Жуулчдаас мөнгө салгах төрийн бодлого
Өнөөг хүртэл Монгол улс аялал жуулчлалыг хоёрдогч, ач холбогдолгүй салбар хэмээн үзсээр ирсэн.
2015.04.20

Жуулчдаас мөнгө салгах төрийн бодлого

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын бизнес дэлхийн бүх оронд эрчимтэй хөгжиж байна. Олон улсын туршлагаас харахад аялал жуулчлалын амжилт олох эсэх нь төрийн түвшинд энэ салбарыг хэрхэн хүлээж авч буйгаас гадна төрийн байгууллагууд яаж дэмжиж байгаагаас шалтгаалдаг байна.  Аль ч улс аялал жуулчлалаас орлого олохын тулд эхлээд ихээхэн хэмжээний мөнгө зарцуулах хэрэгтэй. Засгийн газрын хөтөлбөр голдуу аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгох, аялал жуулчлалын төвүүдийг байгуулах, түүнчлэн зар сурталчилгаа, мэдээлэл түгээхэд чиглэдэг.

Практикаас харахад хувийн хэвшил аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд хэзээ ч томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж байсан түүх тун ховор. Тэд аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн байгууллагын хэмжээнд ажиллаж хүчрэхгүй. Аялал жуулчлалын бизнес хөгжсөн орнуудад яамны харьяанд байж аялал жуулчлалын үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулдаг мэргэшсэн байгууллагууд ажилладаг. Тухайлбал Их Британид ВТА (British Nourist Authority),  Италид ENIT, Ирландад Irish Board, Испанид Turespana, Норвегит NOTRA зэрэг байгууллагууд бий. Эдгээр байгууллага бусад оронд өөрийн төлөөлөгчийн газартай.  Тэдний гол үүрэг нь жуулчдыг татах, аялал жуулчлалын талаархи мэдээллийн солилцоог хангах. 

Улс болгоны аялал жуулчлалын салбарт “аялал жуулчлалын компани – төр”, “жуулчин – аялал жуулчлалын компани”, “жуулчин – төр” гэсэн харилцааны гурван хэв маяг байдаг.

Аялал жуулчлал нь маш олон салбарын харилцаа, уялдаан дээр суурилдаг.  Харилцааны олон төрлөөс болж зарим үед эрх зүйн хувьд зохицуулахад тун төвөгтэй болдог. 

Улс болгоны аялал жуулчлалын салбарт “аялал жуулчлалын компани – төр”, “жуулчин – аялал жуулчлалын компани”, “жуулчин – төр” гэсэн харилцааны гурван хэв маяг байдаг.

Ингээд аялал жуулчлалын салбарт төрийн зохицуулалт ямар байдаг тухай олон улсын туршлагыг хүргэе.

Их Британи

Аялал жуулчлалыг салбарыг Соёл,  спортын яам хариуцдаг. Яаманд аялал жуулчлалын гол байгууллага болох British Nourist Authority (ВТА) харьяалагдана. Энэ байгууллага гадны жуулчдыг татах ажлыг хийхийн зэрэгцээ дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлдэг. Түүнчлэн Засгийн газар болон аялал жуулчлалд хамаарах бусад байгууллагуудад үйл ажиллагаагаа зөвлөдөг. ВТА өөрийн санаачлагаар гадаад орнууд дахь салбар, төлөөлөгчийн газраараа дамжуулж сурталчилгааны ажил зохион байгуулдаг. Ингэхдээ хэвлэл, радио, телевизийг ашиглана. Мөн олон улсын хурал зөвлөгөөн явуулна, олон улсын аялал жуулчлалын талаар маркетингийн болон зөвлөх үйлчилгээ эрхлэнэ, семинар, үзэсгэлэн зохион байгуулна, гадны хөрөнгө оруулалтыг татах төслүүд хэрэгжүүлнэ, хөтөч ном, кино болон бусад сурталчилгааны материалыг бэлдэж хэвлүүлнэ. ВТА –г  5 хүнээс бүрдсэн захирлуудын зөвлөл, байгууллагын ерөнхийлөгч толгойлдог.  Тус байгууллагад нийт 300 хүн ажилладагаас гуравны нэг нь Лондонд байдаг. Үлдсэн нь гадаадын 26 төлөөлөгчийн газар ажилладаг байна.

Хятадын жуулчид Англи ирээд 1 тэрбум фунт стирлинг үлдээдэг

Итали

Итали  улсад 1983 онд аялал жуулчлал, зочид буудлын бизнесийг сайжруулах, хөгжүүлэх хууль батлагджээ.  Уг хуулинд орон нутгийн түвшинд аялал жуулчлалыг хариуцах үндсэн байгууллага, тэдгээрийн ажил үүргийг тодорхойлж өгсөн.  Ингэхдээ аялал жуулчлалын байгууллага гэж юу болох, бүртгүүлэх нөхцлийг нарийн зааж өгдөг.  Түүнчлэн хуулинд зочид буудлын ангилал, нэршлээс гадна аялал жуулчлалын товчоо, тээврийн болон олон нийтийн холбоодыг аялал жуулчлалын бизнес эрхэлж болно гэж заасан байдаг. Түүнчлэн аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн ажил үүрэг, төрийн зүгээс энэ салбарыг хэрхэн дэмжихийг хуулиар зохицуулсан байдаг.  Үйлдвэрлэлийн яаманд харьяалагдах аялал жуулчлалын хэлтэс нь орон нутгийн аялал жуулчлал хариуцсан төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж, хуулийн төслүүдийг боловсруулж, салбарын статистик үзүүлэлтийг боловсруулж гаргадаг.  Тус хэлтэс нь дэлхийн түвшинд олон улсын гэрээ, хэлэлцээр байгуулж, бусад олон улсын аялал жуулчлалын байгууллагатай хамтарч ажилладаг.

Италид орон нутгийн түвшинд аялал жуулчлал хариуцсан байгууллагууд томоохон эрх мэдэлтэй. Тэд өөрийн нутаг дээр аялал жуулчлал эрхлэх байгууллагад зөвшөөрөл өгч, зочид буудлуудыг зэрэгжүүлж, дотоодод болон гадаадад өөрийн орон нутгийн аялал жуулчлалыг сурталчилах эрхтэй.  Гэхдээ Италийн аялал жуулчлалыг дэлхийд таниулдаг гол байгууллага бол Аялал жуулчлалын үндэсний газар (ENIT) юм. Тус байгууллагын гол үүрэг өөрийн орныг гадаадад сурталчлах, маркетингийн судалгаа явуулах, гадаадын болон дотоодын аялал жуулчлалын байгууллагуудыг хооронд нь холбох.  Энэ байгууллага Аялал жуулчлалын хэлтэст харъяалагдах бөгөөд санхүүжилт нь 100 хувь төрөөс.

Аялал жуулчлалын топ 10

Испани

Үндэсний хэмжээнд аялал жуулчлалын үйл ажиллагааг 1964 онд баталсан “Аялал жуулчлалын тухай хууль”, “Аялал жуулчлалын хувийн байгууллагын тухай тунхаг” гэсэн эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулдаг. Үндэсний хэмжээний эдгээр хуулиас гадна 17 муж бүр тусдаа өөрийн гэсэн аялал жуулчлалын хуультай. Аялал жуулчлалын хуулиуд нь жуулчин, аялал жуулчлалын компанийн харилцааг зохицуулдаг бөгөөд аялал жуулчлал эрхлэхэд шаардлагатай нөхцөл, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх журам, төрийн зүгээс хэрхэн хяналт тавих, ямар тохиолдолд зөвшөөрлийг цуцлах зэргийг нарийн зааж өгсөн байдаг. 1996 онд Испаний парламент “Хосолсон аялал жуулчлалын тухай хуулийг” баталжээ. Хосолсон аялал жуулчлал гэдэг нь аялал жуулчлалын үйлчилгээний үндсэн гурван элемент буюу зочид буудал, тээвэр, бусад үйлчилгээний аль нэгийг багтаасан аялал жуулчлалын хэлбэр юм. Энэ нь хэн ямар үйлчилгээ хүргэхээс шалтгаалаад хүлээх үүрэг хариуцлага нь өөр өөр байна гэсэн үг. Испанид аялал жуулчлалыг хариуцдаг төрийн байгууллага нь худалдаа, аялал жуулчлал, жижиг бизнес хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга нарын газар юм. Түүнээс гадна Эдийн засгийн яаманд харъяалагддаг Аялал жуулчлалын удирдах газар гэж бий. Энэ байгууллага захиргааны ажлуудыг хийж, бодлогын шинжтэй шийдвэр гаргадаг.

Испани улсад муж болгон өөрийн гэсэн аялал жуулчлалын хуультай

Испанид 83 зочид буудлаас бүрдсэн «Paradores» нэртэй сүлжээ бий. Энэ сүлжээ нь нэг ёсондоо Испаничуудын үндэсний бахархал юм. Мөн Мадрид, Малагад байдаг үзэсгэлэн, том арга хэмжээнд зориулсан хоёр төв, аялал жуулчлалын институт «Turespaca» гэж байдаг. 

Испаний Paradores зочид буудлын сүлжээ нь тус орны зочид буудлын аж үйлдвэрийг авч явдаг

Аялал жуулчлалын асуудалд Эдийн засгийн яамны оролцоо хязгаарлагдмал. Компаниудад эрх олгох, аялал жуулчлалын салбарын стратеги боловсруулах эрхийг орон нутгийн удирдлагууд эзэмшдэг.  Аялал жуулчлал хариуцсан байгууллагуудын харилцаа холбоог хангах үүднээс Испанид бүх түвшний төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн Аялал жуулчлалын хөгжлийн зөвлөл гэж ажилладаг.