Баасанхүү.О 2016.11.23 | Сайт: Vip76.mn

Эрдэнэт хотод тулгамдсан асуудлаар юу дуугарав?

Эрдэнэт хотод тулгамдсан асуудлаар юу дуугарав?
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэлцэж буй асуудал болгонд өөрийн байр сууриа илэрхийлж, асуулт асуудаг гэхэд болно. Үүнээсээ болж УИХ-ын дарга, бусад гишүүдэд шүүмжлүүлж, зарим тохиолдолд гоочлуулдаг. Гэхдээ ингэлээ гээд тэр амаа хамжиж, зүгээр суусангүй. Түүний хэлж буй үгэнд авах ч юм бий, хаях ч юм бий гэдэгт өөрөө ч санал нийлэх биз.

УИХ-ын гишүүн гэж олон улс, бүс нутаг, улс орны хэмжээнд сэтгэж, асуудлыг өргөн хүрээнд авч үзэхийн хажуугаар тойргийнхоо иргэд сонсогчдын эрх ашгийг хамгаалж, тулгамдсан асуудлыг төрд хүргэх үүрэг хүлээдэг. 

Тэгвэл Эрдэнэтийн овооноос төрд гарсан гэж өөрийгөө тодорхойлох УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэт хотод тулгамдсан асуудлаар юу дуугарав? Түүний хэлсэн олон үгний дунд "Эрдэнэт" гэж хэр дурдагдав?

О.Баасанхүү Орхон аймгийн 47 дугаар тойргоос УИХ-д сонгогдсон. Тэрээр эрдэнэтчүүдийг амар тайван байлгаж, амьдралын баталгаагаар хангаж өгөхийг бүх шатанд уламжилж байдаг.

Орхон аймгаас сонгогдсон учраас Эрдэнэт үйлдвэрийг тойрсон асуудлаар байнга дуугардаг. 

Эрдэнэтийн овооноос УИХ руу, эх дэлхийн зүрх Монголоосоо Дэлхийн Их Хуралд.
УИХ-ын даргад:

- Монгол Улсын төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны асуудалд хяналт, шалгалт хийх УИХ-ын ажлын хэсэг байгуулах захирамж гаргахыг хүсэв.

- “Эрдэнэт үйлдвэрийн хаалт, хотын хөгжлийн сан байгуулах Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл санаачлан боловсруулжээ.

Уг тогтоолын төслийг өргөн мэдүүлэх тухай албан тоотыг хавсралтын хамт 2016 оны 10 дугаар сарын 4-нд УИХ-ын даргад хүргүүлсэн ч хэлэлцэх эсэх нь тодорхойгүй, УИХ-ын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.parliament.mn-ийн “Өргөн мэдүүлсэн төсөл” дотор ороогүй байна.

Эрдэнэтэд шахааны бизнес байдаг гэх. Прокурор 13 эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж үзсэн байна. Ганц ч хэрэг шүүхээс ял авч байгаагүй. Шахаа байхгүй. 
Ерөнхий сайдад:

- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хувьцааны 49 хувь ОХУ-аас Монголын талд шилжсэн учраас үйлдвэрт ажиллаж байсан ОХУ-ын гэрээт мэргэжилтнүүд нутаг буцсаны дараа гарах орон тоог хэвээр хадгалж, Эрдэнэт хотын оршин суугчдыг ажлын байраар хангах хүсэлт гаргав. 

- Гадаадын мэргэжилтнүүдийн ажиллаж, амьдарч буй орон сууцыг орон нутгийн өмчид шилжүүлж, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцжуулахыг хүслээ. 

Учир нь Орос ажилчид нутаг буцахад 300 гаруй айлын орон сууц үлдэх юм.

Эрүүл мэндийн сайдад:

- Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд автомашин хуваарилуулах хүсэлт тавьсан байна.

Хүсэлтийн хариу болгож, Эрүүл мэндийн сайд тус аймагт хүн ам, байршлыг харгалзан 2 автомашин хуваарилсан болохоо бичгээр уламжилжээ.

Сангийн сайдад:

- “Хотын үерийн хамгаалалтын далан” барих төсвийг баталж өгөхийг хүсчээ.

Эрдэнэт хотод хамгаалалтын далан барих ажлын зураг төсөлд 6,4 тэрбум төгрөг шаардагдах юм. 2016 онд Орхон аймагт үер усны гамшиг тохиолдож, хүний амь эрсэдсэн, тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүд осолдож, эндсэн байна.

- Эрдэнэт хотод цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон учраас тус байгууламжийн урсгал зардлыг 2017 оны төсөвт тусгахыг хүслээ.

Уг цэвэрлэх байгууламжийг Франц улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьжээ.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад:

- Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан, түүний нэр төр, алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгохыг хүслээ.

Учир нь Ю.Цэдэнбал нь Эрдэнэт үйлдвэрийг барих, Эрдэнэт хотын түүхэн бүтээн байгуулалтад онцгой гавьяа байгуулсан гэж үзжээ. 

Татварын Ерөнхий газарт:

- ОХУ-ын Ростех компанийн эзэмшилд байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн хувьцааны эрх шилжүүлсэн татварыг зохих этгээдүүд бүрэн төлсөн эсэхийг лавлалаа. 

Бусад: 

- Эрдэнэт хотод 640 өрх байнгын гэр бүлийн хүчирхийллийн золиос болдог. Энэ асуудалд онцгой анхаарах ёстой.

- Эрдэнэтэд шахааны бизнес байдаг гэх. Прокурор 13 эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж үзсэн байна. Ганц ч хэрэг шүүхээс ял авч байгаагүй. Шахаа байхгүй. 

- Эрдэнэт хотын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар уулзаж, үүрэг чиглэл өгөв. 

Эндээс үзэхэд тэрээр улс оронд тулгамдсан, цаг үеийн олон асуудлаар дуугарахаас гадна өөрийн сонгогдсон орон нутаг, тойргийн хүрээн дэх асуудлыг орхигдуулалгүй явна. Харин түүний тавьсан хүсэлт, шаардлагууд хэр биелж, үр дүн гардгийг эрдэнэтчүүд дүгнэх биз.

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа