Улаан.Ч 2012.12.05 | Сайт: Vip76.mn

Сангийн сайд Ч.Улаан: Чамлах биш чанга атгах хэрэгтэй

Сангийн сайд Ч.Улаан: Чамлах биш чанга атгах хэрэгтэй
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан

-Засгийн газрын 100 хоногт амжуулсан чухал асуудлын нэг нь олон улсын зах зээлд 5 тэрбум ам.долларын бонд гаргасан явдал байсан. Гэхдээ эдийн засагчдын зүгээс бондын хүү өндөр байна гэсэн шүүмжлэл гарч байгаа юм. Эдийн засагт хүү 3,5-аас хэтэрвэл монголд ашиггүй гэсэн дүгнэлт байдаг. Энэ дээр та ямар тайлбар хийх вэ?

Монгол улсад засгийн газрын шугамаар авч ашиглах хөнгөлөлттэй зээл тусламжийн хүү 3 хувь дотор багтаж байвал үр ашигтай гэсэн эдийн засгийн дүгнэлт байдаг. Засгийн газрын шугамаар авч байгаа ийм хөнгөлөлттэй зээл тусламжууд ихэвчлэн нийгмийн салбарыг хөгжүүлэх, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх төрийн болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн  байдаг юм.

Харин одоо авч байгаа бондын эх үүсвэр эдийн засгийн өндөр үр ашигтай төсөлд очно гэдгээрээ ялгаатай. Хоёр өөр зориулалтаар ашиглагдахаар байгаа биз дээ. Өндөр үр ашиг өгдөг үйлдвэрт очиж байгаа зээлийг нийгмийн салбар эмнэлэг, сургууль цэцэрлэгт очдог зээлтэй харьцуулж дүгнэлт хийж болохгүй.

Өндөр үр ашиг өгөх үйлдвэрийн зээлийг эмнэлэг, сургууль цэцэрлэгт очдог зээлтэй харьцуулж  болохгүй.

-Гэхдээ зээлийн хүү өндөр байгааг Ардын намын зүгээс ч шүүмжилж байгаа шүү дээ?

Бусад улс орнуудтай харьцуулж үзэх хэрэгтэй. Сая бидэнтэй хамт Шриланка улс бондоо арилжсан.  Таван жилийн хугацаатай, бондын хүү нь 5 хувь байсан. Харин  Британи улс 1 тэрбум долларын бонд гаргасан. Жилийн хүү нь 7,8 хувийн хүүтэй гарч байна.

Ганцхан жилийн өмнө Хөгжлийн банкны үнэт цаас таван жилийн хугацаатай, 5,75 хувийн хүүтэй гарсан. Сая бидний борлуулсан таван жилийн хугацаатай үнэт цаасны хүү 4,125 хувийн хүүтэй байгаа. Бид чамлах биш чанга атгах хэрэгтэй. Үр дүнтэй л ашиглаж чадвал үүнээс илүү үр өгөөжийг нь хүртэх бололцоотой.

Ярилцсанд баярлалаа.