2016.05.24

Тодорхой үйлдвэрт махаа өгвөл малчдыг урамшуулдаг тогтолцоо байвал үр дүнтэй

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбаттай мах, махан бүтээгдэхүүний зах зээл, экспортын боломж, түүнчлэн махны нийлүүлэлт, боловсруулалтад шийдэх ёстой асуудлуудын талаар ярилцлаа.

Махны үйлдвэрлэл өнөөдөр ямар байдалтай байна вэ?

Өнөөгийн байдлаар малын нядалгаа хийх 40 гаруй үйлдвэр, мах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх 40 гаруй үйлдвэр ажиллаж байна. Гэхдээ нядалгаа хийж, хиам үйлдвэрлэж тогтмол ажилладаг нь эдгээрийн тал хувь нь гэж хэлж болно. Үйлдвэрлэлийн суурь зардал их гардаг учраас олон жижиг үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон.

Хамгийн амжилттай ажиллаж байгаа үйлдвэр гэвэл Мах маркет, Баатрууд тэнгэр, Эрдэм Эт, Мах импекс, Тайж трэйд, Эрдэнэ хүнс зэрэг үйлдвэрүүдийг нэрлэж болно. Эдгээр үйлдвэрүүд голдуу зээлийн хөрөнгөөр техник, технологио шинэчилсэн.

Сүүлийн үед гадаад руу мах экспортлох болсон тухай ярьж байна?

Хятадад мах экспортлох эхний алхамууд хийгдэж байна.

... Мон Гуа, Завхан хүнс, Хөвсгөл хүнс зэрэг компаниуд Хятадад түүхий мах экспортлох эрхтэй болсон ...

Гэхдээ бэрхшээл их. Хятад руу махыг Бургастайн боомтоор гаргах ёстой. Гэвч тэр боомт шаардлагад нийцэхгүй, ямар ч тохижилт байхгүй. Дэд бүтэц, хөргүүрийн систем, агуулах гээд мах гаргахад шаардагдах зүйлс тэнд алга.

... Түүнээс гадна тэр боомтоор хил гарахад засмал замгүй, даваа гүвээ давдаг, ачааны машин явахад хүндрэлтэй. Энэ мэт шалтгаанаас болоод бид жилийн дотор ердөө 100-хан тонн мах гаргасан ...

Боловсруулсан махны хувьд гадныхан янз бүрээр боловсруулж авах сонирхолтой. Хятадууд дулааны боловсруулалт хийсэн мах, өөрөөр хэлбэл чанаж болгосон мах авахыг хүсдэг. Мөн ямааны махыг арьстай нь боловсруулсан, бидний хэлдгээр боодог болгоод авъя гэдэг. Гэвч бидэнд ийм технологи байхгүй. Тэд боловсруулсан мах авахдаа стандартын маш нарийн шаардлага тавьдаг. Чийгшилт 30 хувь байна гэж заасан л бол 31 юмуу, эсвэл 29 байвал авахгүй. Лаос, Вьетнам, Индонези зэрэг улсууд ч Монголын махыг худалдаж авах сонирхолтой. Гэвч Хятадаар зөөвөрлөхийн тулд Хятадаас зөвшөөрөл авах хэрэгтэй болно. Харин Хятад улс нөгөө л стандартын шаардлагаа тавина.

Персийн булангийн орнууд монгол махыг загсаасан байдлаар авахыг хүсдэг. Гэтэл бас нөгөө технологи нь бидэнд байхгүйгээс гадна Оросын нутгаас дамжуулан тээвэрлэхийн тулд Оросоос зөвшөөрөл авах хэрэгтэй.

Монголд махны үйлдвэрлэл, экспорт, малчдын орлогыг нэмэгдүүлэх тал дээр та ямар гарц, шийдэл харж байна вэ?

Гурван зүйлийг хийх хэрэгтэй. Нэгдүгээрт малаа эрүүл байлгах арга хэмжээнүүдийг шат дараалалтай хэрэгжүүлэх хэрэгтэй. Юун түрүүнд малын өвчин гардаггүй бүс нутгийг албан ёсоор тодорхойлж, эрүүл малын махыг гадаадын зах зээлд гаргадаг болоход төрөөс тодорхой хэмжээний хөрөнгө зарах хэрэгтэй.

Мөн малчид мэргэжлийн зөвлөгөө авалгүй дураараа малдаа вакцин хийх нь эрсдэлтэй. Вакцинжуулсан малын махыг дор хаяж сарын дараа идэх ёстой ч өнөөдөр зарагдаж байгаа махан дунд ийм шаардлага хангаагүй мах багагүй бий.

... Гадаадаас мэргэжлийн хүмүүс ирээд судлахаар энэ асуудал ил гарч, Монголоос мах авах эрсдэлтэй гэсэн болгоомжлол үүсдэг ...

Түүнээс гадна малыг ээмэгжүүлэн бүртгүүлэх ажлаа үргэлжлүүлэх ёстой.

Хоёрдугаарт гадаад орнуудын хүсээд байгаа махыг боловсруулах орчин үеийн технологи бидэнд дутагддаг. Эргэлтийн хөрөнгөтэй байх, гаднаас хөрөнгө оруулалт татах боломжийг бий болгомоор байна. Олон жижиг үйлдвэр тус тусдаа бие даан ажиллаад амжилтад хүрэхгүй. Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх цөөн тооны том үйлдвэрүүд болж зохион байгуулагдвал дэлхийн зах зээлд гарахад нэг алхам ойртоно. Түүнчлэн жилийн дөрвөн улиралд мах бэлтгэдэг тогтолцоо бий болно. Одоогоор бид зөвхөн намрын сүүлээр л махыг бөөнөөр л бэлдэж, бусад үед хадгалсан мах хэрэглэдэг байдалтай байна. Гэтэл дотоод, гадаадын хэрэглэгчид бүтэн жил шинэ мах идэхийг хүсч байна шүү дээ.

Гуравдугаарт малчдыг бизнесийн ухаанд тодорхой хэмжээнд сургаж, зах зээлжүүлэх хэрэгтэй гэж харагддаг. Одоо ноос, арьс ширэнд урамшуулал өгч байна. Энэ сайн хэрэг.

... Гэхдээ урамшууллын системийг улам сайжруулж тухайн орон нутагт ажилладаг тодорхой нэг үйлдвэрт махаа нийлүүлж буй малчдад урамшуулал өгдөг болмоор байна ...

Ийм байдлаар малчдыг махны үйлдвэртэй нь холбож өгвөл үр дүнтэй. Мэдээж тодорхой гэрээ, тохиролцооны үндсэн дээр махаа нийлүүлэх учраас малчид малаа эрүүл байлгахыг хичээнэ. Завхан аймгийн Завхан хүнс компани ийм урамшуулал өгч, малчидтайгаа харилцаа тогтоож эхэлсэн сайн туршлага байна. Урамшууллыг мөнгөнөөс гадна хөдөө аж ахуйд хэрэгтэй багаж, тоног төхөөрөмж, бараа, эд материалаар өгч болно.

Нөгөө талаар малчид өөрсдөө нөхөрлөл, хоршооллын зохион байгуулалтад орж махны үйлвэрүүдтэйгээ хамтран ажилладаг байх хэрэгтэй гэж боддог.