Б.Очирбат: Дотоодын хүнсний бүтээгдэхүүний талаарх ор үндэсгүй цуурхал үйлдвэрлэгчдийн урмыг хугалж байна
"Монгол мах экспо" компанийн гүйцэтгэх захирал Б.Очирбат
2014.03.11

Б.Очирбат: Дотоодын хүнсний бүтээгдэхүүний талаарх ор үндэсгүй цуурхал үйлдвэрлэгчдийн урмыг хугалж байна

"Монгол мах экспо" компанийн гүйцэтгэх захирал Б.Очирбаттай ярилцлаа.

- Сүүлийн үед дотоодын хүнсний бүтээгдэхүүнд элдвийн зүйл хийж үйлдвэрлэгчдийг дарамталж, нэр хүндийг нь унагаах явдал нэлээд гарах боллоо. Танай байгууллага ийм зүйлтэй тулгарч байсан уу?

Хүнсний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж иргэдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангах эрх зүйн орчин бүрдсэн нь сайн хэрэг. Хууль батлагдсантай холбоотой хүнс үйлдвэрлэгчдийн хариуцлага өндөржсөн. Гэхдээ үүнийг далимдуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цуурхал тарааж бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчдийн нэр хүндийг унагах оролдлого гарах болсон. Жишээлбэл “Зөв” хэмээх аарцны ундаа үйлдвэрлэгчид рүү дайралт хийж нэг хэсэг бужигнууллаа. Хятадад хийдэг ч гэж байх шиг. Мөн саяхан дотоодын хүнсний ногоо хортой гэсэн цуурхал ч тарсан. Энэ тухай холбогдох салбарын эрдэмтэд ярьсан нь бүр гайхал төрүүлсэн. Эцэстээ хортой нь худал болж таарсан. Энэ мэт явуургүй үйлдлүүд үйлдвэрлэгчдийн урам зориг, ажилчдын хөлс хүчийг гутааж буйд бид их харамсдаг.

Хэдхэн жилийн өмнө бид наадмын үеэр хуушуур хийж байхад нэг хүн “танайх муудсан махаар хуушуур хийсэн байна” гэсээр хүрч ирсэн. Гэтэл авчирсан хуушуур нь манайхаас өөр газар хийсэн нь тогтоогдсон. Мэргэжлийн хяналтынхан хүрээд ирэхээр болъё гээд буцаад явчих жишээтэй. Мөн нэг удаа манай маханд барилгын хөөсний хэлтэрхий байна гэсэн цуурхал гарсан. Гэтэл манай үйлдвэр ямар ч хөөснөөс хол байдаг учраас цуурхал тараагчид хэсэг сүржигнэж байгаад яваад өгсөн.

Хэрэв үндэслэлтэй буруутгавал бид хүлээж авна. Харамсалтай нь ихэнх цуурхал үндэслэлгүй байдаг.

- Танай компани бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?

Тоног төхөөрөмжөө шинэчилж буй учраас сүүлийн хагас жил үйлдвэрлэл явуулсангүй. Үйлдвэрлэлийн процессыг эргэж буцаахгүйгээр нэг урсгалтай болгохын тулд үйлдвэрээ шинэчилж байна. Мал нядлахаас эхлээд бүтээгдэхүүн гарах хүртэл бүх шат дамжлагыг эрүүлжүүлнэ. Ялангуяа хиаман цехийн технологи хуучирсан байсан. Ирэх дөрвөн сард үйлдвэр ашиглалтад орно.

Мал нядалгааны үед үзлэг, ариутгалын технологи, дүрмийн дагуу ажилладаг. 10 гаруй жил болоход бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, ноцтой зөрчил гараагүй.

- Ноднин баталсан Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн талаар та юу хэлэх вэ?

Нэлээн чамбай бөгөөд чанга хууль болсон. Үйлдвэрлэгчдэд өндөр шаардлага тавьж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдлээ. Ингэх цаг нь ч болсон. Хууль гарснаар баталгаагүй, эрсдэлтэй хүнсний худалдааг журамлах эхлэл тавигдлаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 20 нядалгааны газар ажилладагаас ихэнх зөрчилтэй байдаг.

Хэрэв хуулийг ёсоор нь мөрдөж ажиллавал сайн үр дүн гарах нь ойлгомжтой. Гэвч хуулийн хэрэгжилт зарим талаар хангагдахгүй байна. Төр засгийн зүгээс баталсан хуулийнхаа эсрэг ажлууд хийгээд байна. Тодруулбал сүүлийн хоёр жилийн турш нөөцийн мах бэлтгэх эрхийг хоёр компанид олгосоор ирсэн. Өмнө нь махны үйлдвэртэй, нядалгааны болон мах хөрөөдөх, ангилах тасагтай, тээврийн хэрэгсэлтэй, хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан олон компани энэ ажлыг хийдэг байсан. Нэг сул тал нь олон байсан учраас зохицуулахад төвөгтэй байсан байж магадгүй.

Гэхдээ хяналт, шалгалт чанга байсан. Гэтэл өнөөдөр нөөцийн мах бэлдэж буй компаниудад ямар ч хяналт алга. Түүнчлэн махыг 11 дүгээр сард буюу нядалгаа бараг зогссон үед оройтож бэлдэж байна. Цаг тулсан учраас хаана бэлдсэн нь мэдэгдэхгүй, баталгаагүй бохир газар нядалсан малын махыг хам хум худалдан авч нөөц бүрдүүлдэг. Тэгэхээр нөөцийн махыг эрүүл, аюулгүй гэж хэлэхэд хэцүү. Өмнө нь махны 70-80 хувийг үйлдвэрт нядалсан малын мах эзэлдэг байв.

Энэ нь эрүүл аюулгүй хүнс нийлүүлэх ажлыг нурааж, хуулийн хэрэгжилтийг хөсөрдүүлж байна. Төрөөс уг асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.

- Сүлжээ дэлгүүрүүд алдаа гаргаж бүтээгдэхүүн муудсан тохиолдолд үйлдвэрлэгч хариуцлага хүлээдэг өрөөсгөл тал ажиглагддаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

Ийм асуудал байнга гардаг. Ялангуяа хиамны үйлдвэрлэл эрхэлдэг газрууд сайн мэднэ. Дэлгүүрүүд удтал хадгалсан бүтээгдэхүүнээ борлогдохгүй байна гээд буцаадаг. Үүнийг зохицуулахын тулд Хүнсний аюулгүй байдлын тухай хуулиас гадна Худалдааны хууль чухал хэрэгтэй. Сүлжээ дэлгүүрүүд үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүн аваад яаж борлуулах, ямар хариуцлага хүлээх, өөрөөр хэлбэл үйлдвэрлэгч худалдааны байгууллага хоорондын харилцааг нэг мөр болгох эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна. Борлуулагчид хүссэн үнээрээ борлуулдаг.

- Үйлдвэрлэгчдийн хариуцлагын өндөрсгөхийн зэрэгцээ тэдний үйл ажиллагааг урамшуулж байх ямар тогтолцоо байж болох вэ?

Махны үнэ өндөр байдгийн нэг шалтгааныг хэлье. Өнөөдөр үйлдвэрийн аргаар мал нядлах нь ховордсон. Үйлдвэрлэгчид голдуу олон ченжийн гар дамжсан махыг худалдаж авдаг. Авсан махаа боловсруулахад их хэмжээний ажиллах хүч, тоног төхөөрөмж, цаг хугацаа шаардагддаг. Эцэст нь махны өөрийнх нь өртөг тэнгэрт хаддаг. Тиймээс үйлдвэрт мал нядлах ажлыг дэмжих хэрэгтэй. Тухайлбал үйлдвэрийн аргаар мал нядалсан үйлдвэрийг урамшуулж болно. Үйлдвэрийн аргаар мах бэлтгэх нөхцөлтэйгээр бага хүүтэй зээл олгож ч болно. Малаа үйлдвэрт нядлуулахаар өгсөн малчдад арьс ширний нэмэгдэл, урамшуулал өгөх бололцоотой. Төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй байна.

Одоо бидэнд бага хүүтэй зээл авах боломж хомс.