Тэрбишдагва.Д Энхбаяр.Ж Баасанхүү.О Ё.Баатарбилэг Мөнх-Оргил.Ц 2017.05.25 | Сайт: Vip76.mn

Маргаан дагуулсан Элчин сайд нарын томилгоо

Маргаан дагуулсан Элчин сайд нарын томилгоо
Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.25/ Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, нэгдсэн байр сууринд хүрлээ.

Элчин сайдууд томилогдлоо

Дэлхийн эдийн засагт голлох байр суурь эзэлдэг АНУ, Швейцарь, ХБНГУ, Франц, Канад, Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар томилогдож байна. Тодруулбал, 

Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн бол Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн 60,4 хувийн саналаар, ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат 78,4 хувийн саналаар, Франц улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр 88,2 хувийн саналаар, Канад улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чингүүндарь 96 хувийн саналаар, Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэр 96,1 хувийн саналаар тус тус Элчин сайдаар томилогдож байна.

Эдгээр нэр дэвшигчийг Монгол Улсаа төлөөлөх өндөр хариуцлагатай, нэр хүндтэй албыг нэр төртэй гүйцэтгэж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч итгэл хүлээлгэж, УИХ баталлаа.

Л.Пүрэвсүрэн нарыг Элчин сайдаар томилох асуудал маргаан дагуулж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2017.05.25/ эхэллээ. 

Өнөөдөр Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тэргүүтэй хэд хэдэн асуудлыг хэлэлцэх юм. Нэр бүхий зургаан хүнийг Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч санал болгож, өргөн мэдүүлсний дагуу хэлэлцэхээр болжээ.

Монгол Улсаас АНУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаяр

Швейцарийн холбооны улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Л.Пүрэвсүрэн

ХБНГУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Д.Ганбат

Франц улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар А.Баттөр

Канад улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чингүүндарь

Япон улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэр нарын нэр дэвшигчид байна. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Ё.Баатарбилэг нар үг хэллээ.

Ц.Даваасүрэнгийн тухайд олон улсын гэрээтэй холбоотой асуудлыг хөндсөн бөгөөд тэрээр стратегийн чухал ач холбогдолтой асуудлаар олон улсын гэрээ хийх тохиолдолд заавал УИХ-аар хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна. 

Д.Тэрбишдагва: Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудал хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй атал гэнэт оруулж ирлээ. Зургаан нэр дэвшигч дунд Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн байна. Энэ хүн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Засгийн газар, УИХ-аас шийдвэр гараагүй байхад дур мэдэн ОХУ руу захиа бичсэн байдаг.

Гэтэл Л.Пүрэвсүрэнг Герман улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор оруулж иржээ. Тус улсад суух Элчин сайд нь Германаар сэтгэж, Германы түүх соёлыг сайн мэддэг хүн байх хэрэгтэй.

Зөвхөн хэл мэддэг гээд хангалтгүй. Хувь хүний хоорондын харилцаа биш хоёр улсын хоорондын харилцааны асуудлыг хариуцсан хүнээр ийм хүнийг томилох нь зөв үү? 

О.Баасанхүү: Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үү? Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй байгаа. Хэзээ эцсийн найруулгыг сонсох вэ? Сүүлийн үед Тагнуулын ерөнхий газар хүртэл миний эсрэг мэдэгдэл гаргаж, дэд сайд нар над руу дайрч байна. УИХ-д халдашгүй байдлын дэд хороо байдаг гэдгийг сануулах хэрэгтэй байх.

Би хууль эрх зүйн салбарт ажиллаад 20 жил болж байна. Эрүүгийн хуулиар бол дайны цагт цэргүүд эх орноосоо урвасан бол урвасанд тооцож, дайн бус цагт урваагүй гэж үзэхээр хуульчилсан. Мөн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон хүнд 15-20 жил хорих ял шийтгэдэг байсныг 5-12 жил байхаар бууруулжээ.

Би хуулийн тухай ярьж байгаа болохоос биш хувь хүний тухай огт яриагүй. Тиймээс Ерөнхий сайд дэд сайд нартайгаа хариуцлага тооцож, надад эргэн мэдэгдээч. Тагнуулын Ерөнхий газар улстөржих ёсгүй. ТЕГ бол улс орны нүд, чих байх ёстой. Ажлаа хийж яваа гишүүнийг шахаж, дарамталж болохгүй.

Ё.Баатарбилэг: Элчин сайдуудтай холбоотой асуудлаар намын бүлэг дээр нэгдсэн байр сууринд хүрсэн үү? Сар хүрэхгүй хугацааны дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Элчин сайд бол Монгол Улсын гадаад бодлогын алтан аргамж болох учиртай. Ирэх дөрвөн жилд шинэ Ерөнхийлөгч ажиллана.

Тиймээс шинээр томилогдсон Ерөнхийлөгч шинэ Элчин сайд нараа санал болгож, оруулж ирэх нь зүйтэй учраас энэ асуудлыг хойшлуулах хэрэгтэй гэж бодож байна. Нөгөө талаас Японы Осака дахь Консулын газрын үйл ажиллагааг зогсоосон. Энэ асуудлыг Засгийн газар, байнгын хороо бие даан шийдэх эрхтэй гэж үү? 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гурван гишүүн саналаа хэлсний дараа Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нар тайлбар хийлээ. 

Ц.Мөнх-Оргил: Элчин сайд нарын асуудлыг Ерөнхийлөгч оруулсан. Улсын Их хурлын чуулганы дэгийн тухай хуульд "Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг УИХ-д зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана гэж заасны дагуу уг асуудлыг оруулж ирсэн. 

Ж.Энхбаяр: Засгийн газар, Ерөнхийлөгч зөвшилцсөний үндсэн дээр энэ асуудлыг 5 дугаар 12-нд оруулж ирсэн. Томилгоотой холбоотой асуудал учир намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ үеэр Гадаад харилцааны сайд томилолттой байсан учраас асуудлыг долоо хоногоор хойшлуулж, өчигдөр байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Гадаад бодлого, аюулгүй байдлын нэгдмэл бодлоготой байсан. Энэ уламжлал хадгалагдах ёстой.

Ерөнхийлөгчийн гадаад бодлогыг хэрэгжүүлж байсан багаас гурван хүн эдгээр Элчин сайд нар дотор бий. Эдийн засгийн гол хандивлагчдад энэ удаагийн томилгоо чухал ач холбогдолтой. Гадаад бодлого, аюулгүй байдлыг улстөржүүлж болохгүй.

Энэ нь манай улсын гадаад нэр хүндтэй холбоотой. Консулын төлөөлөгчийн газрыг эгүүлэн татсан зүйл байхгүй. Элчин сайдын яамны үйл ажиллагааг өөр улсаас хамааруулахаар зохицуулах тохиолдол бий.