Баасанхүү.О Чойжилсүрэн.Б 2017.07.06

О.Баасанхүү: ОУВС-гийн шалгалтын үр дүн гараагүй байхад хэлэлцээрийг баталж болж байгаа юмуу?

УИХ-ын чуулганаар өчигдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэд хэдэн асуудал тодруулж асуулаа

Тэрбээр "ОУВСангийн хөтөлбөрт орсонтой холбогдуулан арилжааны банкуудыг шалгах ажлыг хийхээр болсон. Үүнтэй давхцуулж Азийн хөгжлийн банкнаас энэ зээлийг авах нь хэр бодит үр дүнтэй вэ? ОУВСангийн шалгалтын үр дүн гараагүй байхад энэ хэлэлцээрийг баталж болж байгаа юмуу?

Хоёрдугаарт, чанаргүй зээлийг зохицуулна гэдгийг юу гэж ойлгох юм бэ? Ер нь зээл аваагүй нь хохирдог болчхоод байгаа юмуу? Тухайлбал би цалингийн зээл авна гэж бодож байгаа. Цалингийн зээлийг тэг болгоно гэсэн популист амлалтууд явсан. Энэ амлалтуудаар зээлтэй аж ахуй нэгжүүд зээлээ тэглүүлэх гэж байгаа юмуу? Зээлийг зээлээр ингэж шийдэх нь хэр үр дүнтэй юм бэ?

Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүний асуултад хариулахдаа

"Сая ОУВСантай хэлэлцээр хийхдээ Монголбанк, арилжааны банкуудаар активын  чанарын үнэлгээ хийлгэнэ гэж тохирсон. Энэ чанарын үнэлгээг олон улсын даатгалын байгууллагуудаар хийлгээд үр дүн ямар гарах талаар бид урьдчилан таахад хэцүү байна. Одоо зөвхөн олон улсын аудит хийх компаниудын дунд тендер зарлаад явж байна. 2-р улиралдаа багтаад арилжааны банкуудаар шалгалт орж эхлэх байх гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэдэг үүднээс 100 орчим сая долларыг банкны өөрчлөлтөд зарцуулах зориулалтаар авахаар урьдчилан тохироод байгаа.