Энхтүвшин.Ө 2017.05.26 | Сайт: Vip76.mn

Ө.Энхтүвшин: Зургаан асуудал хөндмөөр байна

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.26/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин зургаан асуудал хөндлөө.  

1. Малын тоо толгойгоо улам өсгөх бодлого барих юм уу? Бэлчээрийн даац, хүрэлцээ бий юу? Усны нөөц ямар түвшинд байна. Малыг эрүүлжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авах вэ?

2. Оюу толгойн 34 хувийг яах вэ? Өөрөөр хэлбэл өр үйлдвэрлэдэг 34 хувь. Ашгийг нь бидний үе хүртэхгүй. Бидний хүүхдүүд хүртэх эсэхийг сайн мэдэхгүй байна. Одоо 30 жилийн дараа гэж байгаа бол удахгүй 40, 50 жилийн дараа ашиг хүртэнэ гэж яриад явахыг үгүйсгэхгүй.

3. Дээд боловсролтой ажилгүй иргэдийг яах в гэхээр мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд оруулна гээд байх юм. Тэр хүмүүс ийм сургалтад хамрагдана гэж үү? Үүний оронд их, дээд сургуулиудынхаа тоог цөөлөх, чанаржуулах тал дээр анхаарахгүй юм уу?

4. Арилжааны банкууд зээл олгож байна уу? Засгийн газрын бондыг худалдаж авчихаад суугаад байна уу? Олон нийтэд сурталчлахдаа үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гээд байдаг. Тэгсэн атлаа зээл олгохгүй бол яаж үндэсний үйлдвэрлэл хөгжих юм бэ?

5. Ирэх онд Улаанбаатар хотын цахилгаангүй бүх айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангана гэж Ерөнхий сайд мэдэгдэж байна. Гэтэл үндсэн чиглэл дотор ийм агуулгатай зохицуулалт алга. Ерөнхий сайдын мэдэгдлийг шууд энэ үндсэн чиглэлдээ тусгаж болохгүй гэж үү?

6. 10,8 их наяд төгрөгийн өртэй байгаа улсын үйлдвэрийн газруудыг яах вэ? Хувьчлах талаар ямар бодлого барьж байна? Ц.Ням-Осор даргын хэлснээр бол төрийн өмчит компаниудын 1 их наяд төгрөгийн өрийг төлсөн гэв үү?

Л.Баяртулга: Малын чанарыг сайжруулах жил” болгон зарласан

ХХААҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга 

Надтай санал нэг байна. Малын тоо толгой нэмэгдсэн. Мал давжаарч, малын чанар, бүтээгдэхүүний гарц муудаж байгаа нийтлэг дутагдал ажиглагдаж байна. Энэ асуудлыг яаж шийдэх талаар өнөөдөр 800 малчин оролцуулсан улсын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Малын тоо толгой нэмэгдэж байгаатай холбогдуулан бэлчээрийн даац, усны нөөцийн хомсдол нүүрлэж байна. Тиймээс малын чанарыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, үүлдэр угсааг сайжруулахад анхаарч, яамнаас энэ жилийг “Малын чанарыг сайжруулах жил” болгон зарласан. Мөн гүн хөлдөөсөн үр худалдан авч малын чанарыг сайжруулах болно. 

Нийт бэлчээрийн 70 хувь нь элэгдэл, хорогдолд орсон гэж үздэг. Гэхдээ “Ногоон алт” хөтөлбөрийн судлаачдын хийсэн судалгаагаар малын тоо толгойг бууруулж, бэлчээрийн даацыг зохистой түвшинд хүргэх юм бол нийт бэлчээрийн 90 хувь нь буцаад сэргэх бололцоотой гэсэн судалгаа бий. 

Мөн “Мянгат малчин” гэж шалгаруулдаг байсан бол энэ жилээс эхлэн “Улсын аварга малчин” гэж шалгаруулан тоо толгой биш чанарт нь анхаарах болсон. Цаашид ч тоо толгой биш малын чанар, ашиг шимд тулгуурласан бодлого явуулна гэж ойлгож болно. 

Ж.Мөнхбат: оюу толгой төслийн үр ашгийг дубайн гэрээ хойшлуулсан

ЗГХЭГ-ын дарга

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Дубай гэрээ байгуулж, уг гэрээний уршгаар Оюу толгойгоос хүртэх өгөөж Монгол Улсын хувьд таатай биш нөхцөл үүссэн бөгөөд ашиг хүртэх цаг хугацаа ч хойшилсон. Тиймээс Оюу толгойн төслийг цааш үргэлжлүүлэх үү, 34 хувийг зарах уу гэдэг нь УИХ-ын мэдэх асуудал.

Гэхдээ үр өгөөж багатай байгаа учраас зарна гэвэл маш хэцүү. Худалдлаа гэхэд нийгэм, ард түмэн яаж хүлээж авахыг мэдэхгүй байна. Дубайн гэрээгээр Оюу толгойн гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсон нь уг төслөөс хүртэх ашиг цаг хугацааны хувьд хойшилсон.

Н.Баяртсайхан: валютын зээл авах нь эрчимжиж байна

Монголбанкны Ерөнхийлөгч

Арилжааны банкуудаас зээл олгох процесс хэвийн үргэлжилж байгаа. Гэхдээ зээлийн бүтцийг харахад цалин, тэтгэврийн зээл хурдтай өсөж байна. Монголбанкнаас сар бүр 25 тэрбум орчим төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэр гаргаж байна.

Арилжааны банкууд нэмэлт эх үүсвэр гаргаж, дунджаар 60 хүртэл тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгож байна. Сүүлийн үед иргэд, аж ахуйн нэгжүүд валютын зээл авах хандлага эрчимжиж байна. Хэрэв тухайн иргэн, аж ахуйн нэгжид валютаар тогтмол орлого орж ирдэггүй тохиолдолд энэ төрлийн зээл авахаас болгоомжлох хэрэгтэй гэж зөвлөе.

Ж.Батсуурь: Магадлан итгэмжлэлийг нарийсгана

БСШУС-ын сайд

Их, дээд сургуулиудын тоо 160-д хүрч байсан тохиолдол бий. Одоогоор 90 гаруй их, дээд сургуулиуд үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь элсэлт цөөрсөн, чанаргүй боловсрол олгодгоос болж цөөрсөн гэж үзэж байна. Магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дүрмийг оруулж батлуулах гэж байна.

Үүний үр дүнд их, дээд сургуулиудад тавигдах шаардлага улам нарийсна. Ингэснээр зарим сургууль үүд хаалгаа барих, зарим нь нэгдэж нийлэх, элсэлтийг боловсронгуй болгох гээд нилээд ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.