Цэрэн.Б 2017.12.05 | Сайт: Vip76.mn

Хан-Уул дүүргийн сурагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэгээрээ өрсөлдлөө

Хан-Уул дүүргийн сурагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэгээрээ өрсөлдлөө

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АСК тэмцээнийг амжилттай зохион байгуулж өнөөдөр шилдэг багийг тодрууллаа. Уг тэмцээн нь аливаа төрлийн зам тээврийн осол, гэмт хэрэг зөрчлийг бууруулах зорилготой юм.

2017 оны нэгдүгээр улиралд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Сурагчийн аюулгүй байдал” номыг эмхэтгэн гаргасан. Энэхүү номын хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдийн дунд “Сурагчийн аюулгүй байдал” асуулт харилтын уралдаант тэмцээнийг өнгөрөгч 10 дугаар сарын 18-ны өдрөөс зохион байгуулж өнөөдөр дүнгээ гаргалаа.

"Сурагчийн аюулгүй байдал" асуулт хариултын тэмцээнийг ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Цэрэн нээж хэлсэн үгэндээ “Тэмцээнд оролцсон бүх баг, сурагчид, дэмжин ажилласан сургуулийн захиргаа, анги удирдсан багш, нийгмийн ажилтан болон шат шатны шалгаруулалтанд шүүгчээр ажилласан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд та бүхэндээ талархал илэрхийлье.

Хан-Уул дүүрэг гэмт хэрэг зөрчилгүй дүүрэг болоход сурагч та бүхний дэвшүүлсэн санаа, амьдралд чухал.

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бодлого, шийдвэрээр дэмжин ажиллахад бэлэн гэдгийг энд онцлон тэмдэглэмээр байна” гэсэн юм.

Ахлах, дунд ангийн сурагчид “Сурагчийн аюулгүй байдал” номонд багтсан хууль эрх зүйн мэдлэг, мэдээлэлд тулгуурлан өөрсдийн авъяас, сэтгэн бодох чадвараа шүүгчдийн өмнө тайлагнан гаргаж өсвөр үеийн найз нөхөд, өөрийн эргэн тойронд байх ойр дотны хэн нэгнээ аливаа гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ийнхүү мэдлэг оюунаараа хоорондоо өрсөлдсөн юм.

Эцсийн шатны шалгаруулалтад нийт 16 сургуулийн 10 багууд мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн болон багийн ахлагчийн асуулт хариулт гэсэн үндсэн 4 төрлөөр хоорондоо өрсөлдлөө.

“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээний дунд ангийн төрөлд:

1-р байр 15-р сургуулийн “Сонор сэрэмж” баг

2-р байр 60-р сургуулийн “Бяцхан аврагчид” баг

3-р байр 118-р сургуулийн “Сүртэй, хүчтэй баг”

Тусгай байр Орхон хасу “We can” баг

“Сурагчийн аюулгүй байдал” АСК тэмцээний ахлах ангийн төрөлд:

1-р байр 75-р сургуулийн “Ирээдүй” баг

2-р байр Буянт-Ухаа цогцолбор сургуулийн “Дэнс” баг

3-р байр 18-р сургуулийн “Жигүүртэн” баг

Тусгай байр 118-р сургуулийн “Ирээдүй” багууд тус тус байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Буянт-Ухаа цогцолбор сургуулийн 11а ангийн багш Солонго:

Хүүхдийн аюулгүй байдал, хүүхэд хамгаалал сэдэвтэй тэмцээн 3 үе шатаар явагдсан. Хамгийн анхных нь сургууль дээрээ явагдаад, түүнээс шалгарсан баг нь Соёлын ордонд хоёр дахь шатанд оролцсон. Үүнээс 10 баг шалгараад, өнөөдөр эцсийн шалгаруулалт нь болж байна. Манай баг “Дэнс” гэсэн нэрээр оролцож байгаа. Энэ тэмцээнээр сурагчид өөрсдийгөө ямарваа нэгэн орчинд гэмт хэрэг буюу зөрчлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвартай болох, ямар ч орчинд биеэ зөв авч явах чадвартай болох зорилготой. Үүнийгээ ч дагаад хүүхэд хамгааллын хуулийг маш сайн уншиж судалсан.

77-р сургуулийн “Ирээдүй” багийн сурагч:

3дахь шат учраас маш их хариуцлага ирсэн. Богино хугацаанд бэлдэх байсан учраас маш их хичээсэн. Үзүүлбэр эд материалын хувьд дутмаг байсан хэдий ч өөрсдөөсөө хамаарах зүйлсээ чадахаараа үзүүллээ. 2 дугаар шатнаас Хүүхэд хамгааллын хуулийн талаар орж ирнэ гэдгийг мэдсэнээс хойш тасралтгүй уншсан.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “МАНЛАЙ СУРАГЧ” тэмдэгээр “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн сурагч Т.Отгонбаатар, 75-р сургуулийн сурагч Д.Цолмон, Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр Орхон Хасу сургуулийн Б.Азжаргал, 60-р сургуулийн Ц.Хонгорзул нар тус тус шалгарч ГХУСАЗСЗ-ийн гишүүдээс шагналаа гардан авсан юм.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс зохион байгуулсан ажилд идэвх зүтгэлтэй оролцож, дүүрэг төдийгүй нийслэлд амжилт гаргасанд баяр хүргэж “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийг ИТХ-ын “Хүндэт үнэмлэх”-ээр шагнаж урамшууллаа.

Ийнхүү хоёр сарын турш хууль, эрх зүйн мэдээллээр өрсөлдөж аливаа гарч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг чадвар олж авсан нийт сурагчид, сургуулийн захиргаанд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөж аваргын төлөөх тэмцээнд нь өндөр амжилт хүслээ.

Тэмцээний үеэр Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга болон Цагдаагийн хэлтсийн даргаас тодруулга авлаа.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс сурагчийн аюулгүй байдлаар “АСК” тэмцээн зохиож байгаа юм байна. Гол ач холбогдлыг юу гэж харж байна? Сурагчид ирэх өгөөж нь юу байх вэ?

-Энэхүү тэмцээний дүнд нэгдүгээрт,  сурагчид гэмт хэрэг болон зам тээврийн ослоос өөрсдийгөө хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг авна. Хоёрдугаарт энэ тэмцээнд зориулж найз нөхөд, сургуулийнхаа хамт олон, эцэг эхдээ мэдлэг олгох давуу талтай. Өнөөдөр бидний тэмцээнд ахлах, дунд ангийн 10 баг оролцож байна.

-Уг тэмцээнээс өөр хүүхэд рүү чиглэсэн ямар ажил хийж байгаа вэ?

-Зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор манай салбар зөвлөлөөс анхааруулах самбаруудыг яармагийн замаар тавьж ажиллуулж байна. Түүнчлэн сурагчдад мэдлэг олгох үе шаттай ажлуудыг хийж байна. Мөн мэргэжлийн хэлтэстэй хамтраад мансууруулах бодист донтох асуудлаас сэргийлэхийн тулд тодорхой хэмжээний сурталчилгаанууд хийсэн. Ном товхимол, хэвлэлүүдийг сургуулиудаар тарааж байна. Ер нь мэдлэгтэй байвал гэмт хэрэгт холбогдохгүй байх боломжтой. Бага насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох тохиолдол их болсон байна. Судалгааг нь үзэхэд гэмт хэрэг гэдгийг мэдэхгүйгээсээ болоод гэмт хэрэгт холбогдож байгаа юм.

-Гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Хамтарсан баг”-ийн ажлыг дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Санхүүгийн болон төрийн дэмжлэгийг хамтарсан багуудад үзүүлж байна. Цаашдаа төсөв мөнгөндөө суулгаад илүү ач холбогдлыг гаргана. Тухайлбал өнгөрсөн жил 3 хоног архи зарахгүй байхад тодорхой төрлийн гэмт хэрэг огт гараагүй.

Хан-Уул дүүргийн Цагаагийн 1-р хэлтсийн дарга С.Хүрэлбаатар

-Бага насны насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, өртөх байдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Сүүлийн үед ЕБС, их дээд сургуулиудын сурагчид гэмт хэргийн халдлагад өртөх магадлал өндөр болж байна. Энэ нь хууль эрхзүйн мэдлэг боловсрол дутмаг байгаагаас болж байна гэж үзэж байна. Тиймээс сурагчдын дунд зохион байгуулах хууль эрхзүйн чиглэлээр тэмцээн зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгсөн, цаг үеэ олсон зохион байгуулалтын арга хэмжээ болж байна. Монгол Улсын иргэн хууль дүрмийн шийдвэр, хэрэгжилтийн мэдээллийг хайхраагүйгээс болж гэмт хэргийн золиост өртөж байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр Хан-Уулын цагдаагийн 1-р хэлтэс “Гараас гарт” гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь ЕБС-ийн бага насны хүүхдүүдийг эцэг эх нь сургуульд нь заавал хүргэж өгдөг. Хичээл тарахад авдаг зохион байгуулалтыг хийж байна. Үүний үр дүнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бага насны хүүхэд гэмт хэрэгт өртөгдсөн асуудал одоогоор бүртгэгдээгүй байна.