Даваасүрэн.Ц Болорчулуун.Х Нямбаатар.Х Аюурсайхан.Т Оюунчимэг.М А.Сүхбат 2017.04.11 | Сайт: MMinfo.mn

Ц.Даваасүрэн: Оффшорын эсрэг түр хороо байгуулж, хариуцлагын асуудлыг ярина

Ц.Даваасүрэн: Оффшорын эсрэг түр хороо байгуулж, хариуцлагын асуудлыг ярина
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Т.Билэгт, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, А.Сүхбат нарын гишүүд оффшор бүсэд данстай байх асуудлыг эсэргүүцэн лобби бүлэг байгуулснаа өнөөдөр зарлалаа. Энэ талаарх хэвлэлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болсон юм. Лобби бүлгийн ач холбогдлын талаар Т.Аюурсайхан гишүүн “Оффшор бүс дэх дансуудыг шалгуулах, тэнд байгаа мөнгийг Монгол Улсад татан төвлөрүүлэх талаар манай лобби бүлэг үйл ажиллагаа явуулна. Энэ бүлэг гишүүдийн сайн дурын үндсэнд байгуулагдсан.

Үүнийгээ үр дүнд хүргэхийн тулд УИХ-д түр хороо байгуулахын төлөө явна. Эдийн засгийн хууль бус үйл ажиллагаатай тэмцэх түр хороо гэж нэрлэнэ. Түр хороог УИХ-ын тогтоолоор баталдаг учраас бид тун удахгүй тогтоолын төсөл өргөн барина. Оффшорын эсрэг тэмцэл улс төрийн намуудын нэгнээ намнах гэсэн тэмцэл болж болохгүй. Ингэх юм бол үр дүн гарахгүй. Тиймээс нам харгалзахгүй тэмцэнэ ээ. Цаашлаад улстөрчидтэй холбоотой биш бизнесийн эрүүл орчин, улстөрчдийн ёсзүйг эрүүлжүүлэх талаар ажиллана. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал оффшор бүсэд нуусан мөнгөтэй ч холбоотой” хэмээлээ.

Мөн олон улсын эдийн засагчдын гаргасан судалгаагаар оффшор бүсэд 21-32 их наяд ам.долларын хөрөнгө байгаа аж. Мөн 5-8 их наяд ам.долларын үл хөдлөх хөрөнгө нуусан байгаа бөгөөд ихэнх нь хөгжиж буй орнуудын мөнгө юм байна. Хэрвээ хөгжиж буй орнууд энэ мөнгөө оффшор бүсээс гаргаж чадвал өрөө төлөх ч боломжтой гэсэн судалгаа гаргасныг гишүүд онцолж байсан юм.

Мөн Ц.Даваасүрэн гишүүн “Гадагшаа гаргаж буй байгалийн баялгийн мөнгө Монгол Улсад бүрэн орж ирсэн бол бид эдийн засгийн хямралд орохгүй байсан юм. Оюутолгой болон Тамсагийн мөнгө Монголд орж ирэхгүй байгаа. Түр хороо байгуулсны дараа үе шаттай арга хэмжээ авна. Улсынхаа мөнгийг гадагшаа гаргаж нуугаад, идчихсэн хүмүүсийг бид яах ч үгүй л сууж байна. Таг чиг. Тиймээс цаашдаа үе шаттай олон ажил хийнэ.

Монголын байгалийн баялгийн мөнгө Монгол Улсын дансаар ордог болгоно. Нэг компани Монгол Улсын төсөвтэй тэнцэх хэмжээний баялгийг гадагшаа гаргаж байгаа атлаа төсвийн 5 хүрэхгүй хувийг л эргүүлж төлдөг. Энэ талаар ОУВС-ийн хөтөлбөрт огт дурьдаагүй байна лээ” гэв. Уг түр хороо албан ёсоор байгуулагдсаны дараа олон улс дахь оффшорын эсрэг тэмцэж буй байгууллагатай хамтран ажиллаж мэдээлэл солилцох ажлыг ч хийх юм байна. Урьдчилсан байдлаар  Швейцарын банкинд нэлээд хэдэн сая ам.доллар нуусан мэдээлэл ирсэн хэмээлээ.