Т.Сайнбилэг: Хэрэглэгчдийн маань итгэл рүү ус цацаад байхад бид зүгээр сууж чадахгүй
"Витафит Инвест" компанийн дэд захирал Т.Сайнбилэг
2014.03.16

Т.Сайнбилэг: Хэрэглэгчдийн маань итгэл рүү ус цацаад байхад бид зүгээр сууж чадахгүй

"Витафит Инвест" компанийн дэд захирал Т.Сайнбилэгтэй ярилцлаа.                                     

- Хүнсний бүтээгдэхүүнийг зориудаар муутгаж, элдвийн зүйл хольж үйлдвэрлэгчдийг дарамталж мөнгө олох гэдэг эдийн засаг дахь эрүүл бус үзэгдлийн талаар та юу хэлэх вэ?

Энэ асуудлаар хэлэлцүүлэгт санал нэмэрлэхдээ компанийн хариуцлагтай албан тушаалтан гэдэг байр сууринаас биш хүнсний салбарт хорь шахуу жил ажилсан хүний хувьд санал бодлоо хэлье.

Шаардлага хангаагүй бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч, тэр нь асуудал үүсгэж,  хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг явдал бол дэлхийд хаана ч байдаг үзэгдэл. Иймээс бүтээгдэхүүний мөшгөлт, эргэн татах тогтолцоог стандартжуулж өгсөн байдаг.  

Гэтэл манайд энэ нь буруу тал руугаа хөгжөөд гаж тогтолцоо үүсчихлээ. Үүнийг тодорхойлоход амархан.  Иргэн  Дорж дэлгүүрээс худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнээ асуудалтай байна гэж үзвэл хаашаа хэнд хандах нь ойлгомжтой. Иргэний энэхүү эрхийг хамгаалуулах  гэж  Монголын иргэд  өөрсдийн  татварын мөнгөөр Стандарт хэмжил зүйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчидийн төлөө газар зэргийг санхүүжүүлдэг биздээ.

Гэтэл өөр зорилготой гомдол гаргагч маань  өөрийнх нь төлөө үйлчлэх бүх бололцоо, эрх мэдэлтэй төрийн бүх  институцүүдийг үл ойшоон үйлдвэрлэгч рүү утасдаад  "Хурдан ирж асуудлаа шийд, эсвэл facebook-т тавина, телевиз дуудан" гээд жүжгийн оршил  эхэлнэ дээ.   Олонхи жүжигт "Орших уу? эс орших уу?" гэдэг шиг "Мөнгө өгөх үү ? эс өгөх үү?" гэсэн өрнөлтөөр үргэлжилнэ. Миний сонссоноор асуудлыг "нааштай шийдэх" саналын  анхны   ханш нь 20 мянга төгрөгөөс эхэлдэг. Энэ нь тухайн хүний  амьдралын бололцоо, мэдээллийн түвшин, мөнгөний хэрэгцээ зэргээс хамаардаг байх.

Жүжиг голдуу харилцан ойлголцох  эсвэл хуулийн  байгууллагад хандах хэлбэрээр төгсдөг.

Үйлдвэрлэгчдэд хандаж хэлэхэд ямар ч нөхцөлд мөнгө өгч эдгээр хүмүүсийг өөгшүүлж болохгүй  гэсэн зарчмыг хатуу баримтлах хэрэгтэй. Ийм үйлдлийг хялбар аргаар мөнгө олох гэсэн тодорхой тооны хүмүүс л хийдэг.

- Яагаад үйлдвэрлэгчид хуулийн дагуу асуудлаа шийдэхгүй "зууралдаад" байдаг юм бэ?

Яагаад гэвэл бизнесийн гол үндэс нь тухайн үйлдвэрлэгчийн  брэндийн нэр хүндэд  байдаг юм. Иймээс хүнс үйлдвэрлэгчид хүссэн хүсээгүй таны хэлдгээр энэ хүмүүстэй "зууралдах" шаардлагатай болдог.  Захын нэг сумын  дэлгүүрийн лангуунаас хэрэглэгчийн гар дээр тавигдах хүртэл тэр бүтээгдэхүүн ямар нөхцөл, гормийн  тээвэрлэлт, хадгалалтаар дамжаа бол?  Сонирхолтой асуудал боловч эцсийн хариуцлага  "бренд"-д  тохогдоно.  "Бид хэрэглэгчээс мөнгө авч байгаа юм биш, итгэл авч байгаа юм" гэж  үйлдвэр эрхлэгчид ярьдаг. Хэрэглэгчдийн маань итгэл руу ус цацаад байхад бид" зууралдахгүй " бол хэн зууралдах юм бэ?

Монголын хуулинд брендийн хохиролыг бодитоор  тогтоох механизм байхгүй.
- Энэ асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх шаардлагатай вэ?

Бидэнд хэрэглэгчдийнхээ баталгаа,  баримттай гомдол, саналыг хүлээж аваад шалтгааныг тодруулаж залруулах, магадгүй алдаа гаргасан бол хариуцлага хүлээдэг тогтолцоо шаардлагатай байна.

Шинэчлэлийн засгийн газар ажлынхаа гарааг эхлэх үед олон нийтийн сүлжээнд  тавигдаж байгаа сэтгэгдлийн эзэн нь тодорхой байх ёстой  гэсэн санал гаргаад нийгэм даяар шуугиан тарьж байсныг та  санаж байгаа байх. Миний бодлоор энэ маш зөв зүйтэй.

Жишээ нь  би  өнөөдөр ямар нэгэн  бүтээгдэхүүний нэр хүндийг унагах зорилгоор  горимийг нь  зөрчин хадгалаад,  зургийг нь аваад facebook-ээр дамжуулан хэвлэл мэдээллийн бүх сувгаар тараахад  хуулийн дагуу  намайг  олох боломжгүй юм.

Харин тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч  хуулийн хүрээнд зөвхөн миний   харавсан сумтай л "байлдах" болохоос "нуусан" нумыг  нь  олж чадахгүй.

Ийм учраас хүнсний үйлдвэрлэгч рүү хандсан, бизнесийн болоод брэндийн  нэр хүнд рүү халдсан аливаа мэдээ мэдээлэл нь бодитой эсэхийг тогтоож болдог, үнэн бол үйлдвэрлэгч, худал  байвал тухайн мэдээлэл тараасан этгээд хариуцлага хүлээдэг  асар энгийн зарчим л  үйлчилдэг байвал болоо.  Өөрөөр  хэлвэл хэргийн эзнийг цахим ертөнцөөс олж  тогтоогоод хариуцлага хүлээлгэдэг байсан  бол тухайн хүн "сум" тавихын өмнө эргэцүүлж таарна даа.

Цаг хугацаа, хэрэглэгч хоёр  хамгийн мэргэн шүүгч шүү дээ.

- Анзаараад байхад ихэнх тохиолдолд тухайн зах зээлийн тэргүүлэгч компаниуд  дайралтад илүүтэй өртөөд байх шиг?

Ийм хүмүүс голдуу бүтээгдэхүүн нь хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй  компаниудыг сонгож дарамталдаг. Тэгэхээр дайралтад өртөж буй компаниуд өөрсдийгөө сайн ажиллаж байна гэсэн дүгнэлтийг  хийж болохоор байгаа биз  (инээв).  "2010 -аад оны үед ийм инээдэмтэй  үзэгдэл байж билээ" гэж үйлдвэрлэгчдийнхээ дараагийн үед  яриад  сууж байх үе ойрхон байна.

- ТТБ , тэр дундаа хүнсний салбарын ТББ -ын тухай ямар бодолтой явдаг вэ? 

Бид дэлхийн хандлагын дагуу л хөгжих ёстой.  ТББ нь ямар нэгэн төрийн бүтцийн "дайвар" судалгааны баг бөгөөд аливаа нэгэн хуулийн төсөлд тухайн ТТБ-ын гишүүдийн саналыг тусгасан гэж  баталгаажуулах хэлбэр байдлаар ажиллах ёсгүй.  Монголын Хүнсчдийн Холбоо өнөөгийн хуулийн орчиндоо бол боломжийн сайн ажиллаж байна гэж үздэг. Ер нь бол төр эрх мэдлээ шилжүүлж, хариуцлага үүрүүлэх тухай л хэлэх гээд байна. Энэ талаарх сүүлийн үед нааштай хандлага гарсан. Өөрөөр хэлбэл "Цонх"-оор агаар ороод эхэлсэн боловч "цонх" хагас нээлтэй хэвээр байгаа нь эрх мэдлээсээ өөрийн дураар хуваалцах хүнд байдагтай холбоотой байх.  

Нөгөө талаас манай ТББ-уудын хариуцлага хүлээх чадварын түвшин, нийгмээр хүлээн зөвшөөрүүлэх үнэлгээ дутагдалтай байна.  Тэр бүү хэл  хувь хүмүүсийн үйлдэл хөгжлийн дараагийн шатандаа шилжиж ТББ -хэлбэрээр илэрдэг боллоо. Магадгүй уул уурхайн салбараас санаа авсан байж болох юм.  Шинээр төрж байгаа "хэрэглэгчдэд учиргүй их хайртайчууд" хэдийнээ зорилго төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай хэлбэрт оржээ. "Идэх" тутам улам дуртай болох вий дээ .

- Магадгүй яригдах мөнгөний хэмжээ нь өөр байдаг байх. Өөр ялгааг нь олж харахгүй байна? 

Хамгийн ноцтой нь ТББ-ыг  шударга бус өрсөлдөөний зэвсэг болгож ашиглах боломж байгаад юм. Тусгай санхүүжилттэй, нарийн төлөвлөгөөтэй, сайтар боловсруулсан PR ажиллагааны шинжтэй хийгддэг. Тухайн брендийн нэр хүндийг унагахын тулд мэдээлэл дамжуулах бүх сувгийг тодорхой дэс дараалалтай ашигладаг. Жишээ нь: эхлээд хувь хүнээр дамжуулж олон нийтийн сүлжээнд цуурхал дэгдээнэ. PR мэргэжилтнүүд фокслох гэдэг юм билээ.  Маргааш нь сонин дээр нийтэлнэ. Дараа нь сониноос иш татаж бүх сайтаар цацна. Эцэст нь хэвлэлийн бага хурал зарлаж телевизээр мэдээлнэ гэх мэт. Ингэж тухайн брендийн нэр хүндийг унагадаг.

Бид нэгэн ТББ-тай  шүүхээр заргалдаж байгаа. Улсын бүртгэлээс хайхад ямар ч мэдээлэл байгаагүй.  Гэтэл бидний эсрэг явуулга хийхдээ өчнөөн сая төгрөг  зарцуулсан. Тайландаа тусгасан эсэх нь асуудалтай. Хаягаараа байхгүй. ТУЗ-ын гишүүдийг хэн болохыг мэдэх боломжгүй. Санхүүжилтийн эх үүсвэр  нууц. Цахим сайтгүй.  21 дүгээр  зууны хүнсний  хөгжлийн талаар ямар ч  ойлголтгүй тэргүүн нь гэх нэг нөхөр  индэр дээрээс "хэрэглэгчдэд учиргүй их хайртай" тухайгаа бурж өгнө дөө.  Танил дүр зураг байгаа биз.  

Хуулийн хэмжээнд асуудал шийдэгдсэний дараа энэ нөхөр нөгөө индэр дээрээсээ "уучлаарай, би бүтэн хоёр жил буруу ярьж байжээ" гэх байлгүй.  Нэг хүнээр найман үг хэлүүлэхийн төлөө өмгөөлөгч хөлслөөд, баримт нотолгоо цуглуулаад  явах үед өөрийн эрхгүй хэний ч анхаарлыг татахгүй жижигхэн компанид ажиллаж байсан бол  гэж бодогдог юм билээ.  Яагаад  "Даноне" таргыг 10 дугаар зууны технологоор хийхгүй байгаа учраас тараг биш гэж  телевизээр ярьдаггүй гээч? Яагаад гэвэл "Даноне" соёлт нийгмийн хуулийн хамгаалалтанд байдаг учраас  сачий нь хүрэхгүй л байхгүй юу.  Дэлгүүрийн лангуунд зэрэгцэн орших дэлхийн болон үндэсний үйлдвэрлэгчийн  хоёр ижил бүтээгдэхүүн хуулийн хоёр өөр орчинд байна шүү дээ.  Өөрөөр хэлбэл  тэмээг тэмээ мөн гэж батлах ажил ажил хийгдэж байна.  

Энэхүү гаж үзэгдэл гаарвал эрүүл бус өрсөлдөөн газар авна гэсэн үг.

- Үүнээс болж гарсан хохирлыг тооцох боломж бий юу?

Бодит хохирлыг үнэлэхэд хэцүү. Тодорхой хугацааны борлуулалтын орлого бууралтыг  жинхэнэ хохирол гэж бодохгүй байна. Хамгийн харамсалтай нь брендийн нэр хүнд унана гэдэг компаний хувьд төсөөлшгүй хохирол.  ПЕПСИ-КОЛА  бренд дэлхийд  ямар их үнэтэйг бид мэднэ. Монголын хуулинд брендийн хохиролыг бодитоор  тогтоох механизм байхгүй.

- Шүүхийн шийдвэр үйлдвэрлэгчийн талд гарсан ч энгийн хэрэглэгч миний хувьд тухайн бренд "ноотой" гэсэн сэтгэгдэлтэй үлдэнэ.  Таны хэлснээр хохирлоо бодитоор тогтоолгох гарц бага  "Чөтгөрийн гурвалжин"- даа байгаад байх уу?          

Энэ  илэрхийлэлтэй тэмцээд гарах үр  дүн. Улс төр, уул уурхай, хүнс  салбар нь гол биш ерөнхийдөө   ТТБ-ын тухай хуульд ТББ-ыг   энэ төрлийн үйлдэлд ашиглах эрсдлийг багасгах заалтууд хэрэгтэй байна гэсэн үг.  Нэгдүгээрт  ашгийн төлөө бус ажилладаг нь үнэн юм бол ТУЗ-ын гишүүдийн мэдээллээс эхлээд санхүүгийн урсгалын тайлан хүртэлх бүх мэдээлэл ил тод байх ёстой.  

 Хоёрдугаарт хариуцлага тооцох тогтолцоог тодорхойлох хэрэгтэй.                                                                                                                          

- Танай компани бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын ямар стандартыг мөрддөг вэ?

ISO9001 стандартыг нэвтрүүлээд гурван жил боллоо. Энэ оноос ISO22000-ыг хэрэгжүүлээд эхэлнэ . Энгийн хэрэглэгч сайн ойлгодоггүй ч ISO стандарттай байна гэдэг тухайн компаний нэр хүндийг илтгэдэг. ISO зөвхөн тухайн компанид хамаатай зүйл биш. Уг стандартыг хэрэгжүүлэхийн тулд түүхий эдээ нийлүүлэгч  гадаадын компаниас эхлээд  тээвэрлэгч , үйлдвэрлэгч, борлуулагч бүгдийн  үйл ажиллагаа уг стандартад нийцсэн байх ёстой. ISO стандартыг мэргэжлийн байгууллагууд зохиогоогүй  нийгмийн, аж үйлдвэрийн  олон зуун жилийн хөгжлөөс шалгарлаараа  урган гарсан зүйл.

Эрүүл ахуйн хувьд манайх  бүрэн ариутгасан орчинд  буюу асептик савлагааны технологийг ашигладаг. Энгийн халуун савлагаатай  харьцуулахад их үнэтэй технологи. Зөвхөн нэг үйлдвэрийн тоног төхөөрөмжид тухайн үед 5 сая орчим еврог зарцуулсан. Манай салбарын чиглэлийн  Япон мэргэжилтнүүд Монголд асептик технологи байдгийг хараад  маш гайхсан. Тухайн үед  Германы KHS компаний хуурай асептик технологийн жүүс савлах шугам  дэлхийд 34-хөн, Азид дөрөвхөн байсан. Харин Азийн  тав  дахь нь манайх  юм.

Эндээс харахад манай компани  хүнсний эрүүл, аюулгүй байдлыг яаж хангадгийг төвөггүй ойлгож болно.

- Хүнсний аюулгүй байдлын тухай хууль бүрэн хэмжээнд хэрэгжиж чадаж байна уу?

Энэ хууль бол зайлшгүй шаардлагатай, чухал хууль гэдэг нь ойлгомжтой  Хэрэгжилтийн хувьд анхаарах зүйл цөөнгүй.

Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсвэл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна гэж хуулинд заасан байтал захын дэлгүүрт ороход уг заалт хэрэгждэггүй нь харагдаж байна. М

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн гуравдугаар бүлгийн 12.6-д: "Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод агуулагдах мэдээлэл монгол, эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн байна"гэж заажээ. Харин МИАТ компаний борлуулж байсан уг жүүсний саван дээр дээрх гурван хэлний алинаар нь ч бичээгүй байна.

ИАТ-ын онгоцоор нисч байхдаа жүүс авахад шошгон дээр нь эдгээр гурван хэлний алинаар нь ч бичээгүй байсан. Ядахдаа МИАТ  хуулиа мөрдмөөр  байна.  Төрийн өндөрлөгүүд маань үндэсний  үйлдвэрлээ дэмжье  гээд байхад цорын ганц  үндэсний  агаарын тээвэрлэгч нь Герман жүүсээр дайлж байна билээ. Бид амт, чанар, үнээрээ  өрсөлдөхүйц бүтээгдэхүүн хийж чадахгүй байгаа бол хохь нь гэх сэн. Даанч тийм биш.  Монголын бахархал бага зүйлээс эхэлдэг гэсэн бодолтой байдаг.  Бид  "цагаан захтангууд"-ын  дараагийн үеийг "арай  монголжуу" болгон хүмүүжүүлэх тухай бодох нь дээр.