М.Билэгт 2016.09.05 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

М.Билэгт: Манай намын мөрийн хөтөлбөрийн зарим заалт хэрэгжих боломжгүй болж байна

УИХ дахь АН-ын бүлгийнхэн шинэ УИХ, Засгийн газар бүрэлдсэн цагаас эхлэн сонгуульд ялсан мөрийн хөтөлбөрөө ирэх жилүүдэд хэрэгжүүлж ажиллахыг үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-аас шаардаж эхэлсэн.

Эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдалд нийгмийн хамгаалал, халамжтай холбоотой тодорхой заалтуудаа хэрэгжүүлэх боломжгүй байгаагаа Засгийн газрын тэргүүн, сайдууд удаа дараа мэдэгдсээр байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ч энэ асуудал сөхөгдөж, МАН-аас дэвшиж, сонгогдсон гишүүд ч энэ асуудалд байр сууриа илэрхийлж байсан. Түүний нэг бол УИХ-ын гишүүн М.Билэгт. 

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Өмнөх УИХ, Засгийн газраас 2016 оны төсвийг боловсруулахдаа орж ирэхгүй орлогыг орж ирэх мэтээр тооцож, мөн төсөвт тусгагдаагүй олон зардлыг санхүүжүүлэх зэрэг төсөв, санхүүгийн сахилга батгүй байдал, эмх цэгцгүй бодлогоос болж, төсвийн орлого их хэмжээгээр тасалдахад хүрлээ.

Бид нэг ч татвар нэмэхгүй гэж амласан. Гэтэл өнөөдөр 2,5 сая төгрөгөөс дээш цалин авч буй иргэдээсээ татвар авах тухай ярьж байна. Мөн 150м квадратаас дээш талбайтай орон сууцанд амьдарч буй өрхөөс татвар авахаар оруулж иржээ." гээд

- Хоёр төрлийн татвараас хэдэн төгрөгийн орлого орж ирнэ гэж тооцсон бэ" гэсэн асуултыг хууль санаачлагчаас асуугаад өмнөх Засгийн газрын үед эдийн засгаа хүндрэлд оруулж, төсвийн алдагдалд хүргэсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцож, тэднээс мөнгө гаргуулах саналыг дэвшүүлж байлаа. 

Асуултад Сангийн сайд нилээн учирласан байдалтай хариулсан юм. 

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн:

"Манай намын мөрийн хөтөлбөрт эдийн засгийг сэргээнэ гэсэн зүйл заалт бий. Сэргээхийн тулд хоёр үе шаттай арга хэмжээ авахаас өөр аргагүй байна. Нэгдүгээрт, эдийн засгийн уналтыг зогсоож, тогтворжуулах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд иймэрхүү онцгой арга хэмжээ авахгүй бол болохгүй байна.

Бид мөрийн хөтөлбөрөө боловсруулж байх үеийнхээс шинээр УИХ, Засгийн газар бүрэлдэн тогтож, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх үе тэс ондоо, хүндэрчихээд байна. Мөрийн хөтөлбөр боловсруулах явцын мэдээлэл, Сангийн яамны ажил аваад танилцсан бодит тоо хоёр хоорондоо зөрөөд байна" гээд өмнөх Засгийн газрын төсвийн сахилга батгүй байдлыг дурдаад энэ байдлыг ард түмэн ойлгоно гэдэгт найдаж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.