээнд өмнө нь халуун усгүй, гадаа жорлонтой хүндхэн нөхцөлд амьдарч байсан 300 орчим өрх айл ая тухтай, стандартын шаардлага хангасан орон сууцад амьдрах боломж бүрдэх аж.
Түүнчлэн тухайн байршилд долоон давхар 140 машины нэгдсэн зогсоолыг нэмэлтээр төлөвлөсөн юм.
Ташрамд, тус барилгын инженерийн дэд бүтцийн ажил нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн.
Эхний гурван блок барилгын гадна фасадын ажил эхэлсэн бөгөөд ирэх 2025 оны дөрөвдүгээр улиралд долоон блок 720 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ