Гадаад худалдаанд ашигтай улс Хятад л байна
2014.04.12

Гадаад худалдаанд ашигтай улс Хятад л байна

Манай улс дэлхийн 120 гаруй улстай худалдаа хийж байна. Худалдааны эргэлтийг энэ оны гурван сарын байдлаар харвал нэг тэрбум 982 сая долларын худалдаа хийжээ. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 32 сая доллараар буурсан байна.  Гадаад зах зээлээс манайх руу чиглэсэн хоёр том суваг байгаа нь Хятад улс болон Англи улс байгаа.

Гадаад худалдаагаар аль аль улсаас манай улсад хэдий хэмжээний долларыг оруулж, гаргаж  байгааг харвал гадаад худалдаанд хоёр л эерэг үзүүлэлт гарч байгаа нь Хятад болон Их Британи улс юм. Хятад улсаас эхний улиралд 601 сая долларыг оруулж ирсэн.

Өөрөөр хэлбэл экспорт, импортын зөрүүгээр 601 сая долларыг оруулж ирсэн байна. Харин Их Британи улсаас 84 сая төгрөгийг оруулж иржээ. Энэ бол алтаа гаргаж олж байгаа орлого. Бусад улс уруу долларыг урсгаж байна. Манай улс хойд хөршрүүгээ 291.6 сая долларыг гаргаж хэрэглээгээ татсан бол Япон улс руу 79.4 сая долларыг, БН Солонгос улс руу 67 сая доллар, Холбооны Бүгд Найрамдах Герман улс руу 29 сая доллар, Итали улс руу 6.4 сая долларыг нийлүүлсэн байна. Бусад улс руу 132.4 сая долларыг урсгажээ. Энэ валютын урсгалаар Монголчууд эхний гурван сард хэрэглээгээ татжээ.

Эндээс анхаарал татаж байгаа асуудал нь манайх хойд хөршрүүгээ экспорт маш муу буюу импорт давамгайлж 291 сая долларыг хойд хөршдөө нийлүүлжээ. Хоёр том зах зээлийн дунд оршиж байгаа ч хойд хөршийн худалдааны хамтын ажиллагаа тааруу байгаа статистик тоонууд ийнхүү харуулж байна.

Тиймээс цаашид улс төрийн дипломат харилцаагаар буюу засгийн газрын тэргүүний айлчлалаар хойд хөршдөө хийх худалдааг ашигтай болгох шаардлага харагдаж байна. Учир нь хойд хөрш рүү манай улс экспорт хийхэд ОХУ-ын  35-45 хувийн импортын татварыг нь өгөх хэрэгтэй болдог. Гэтэл манай улс руу хойд хөршийнхөн 15 хувийн татвараар бараа бүтээгдэхүүнээ экспортолж байгаа юм.

Хойд хөршрүүгээ экспорт маш муу буюу импорт давамгайлж 291 сая долларыг хойд хөршдөө нийлүүлжээ.

Монголын экспортлогчдын холбооны Ерөнхийлөгч Д.Галсандорж: Ний нуугүй хэлэхэд манай эдийн засгийн яам, хүнс, хөдөө аж ахуйн яамны удирдлагууд ОХУ-тай экспортын барааг нэмэгдүүлэх, татвар хураамжийг бууруулах, техникийн хориг, саадыг багасгах, ялангуяа тээврийн зардлыг бууруулах талаар идэвхтэй үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Засгийн газрын зүгээс ч идэвхтэй үйл ажиллагаа хийх ёстой.”

Уул уурхайн үндэсний ассоциацын Ерөнхийлөгч Д.Дамба: “Тэгэхээр Орос руу гаргах бараа бүтээгдэхүүний хувьд эхний ээлжинд жонс, дараагийн ээлжинд нүүрс бага байдаг. Тухайлбал, Улаан-Уутын нүүрсийг Буриадын урд талын районуудаар авъя гэсэн саналууд гарч байсан. Тухайн үед тэр олигтой дэмжлэг аваагүй.”

Энэ мэт шийдлүүдийг засгийн газар шуурхайлахын тулд улс төрийн тогтвортой байдлыг бий болгож чадна гэж хувийн хэвшлийнхэн болон мэргэжлийн холбоодын төлөөлөл үзэж байгаа юм.

Манай улстай худалдаа хийж байгаа улсуудаар нь аваад үзвэл урд хөрштэй хийсэн импорт, экспортын нийлбэр буюу  худалдааны эргэлт 1.1 тэрбум доллар болж өнгөрсөн оны эхний улиралтай харьцуулахад есөн хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн оны гуравдугаар сарын эцэст 955 сая долларын худалдааг урд хөрштэй хийж байсан.

Манай улсын гадаад худалдаанд хоёрдугаарт жагсдаг ОХУ-тай монголчууд бид энэ оны эхний улиралд 312 сая долларын худалдаа хийжээ. Өнгөрсөн оны улирлаас 48 сая доллараар багасч хоёр хувиар буурсан үзүүлэлт юм. Чөлөөт худалдааны аргачлалаар, улс төрийн шийдлээр хойд хөрштэйгөө худалдаагаа ашигтай болгох буюу экспорт хийдэг байх нь монголчуудад ашигтай.