О.Баасанхүү засгийг эвдэхээр шийджээ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.03.29

О.Баасанхүү засгийг эвдэхээр шийджээ

Засгийн газар ганхаж эхэллээ.

Шулуухан хэлэхэд, О.Баасанхүү олсны үзүүрийг тавихаар шийджээ. Шалтгаан нь тун энгийн. Өнөөдөр хуралдах ээлжит бус чуулганаар хэлэлцэх “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-д нэгдэн орох тухай асуудлыг Шударга ёс эвсэл эсэргүүцэх учиртай. Эс бөгөөс мань хүн эвслээс гарах гэнэ.

Улмаар өчигдөр хэвлэлийнхэнд хандаж дээрх конвенцийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, эвслийн гишүүдийг чуулганы хуралдаанд оролцохгүй байхыг уриаллаа. Хэрэв МАХН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцвол МАХН-ын .

Монголын Ногоон намтай энэ оны УИХ-ын сонгуульд эвсэж орох асуудал цуцлагдах гэнэ. Түүнчлэн мань хүн хэвлэлийн хурлын өмнө Монголын Ногоон намын дарга О.Бум-Ялагч руу утас цохиж, дээрх хэвлэлийн хурлынхаа талаар хэлжээ.

Монголын Ногоон намын удирдлага УИХ-д суудалтай улс төрийн намууд болон С.Ганбаатар, Г.Уянга тэргүүтэй хэдэн хүнд нэр цохож албан бичиг хаяглажээ. Албан бичгийн гол санаа нь ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, энэ санаачлагыг дэмжиж ажиллахыг хүссэн байна.Тэдэнтэй санал нэг байгаагаа О.Баасанхүү илэрхийлж, өөрийг нь дэмжихийг хүсчээ.

Ингэх зуураа эвслийнхэн түүнийг дэмжихгүй бол Л.Цог, Г.Уянга нарын адил хаалга савж гарахаа ч хэлжээ.

Өөрөөр хэлбэл, хэдийнэ нүхээ малтаад эхэлсэн нь энэ. Иймээс Монголын Ногоон намынхныг санаагаа өөрчлөхгүй байх ам тангараг авсан юм байх. Магадгүй Шударга ёс эвслээс гараад зогсохгүй МАХН- ыг ч орхихоор төлөвлөсөн бололтой юм.

Мэдээж эхний алхмыг хийсний дараа энэ намд хорогдох газар ч үгүй болох биз. Иймээс эртнээс хаяагаа малтаж, дараагийн газраа товлож суугаа нь энэ бололтой. О.Бум-Ялагч ч О.Баасанхүүг намд нь элсье гээд ирвэл татгалзахгүй гэнэ. Харин ч бүр хадаг, сүү бариад угтах талаар цухалзуулна билээ.

Түүнчлэн Монголын Ногоон намын гишүүд ч татгалзахгүй, татгалзах шалтгаан байхгүй гэж тайлбарласан. Учир нь 2011 онд Монголын Ногоон нам хоёр хуваагдаж нэг хэсэг нь Иргэний зориг намтай хамтарсан.

Энэ үеэр бууриа сахиж үлдсэн хэсэг нь намын нэрээ авч үлдэхийн тулд Улсын Дээд шүүхийн босгыг элэгдтэл эргэлдсэн. Дээд шүүх гурван ч удаа буцгасан асуудлыг О.Баасанхүү шууд бүтээжээ. Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монголын Ногоон намынханд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүйгээр өгч, нэрийг нь авч өгсөн буянтан нь аж. Иймээс энэ хүнд талархаж явдгаа тус намын удирдлагууд нуугаагүй. Тиймээс тэднийг гээд зориод ирвэл тосч авахад бэлэн гэв.

Гол нь Засгийн газрын хувь заяа О.Баасанхүүгийн гарт буй. Тэр олсны үзүүрийг тавих төдийд Шударга ёс эсвэл гэж байхгүй болно. Улмаар Засгийн газраас эвслийнхэн хөөгдөх шаардлагагүйгээр төрхөндөө буцах юм.

Эвслээс гарах эсэхээ эргэцүүлж байна хэмээн тойруулан хэлж байсан тэрбээр Н.Энхбаяр “нутаг” буцахтай зэрэгцэн шийдвэрээ гаргаж байгаа бололтой юм. Ирэх сарын 12-наас урьтаж хилийн цаана гарсан гэгдээд байгаа МАХН-ын дарга Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Лхагвасүрэнг зүтгүүлчихсэн.

Гагцхүү Засгийн газар батламжлах л үлдээд буй. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлаар ажилладаг түүнээс гүйцэтгэх засаглалын тэргүүн татгалзах шалтгаан байхгүй гэж тус намынхан ч тайлбарлаж байгаа.

Мөн Шадар сайд Ц.Оюунбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ хаврын чуулганы эхэнд салбарын сайдын асуудлыг хэлэлцэнэ хэмээж байсан нь учиртай. Өөрөөр хэлбэл, тохироо хэдийнэ хийгдчихсэн гэсэн үг.

Гэвч С.Баярцогтын УИХ- ын дэд дарга Р.Гончигдоржид өргөн барьсан хуулийн төслөөс болж бүх зүйл нурав бололтой. УИХ-ын дарга яаран сандран ээлжит бус чуулган зарлаж, “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц”-д нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болсон нь улс төрийг түймэрдчихлээ.

Түймрийг цурманд оруулах ганц боломж нь О.Баасанхүү. Мэдээж эвслийнхэн Засгийн газрын бодлогын эсрэг дуугарах нь юу л бол. Иймээс О.Баасанхүүгийн тавьсан шаардлага биелэлээ олохгүй байх магадлал өндөр. Ингэснээр тэр Засгийг хөндөх нь гарцаагүй болж таарах юм.

Уг нь УИХ-ын Тамгын газар, Цөмийн энергийн газрын албан ёсны мэдээллээр Монголд цөмийн хаягдлыг булшлах бус харин ч эсрэгээрээ оруулахгүй, хадгалахгүй байх талаар Монгол Улс олон улсад үүрэг хүлээх баримт, бичгийг батлах асуудлыг хэлэлцэх юм. Гэвч иргэний хөдөлгөөнийхөн болон мэргэжлийн зарим байгууллага үүний эсрэг тайлбар хийж буй.

Хэрэв конвенцийн зүйл заалтыг нарийвчлан харвал Монгол Улсад ашигласан түлш гэдэг аюулт цөмийн хаягдал булшлах үүд хаалга нээгдэх гэнэ. Энэ конвенци нь монголчуудаас гадныханд өгч буй, “цөмийн хаягдлыг чинь цөмийн зэвсэг хийлгэлгүй, террористуудад алдчихалгүй далд оруулаад өгье гэсэн нэг ёсны амлалт үүрэг хэмээлээ.