Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шинэ тогтолцоонд шилжсэний 25 жилийн ойг тэмдэглэлээ
2017.11.28

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шинэ тогтолцоонд шилжсэний 25 жилийн ойг тэмдэглэлээ

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шинэ тогтолцоонд шилжиж, Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой 2017 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр тохиож дүүргийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, 1992 оноос хойш дүүргийн ИТХ-д сонгогдсон эрхэм Төлөөлөгчид, хороодын ИНХ-ын дарга нар, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны хамт олон энэхүү ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

     Өөдлөх айл үүднээсээ гэж Монголчууд билэгшээдэг. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот руу орох үүд нь Ханбогд уулаа түшиж, Хатантуулаа эмжээрлэж байрласан Хан-Уул дүүрэг. 

Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн

Монгол улсын мал аж ахуйн түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэдэг арьс шир, ноос, гутлын зэрэг томоохон бүх үйлдвэрүүд нэг дор төвлөрөн байрладаг байсан  “Аж үйлдвэрийн комбинат”-ын үүсэл 1934 оноос эхтэй бөгөөд ажилчин ангийн өлгий нутаг гэдэг утгаар нь “Ажилчны район” гэж нэрлэсэн билээ.

     Мөн Монголын чийдэнгийн хорооны өргөтгөл болон сүндэрлэсэн нийслэлийн гал голомт болох хамгийн анхны I цахилгаан станц энэ үйлдвэрүүдийн дунд байрлаж, аж үйлдвэрийн комбинатын яндангийн дуунаар ажил цугладаг, завсарлаж ордог, тардаг байсан үе саяхан.

1960-1970 оны үед дэлхийд алдартай Япон улсын техник технологитой ноолуурын үйлдвэр мөн энэ дүүрэгт байгуулагдаж Монголчуудын нэр алдрыг дэлхийд цуурайтуулсан түүхтэй. Дараа нь Улаанбаатар хотыг цахилгаан дулаанаар иж бүрэн хангадаг III цахилгаан станц Хан-Уул дүүрэгт сүндэрлэсэн.

Эрийн гурван наадам Яармагийн дэнж, Төв цэнгэлдэх хүрээлэн байгуулагдаж, гадаад дотоодын зочид төлөөлөгчид, төр засгийн тэргүүнүүд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин, манай дүүргийн нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөн явж,  Монгол улсын тухай анхны сэтгэгдэл үүсдэг.

БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1965 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 79 дүгээр зарлигаар Улаанбаатар хотын засаг захиргааны зохион байгуулалтанд өөрчлөлт оруулж, 5 район болгосны нэг нь Ажилчны район юм.

       1965 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Ажилчны районы АДХ-ын анхдугаар чуулган хуралдаж, АДХ-ын Гүйцэтгэх захиргааны даргад 1-р тойргийн депутат Банзрагчийн Цэвэгдоржийг сонгон баталсан байна. Тэр үед районы АДХ нь 71 депутаттай байв.

       Монгол улсад өрнөсөн шилжилтийн үе буюу 1990-1991 онд Хурлын байгууллагын үйл ажиллагаа нилээд идэвхжиж, нутаг дэвсгэрийнхээ бүхий л асуудлыг шийдвэрлэх нөхцөл боломж бүрдсэн бөгөөд Монгол улсын Шинэ үндсэн хуулийг боловсруулах явцад Төрийн эрх барих статустай Хурал нь Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болж өөрчлөгдсөн билээ.

Өнөөдрийн байдлаар дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба 4 хэлтэстэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ба хэлтсүүд ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэлийг хангах, Хурлаас гарах тогтоол шийдвэрийн хууль эрх зүйн үндэслэлийг хянах, Хурлын хороодын үйл ажиллагааг тогтмолжуулах, Хурлын даргын эрхлэх хүрээний зарим асуудлуудыг хуулийн хүрээнд  шийдвэрлэх, гэмт хэргээс урдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг бодлогын түвшинд дэмжин ажиллах, хуулийн сурталчилгаа, хяналт, түүний хэрэгжилтийг ханган ажиллах, хороодын ИНХ-ыг бэхжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар  хангах, мөн Төлөөлөгчдөд мэдээ мэдээллийг хүргэх, тэднийг үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дэмжин туслах, дүүргийн ИТХ-ын санхүү, төсвийг үр ашигтай зарцуулах, хүний нөөцийг чадавхжуулах зэргээр хуулийн хүрээнд хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

       Ажилчны районы АДХ-ын анхдугаар чуулган хуралдсаны 52 жилийн ой, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага шинэ тогтолцоонд шилжиж, Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан хуралдсаны 25 жилийн ойг тохиолдуулан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын түүхийг бичилцэн, Хурлын байгууллага байр сууриа олж, хөгжиж бэхжихэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан үе үеийн   ИТХ-ын эрхэм Төлөөлөгчид, ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга нар, Ажлын албаны ажилтнууд, ХИНХ-ын дарга нар та бүхэндээ ойн баярын мэндийг хүргэж, талархал илэрхийлье.

      Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан 1992 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, нэр бүхий 60 Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч,зохион байгуулалтын асуудал хэлэлцэж байсан тэр өдрөөс хойш өнөөдөр 25 жил өнгөрчээ.

      Өнөөдрийн байдлаар 1992 оноос хойш дүүргийн ИТХ-д сонгогдсон 330 Төлөөлөгч байдаг бөгөөд Хурлын байгууллага он ирэх тусам өргөжиж, хийх ажлын чиглэл, хамрах хүрээний хувьд өргөн дэлгэр болж байна.

Хурлын орон тооны бус даргаар 1992-1994 онуудад А.Цанжид, 1994-1996 онуудад Б.Ёндонжамц, орон тооны даргаар 1996-2000 онд И.Лхамсүрэн, 2000-2008 онуудад Д.Совдоо, 2008-2011 онд Н.Энхтүвшин, 2011-2016 онуудад Д.Батбилэг, 2016 оноос Б.Цэрэн нар сонгогдон ажиллаж байгаа бөгөөд, Хурал нь Хуралдааны чөлөөт цагт тэдний бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий Тэргүүлэгчид, Тэргүүлэгчдийн Ажлын албатайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргаар Г.Билэг-Өрнөх, Ё.Гэрэлчулуун, Ч.Нямдаваа, Т.Баясгалан, Б.Бас-Оргил, Ж.Ичинноров нар ажиллаж байна.