Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг байнгын хороо хэлэлцлээ
Байнгын хорооны хуралдаан
2014.03.26

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг байнгын хороо хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2014.03.26/ үдээс өмнө хуралдаж Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

  Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын чуулган завсарлахын өмнө дараагийн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар урьдчилан хэлэлцэж тогтоол баталдаг. Харин Улсын Их Хурлын 2013 оны ээлжит чуулган завсарлахын өмнөхөн 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед олонхын дэмжлэг аваагүй. Иймээс тус байнгын хороо Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хууль санаачлагчдаас урьдчилан саналыг нь авч тогтоолын төслийг боловсруулсан байна.

  Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч 5; Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 6; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 4; Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 11; Төрийн байгуулалтын байнгын хороо 3; Төсвийн байнгын хороо 4; Эдийн засгийн байнгын хороо 6; Хууль зүйн байнгын хороо 7; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс 38; Монгол Ардын намын бүлгээс 26; МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс 35; Засгийн газраас 95, Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар 10 санал, нийтдээ 250 хууль, тогтоолын төслийн санал ирүүлжээ.

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төслийг боловсруулахдаа өргөн мэдүүлээгүй боловч хуулиар хэлэлцэх хугацааг заасан хууль, тогтоолын төслүүд; мөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороод нь эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон төслүүдийг нэр зааж тусгасан. Тогтоолд зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Байнгын хороодын саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга шийдвэрлэж байх нь зүйтэй гэсэн зарчим баримталсан гэдгээ Байнгын хорооны дарга А.Бакей танилцуулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, М.Батчимэг, О.Баасанхүү, Ч.Сайханбилэг, Ж.Батзандан нар санал хэллээ. Мөн байнгын хорооны гишүүн Л.Цог Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Ингээд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь тогтоолын төслийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы эхэнд хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөж байгаа аж.

  Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:

1/“Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

2/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

3/“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

6/“Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7/Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

8/“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл;

11/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

13/Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;

14/Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

16/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

17/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18/Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;

19/Шилэн дансны тухай хуулийн төсөл;

20/“Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

21/Худалдааны тухай хуулийн төсөл;

22/Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

23/Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;

24/Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл;

25/Бусад.

  Мөн энэ тогтоолд зааснаас бусад, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахдаа Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тусгасан байна.