“Тэтгэврийг хэрхэн өвлүүлэхийг УИХ шийднэ”
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2014.01.17

“Тэтгэврийг хэрхэн өвлүүлэхийг УИХ шийднэ”

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлээд байгаа.

Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж буй юм. Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.

-Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан нөхцөлд өвлөгч нь 100 хувь тэтгэврийг нь давхар авна гэсэн үг үү. Яг хэний эрх ашгийг илүү хамгаалах вэ?

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл бол хамгийн бага орлоготой хэсэгт чиглэнэ гэж ойлгож болно. Иргэд маань насаараа ажиллаад, тэтгэврээ тогтоолгоод амьдарч байтал өрх гэрийн нэг нь хорвоогийн мөнх бусыг үзэхээр үлдэж байгаа тэтгэвэр авагч сэтгэл зүйн дарамтад орохоос гадна санхүү эдийн засгийн эрсдэлд ордог. Тийм учраас нас барсан хүнийх нь тэтгэврийн 50, 70, 100 хувь юм уу тодорхой хувийг гэр бүлийнх нь хүнд өвлүүлж өгөх зорилготой. Тэтгэврийн хэдэн хувийг өвлүүлэх вэ гэдгийг УИХ эцэслэн шийднэ. Төсөл санаачлагчдын хувьд 50, 70, 100 хувь хүртэл байх боломжтой гэсэн хувилбар оруулж ирсэн байгаа.

-Хамтын тэтгэвэр авах нөхцөл үүсэхэд тодорхой шалгуур зааж буй байх. Энэ тухайд?

-Гол шалгуур нь 20-иос дээш жил Нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн, 10-аас дээш жил хамтдаа амьдарсан зэрэг шалгуур тавигдана.

-Үр хүүхдэд нь тэтгэврийг өвлүүлэх боломж бий юу?

Ахмад настнуудын тэтгэврийг үр хүүхдэд нь өвлүүлэх юм бол дахиад халамжийн тогтолцоонд шилжинэ.

-Ахмад настнуудын тэтгэврийг үр хүүхдэд нь өвлүүлэх юм бол дахиад халамжийн тогтолцоонд шилжинэ. Үр хүүхдүүд ажил хийх дургүй болно. Шинэчлэлийн Засгийн газраас барьж байгаа бодлого бол зорилтот бүлэг рүүгээ халамжийг чиглүүлэх. Тийм учраас ажил хийх чадвартай үр хүүхэд ажлаа л хийх ёстой. Амьдралыг харж байхад ээж, аавынхаа тэтгэврээр амьдарч байгаа иргэд цөөнгүй бий. Гэхдээ тэд ид хөдөлмөрийн насандаа ажиллаж, хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой шүү дээ.

Ер нь хамтын тэтгэвэр авах харилцаа үүсэхгүй хэсэгт хэн хамаарах вэ гэхээр үр хүүхдээс гадна улсад ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэн Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдахгүй гэж ойлгох хэрэгтэй. Түүнчлэн Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай энэ хуулийн төслийг адилтган ойлгож болохгүй.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн зорилго зөв ч Нийгмийн даатгалын сан ачааллыг нь даах уу гэх асуудал үүсч болзошгүй. Тэр тусмаа өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуус ирээдүйд тэтгэвэргүй суувал яах вэ. НДС-д сар бүр шимтгэл төлдөг ч хий бичилт хийгдээд явж байгаа. Энэ эрсдлийг хэрхэн тооцоолсон байдаг юм бол. Нөгөө талдаа улсын төсөвт бас ачаалал үүрүүлж болзошгүй харагдах?

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд энэ асуудалтай холбоотойгоор бүх төрлийн судалгааг хийсэн. Жишээ нь, ойрын ирээдүйд хэчнээн иргэн тэтгэвэрт гарах вэ, УИХ-аас хууль батлагдвал төсөвт хэчнээн хэмжээний ачаалал үүсэх вэ гэдэг бүх тооцоог гаргаад боломжтой гэж үзсэн.

Мөн УИХ-аар Баялгийн сангийн тухай хууль хэлэлцэгдэж батлагдах ёстой. Хоёр зорилготой, нэгдүгээрх нь, уул уурхайн салбараас орж ирж буй орлогыг ирээдүй хойч үедээ үлдээх, ирээдүйн тэтгэвэр авагчдад үүсч болзошгүй эрсдлийг бууруулах үндсэн агуулгатай. Хууль батлагдсан нөхцөлд энэ бүхэн илүү баталгаажна.