Б.Бүрэнцогт: Бүх асуудлыг манай байгууллага руу чихэж болохгүй
ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн улсын ахлах байцаагч, ахлах мэргэжилтэн Б.Бүрэнцогтоос зарим зүйлийг тодрууллаа.
- Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн төсөлд юуг шинээр оруулсан бэ?
Төрийн бус байгууллагуудын хариуцлага, эрх үүргийг цэгцэлж өгсөн. Мөн үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгч нарын оролцоог тодорхой болгосон. Тодруулбал эдгээр гурван талын үүрэх хариуцлага, эдлэх эрх адилхан болно гэсэн үг.
- Тэгвэл худалдааны байгууллагууд ямар хариуцлага үүрэх вэ?
Худалдааны байгууллагууд тодорхой стандартын дагуу эрүүл, чанартай бараа үйлчилгээг хүргэх үүрэгтэй.
- Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ямар бодолтой байна вэ?
Ерөнхийдөө дажгүй хэрэгжиж байгаа гэж бодож байна. Гэхдээ зарим судалгаанаас харахад муу хэрэгжиж байна гэсэн хандлага ажиглагддаг. Миний хувьд үүнтэй санал нийлэхгүй.
- Уг хуулийг далимдуулж, төрийн бус байгууллагын далбаан дор үйлдвэрлэгчдийг дарамталсан тохиолдол олон гарлаа. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ямар арга хэмжээ авч байна вэ?
Ийм мэдээлэл манайд одоогоор ирээгүй. Иймэрхүү санал гомдол ирж байгаагүй.
Үйлдвэрлэгчдээ арай тэгж дарамтлахгүй байлгүй дээ.
- Ингэж асууж буйн учир нь үйлдвэрлэгчидтэй уулзах явцад олон тооны баримтыг сэтгүүлчдэд ярьж байна. Дарамталдаг хүмүүсийн ажиллагаа нарийн төлөвлөгөөтэй, PR ажиллагааны шинжтэй болчихсон байгаа юм биш үү?
Манай байгууллагын хувьд бодит баримттай, баталгаатай тохиолдлыг л авч үзнэ. Хэн нэгний ярьсны дагуу дүгнэлт хийх боломжгүй. Түүнээс бүх асуудлыг манай байгууллага руу чихэх нь зохисгүй. Бид улсын хэмжээнд ажилладаг цөөн байцаагчтай учраас хүч тарамддаг.
- Үйлдвэрлэгчдийн зүгээс ямар гомдлууд ирдэг вэ?
Өрсөлдөөний тухай хуультай холбоотой асуудлаар гомдол ирдэг. Өөрөөр хэлбэл нэг байгууллага нөгөөдөө гомдоллодог.
- Импортлогчид, сүлжээ дэлгүүрүүд монополь тогтоочихлоо гэж эдийн засагчид үзэж байна. Хүнсний салбарт шударга өрсөлдөөн жинхэнэ ёсоор хэрэгжиж чадаж байна уу?
Өрсөлдөөний тухай хуулиар бол хэрэгжих ёстой. Одоогоор манайх төрийн байгууллага хууль зөрчиж бизнесийн байгууллагад давуу эрх олгосон зөрчлүүд дээр ажиллаж байна.