Малын өвчлөлөөс болоод экспорт зогсонги байдалд орсон
Монголын Махны Холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат
2016.03.04

Малын өвчлөлөөс болоод экспорт зогсонги байдалд орсон

Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбаттай мах нийлүүлэлтийн талаар ярилцлаа.

Монголд мах нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн компани байдаг вэ?

Монголын махны холбоонд 45 гаруй компани бүртгэлтэй байдаг. Мах төхөөрч, нядлаж, боловсруулахаас гадна, дулааны боловсруулалт хийдэг компаниуд бий. Малыг төхөөрч, бэлтгэн дотоодын хэрэгцээгээ хангах зориулалтаар байгуулагдсан 20 гаруй компани байдгаас 10 нь  тогтмол үйл ажиллагаа явуулж байна.

Энэ оны байдлаар хэдэн тонн махыг экспортлосон бэ?

ОХУ, Хятад улс руу нийт 6000 тонныг экспортлоод байна. Салаа туурайтай малын махыг экспортлох боломжтой болсноор эхний удаад 16 тонн махыг гаргасан. Махны экспорт 2010 оноос харьцангуй буурсан. Өнгөрсөн жил 3-4 мянган тонн мах гаргасан бол энэ жил 2-3 мянган тонныг гаргах төлөвтэй байна. Махны экспорт буурсан нь экспортлогч орны тоо хязгаардлагдмал байгаатай холбоотой.

Цаашид хэдэн тонн махыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна вэ?

Бодит байдалд уялдуулж төлөвлөх ёстой. Цаашид экспортын шаардлага хангах үйл ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй байна. Мах экспортлож буй компаниудын техник, технологийн хүчин чадал чухал. Өнөөдрийн байдлаар Монголд гадаадын экспортыг хангах боломжтой үйлдвэр гурав, дөрөв л бий. Бусад үйлдвэрүүдийн хувьд олон жил болсон, хуучин эд ангитай,  технологийн хувьд хоцрогдсон байдаг. Тийм учраас үйлдвэрийг техник, технологийн хүчин чадлын хувьд өргөтгөх хэрэгтэй.

Ер нь  экспорт гэдэг үйлдвэр, мал байснаар л бүтдэг зүйл биш. Махан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд малын эрүүл мэнд хамгийн чухал. Сүүлийн жилүүдэд малын өвчлөлөөс болоод экспорт зогсонги байдалд орсон. Тийм учраас малыг нэн тэргүүнд эрүүлжүүлэх хэрэгтэй. 

Махны экспортыг гол хангадаг хэсэг бол төвийн бүс. Махны үйлдвэрүүдийг дийлэнх нь энэ бүсэд байдаг. Тиймээс малын эрүүл мэндийг онцгой анхаарах хэрэгтэй. Эрүүл малтай бол малын экспортыг аль ч оронтой хийх боломжтой болно.
Хятад руу мах экспортлох бэлтгэл ажлыг 2019 он гэхэд хангана гэсэн. Энэ ажил хэр явагдаж байна?

Хятад руу мах экспортлохын тулд 2014 оноос эхлэн төр болон, үйлдвэрийн зүгээс их анхаарлаа хандуулсан. Шинэ технологийг нэвтрүүлэх, малыг эрүүл бүсээс авах, удам угсааг нь зөв бичиж тэмдэглэх зэргээр олон аргаар бэлтгэсэн. Үүний үр дүнд салаа туурайтай малыг анх удаа экспортод гаргалаа.

Экспортын маханд ямар шаардлага тавьдаг вэ?

Бид олон жилийн турш ЗХУ-д мах экспортлож байсан туршлагатай. Тухайн үед малыг үйлдвэрт нядлан махыг нь дөрөв хуваагаад ачдаг байв. Одоо бол махыг экспортлоход өндөр шаардлагуудыг тавьдаг болсон. Тухайлбал ихэнх орнууд ястай мах авахыг хүсдэггүй. Тийм учраас яснаас нь салган, шулж бэлддэг. Богийн махыг ястай бол жижиглэн хөрөөдөж бэлдэнэ. Экспортын мах эрүүл газраас бэлтгэгдсэн, эрүүл ахуйн шаардлагыг хангасан үйлдвэрт нядлагдсан, хүргэлтийн процес нь зөв явагдаж, зөв баглаа, боодолтой байх ёстой.

Мөн шаардлага хангасан хөргөлтийн системтэй тээврийн хэрэгслээр экспортод гаргадаг. Экспортод гаргасан мах бүр гарал үүслийн бичигтэй байна. Хятад, Япон улсууд дулааны аргаар боловсруулсан мах авах хүсэлтэй байдаг. Энэ нь энгийн үгээр хэлбэл ус, халуун ууранд чанасан мах юм. Ингэж чанахад маханд агуулагдсан элдэв халдварт өвчний нян бактериуд бүрэн устгагддаг. Манай үйлдвэрүүд энэ технологийг суралцах шаардлагатай байна. Гадаад орнуудын мах экспортлож буй аргаас нь харахад аль болох боловсруулсан махыг экспортлодог. Мөн экспортын махаа шөлтэй хоолны мах, хоёрдугаар хоолны мах зэргээр төрөлжүүлдэг. Энэ мэт нарийн шаардлагуудыг эзэмшиж, шинээр нэвтрүүлэх нь улсад ч их ашигтай юм.

Ямар, ямар тоног төхөөрөмжийг ашиглаж байна вэ?

Хуучин Орос, Германы тоног төхөөрөмжийг ашигладаг байсан. Сүүлийн үеийн үйлдвэрүүд БНХАУ-ын тоног, төхөөрөмжийг хэрэглэдэг. Мал төхөөрөх, хиамны тоног төхөөрөмж, халуун аргаар боловсруулах төхөөрөмжүүд гэх мэт. Зоорийн хувьд Хятад, Солонгос улсын хөргөлттэй зоорийг ашигладаг.

Хөрш орнууд руу мах экспортлоход Монголын үйлдвэрийн хүчин чадал хүрэлцдэг үү? Тоног төхөөрөмж хэр хангалттай байдаг вэ?

Манай үйлдвэрийн хүчин чадал хүрэхгүй байна. Авья гэсэн хэмжээгээр нь үйлдвэрлэх боломжгүй. Яагаад гэвэл үйлдвэрүүд цөөн, хүчин чадал муу, мөн улирлын чанартай ажилладаг. 9-12 сарын хооронд л бүх нядалгаагаа хийж байна. Тиймээс цаашид үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ, тэнд хэдэн жижиг үйлдвэр байгуулах нь тийм оновчтой биш.  

Махны үйлдвэрт нарийн технологи шаарддаг. Байнгын цахилгаан, халуун, хүйтэн ус, уур зайлшгүй хэрэгтэй. Тэгэхээр аймгийн нөхцөлд махны үйлдвэр барьж ажиллуулах нь төвөгтэй.

Хөгжилтэй орнуудын хувьд томоохон үйлдвэр барьж байна. Тэд төвлөрсөн хэдэн том газарт үйлдвэрээ барьдаг. Ингэснээр байнгын малаа нийлүүлж, шаардлага хангасан эрүүл махыг экспортлох боломж бүрддэг.

Манай улсын хувьд мал нядлах цех, хэдэн зоорьтой газрыг үйлдвэр гэж андуурах тохиолдол бий. Дэлхий нийтэд мал нийлүүлэх үйлдвэрийг тусгай нутаг дэвсгэрт, бэлчээр, таримал тэжээлийн ургамалтай, бордооны цэгтэйгээр барьж байгуулдаг. Ингэснээр жилийн дөрвөн улиралд мах экспортлох боломжтой болдог. Мөн бүх зүйлийг нэг дор төвлөрүүлснээр малын махыг л ашиглаад зогсохгүй гэдэс дотор, толгой, шийр, цус гээд бүх юмыг нь ашиглаж, үйлдвэрийн аргаар боловсруулах  боломжтой.

Махны экспортыг явуулахад малын үйлдвэр угсаа гологдож байна. Монгол малын бие жижиг байдаг. Мах бэлтгэлд ирж буй үхрийн махны жин 120-150 кг, богийн гулууз 18-30 кг байх жишээтэй. Ийм учраас маш их мал зарлагдаж, экспортоор орж ирэх ёстой ашгаа бүрэн авч чаддаггүй. Тиймээс малын жинг нэмэгдүүлэхийн тулд бордож, таргалуулах, мөн үйлдвэр угсааг нь сайжруулах хэрэгтэй байна. Эдгээр ажлыг мах экспортлох зориулалттай хоёр гурван газар жишээ болгон хийх хэрэгтэй. Мөн экспортыг хөгжүүлэхийн тулд хурга, тугалыг бордох хэрэгтэй байна. Ийм олон ажлуудыг хийснээр экспортыг хөгжүүлж, дэлхий нийтийн шаардлагад нийцэх боломж бий.

Экспортыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн махны компаниудын хийх ажил биш, улс орны ажил

Экспортыг хөгжүүлнэ гэдэг зөвхөн махны компаниудын хийх ажил биш, улс орны ажил. Эхлээд малчид эрүүл, тарга хүчтэй, гарал үүсэл нь тодорхой малыг бэлтгэж, зах зээлд худалдаалж сурах хэрэгтэй. Хэдэн арван км-ээс малаа туун ирж зардаг хэрнээ түүндээ дүйцэхүйц үнээр борлуулж чадахгүй байна. Орон нутагт байгаа үйлдвэрүүд орон нутгийн малчидтай олон жилийн гэрээ байгуулж, тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстой. Үүний нэг жишээ бол Завханы мах комбинад аймгийнхаа бүх малчдаас мал аваад, малчдын амьжиргааг дэмжиж, их мал өгсөн өрхөд урамшуулал олгодог. Бусад аймгууд ч ийм  жишгээр хөгжих хэрэгтэй байна. Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага, Гааль, татвар, Мал эмнэлгүүд бүгд нэгдсэн санаатай байснаар экспортыг хөгжүүлнэ.

Монголд малаа тэжээх тусгай үйлдвэртэй  болох боломж бий юу? Үйлдвэр байгуулахад ямар бэрхшээл байна вэ?

Дорнодын тал гэхэд маш их талбайтай, өвс тэжээлтэй өргөн тал. Сэлэнгэ аймагт ч бас үйлдвэр барих боломжтой. Тарианы сүрэл, төмсний хаягдал зэрэг тэжээлийн асар их нөөц тэдгээр аймгуудад байна. Ийм үйлдвэр байгуулахын тулд Төрөөс бодлого гаргаж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хувийн өмч хөрөнгөөр үйлдвэр барихад бэршээлтэй. Махны үйлдвэрүүд өсч, хөгжиж чадахгүй байгаа нь эргэлтийн хөрөнгө бага учраас юм. Хэрэв улсаас дэмжлэг үзүүлбэл махны үйлдвэрүүд хөгжих бололцоотой. Махны үйлдвэр бол байнга баялаг үйлдвэрлэж байдаг газар. Ухсан газар шиг онгойж үлдэхгүй байнга өсч, нэмэгдэж байдаг. Тиймээс төр урт хугацааны бага хүүтэй зээл олгох зэргээр хөрөнгө зарцуулах хэрэгтэй.

Мах нийлүүлэлтийн салбарт тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ?

 Малыг эрүүлжүүлэх хэрэгтэй. Мал өвчтэй болчихвол экспорт шууд зогсоно. Олон мянган малтай малчид л мах нийлүүлэгчид болдог. Гэхдээ малаа эрүүлжүүлэхэд санхүүгийн бололцоо дутагдалтай байна. Малыг эрүүлжүүлэхэд малтай л харьцах бус малын хашаа, хороо, өвөлжөө, хаваржаанд  давхар ариутгал хийх хэрэгтэй. Тиймээс мал эрүүлжүүлэх ажлыг л нэн тэргүүнд тавих ёстой.

Цаашид мах нийлүүлэлтийг дэмжих тал дээр ямар ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

Хоёр хөршид мах нийлүүлж буй компаниудаа дэмжиж хүрээг нь өргөтгөх, шинээр экспортлогч компаниудын тоог нэмэхэд анхаарч байна. Мөн экспортлогч орны тоо хэмжээг нэмэх хэрэгтэй. Зөвхөн Орос, Хятад гэлтгүй Вьетнам, Лаос, Иран, Кувейт зэрэг орнууд руу хонь, ямааны махыг экспортлох боломж бий. Дундад Азийн орнуудаас ч манай махыг авах хүсэлтээ илгээсэн. Хоёр орны нутаг дэвсгэрийг дамжиж мах экспортлох асуудлыг шийдчихвэл боломж бий. 

Экспортлогч орны тоо хэмжээ нэмэгдвэл экспорт ирээдүйтэй болно.

Мөн дан махаа л гаргах биш төрөлжүүлж ангилсан махыг бэлтгэх гаргах хэрэгтэй байна. Орчин үеийн шинэлэг арга хэлбэрүүдийг нэвтрүүлж чадвал бага махаар их мөнгө олох боломжтой. Одоо бол их махаар бага мөнгө олж байна шүү дээ. Махны нийлүүлэлт бол ашигт малтмал шиг чухал экспортын бүтээгдэхүүн юм. Ийм болох боломж ч бий.