Монгол Улс албан ёсоор БНХАУ руу мах экспортолж эхэллээ
Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн ерөнхий газраас Монгол Улсын баруун таван аймагт тавьсан үхэр, хонь, ямааны түүхий махны шүлхийн хоригийг цуцалж, эрүүл болохыг нь хүлээн зөвшөөрсөн.
Ингэхдээ Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн албан ёсоор зарлаж, эдгээр аймгуудаас мах экспортлохыг зөвшөөрсөн. Тэгвэл өнөөдөр /2016.02.19/ Монгол Улс албан ёсоор БНХАУ руу мах экспортолж эхэллээ. Эхний ээлжинд Увс аймгийн “Мон-Тува” ХХК Говь-Алтай аймгийн Бургастайн боомтоор дамжуулан Хятад руу 16 тонн хонины мах экспортоллоо.
БНХАУ-руу мах экспортлох үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хүнс,Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нар оролцлоо.
БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас Завхан аймгийн “Завхан хүнс групп” ХХК, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл мах маркет” ХХК (Монгол эко мах ХХК), Увс аймгийн “Мон-тува” ХХК (Грийн грэйс лэнд)-ийн махны үйлдвэрүүдэд бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг экспортлох зөвшөөрлийг олгосон байна. Баруун таван аймгийн малчид, иргэд мал махаа эдгээр гурван компаний үйлдвэрт нийлүүлэх боломжтой юм.
Манай улс БНХАУ-ын 13 боомттой хиллэдэг бөгөөд Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын хувьд баруун таван аймгийн нутаг дэвсгэртэй хамгийн ойр төдийгүй Хятадын хамгийн өндөр махны хэрэглээтэй муж, аймгуудтай ойр хиллэж байгаагаараа онцлог юм.