Хан-Уул дүүрэг "Иргэдийн оролцоотой эко дүүрэг" болно
2017.10.31

Хан-Уул дүүрэг "Иргэдийн оролцоотой эко дүүрэг" болно

Хан-Уул дүүрг “Аз жаргалтай Эко дүүрэг” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэхүү зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл хөтөлбөрийн хүрээнд зарласан тэтгэлэгт төсөлд Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал оролцож шилдэг 20 төслийн нэгээр “Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төсөл шалгарсан юм.

“Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төслийн нээлт өнөөдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдсан бөгөөд тус нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Цэрэн, ХУД-ийн Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Г.Батсайхан, “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь”төслийн мэргэжилтэн Camille Barras, төслийн ажилтан Т.Чулуунцэцэг, ХААИС-ийн Агро-Экологийн сургуулийн магистр багш Б.Шүрэнцэцэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров болон ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, хороодын Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагчид, ЕБС-ийн захирал, Нийгмийн ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцож төсөл хөтөлбөртэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлсэн юм.

ИТХ-ын дарга Б.Цэрэн “Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төслийг нээж хэлсэн үгэндээ “Хан-Уул дүүргийн иргэд төдийгүй бусад дүүргийн иргэд ажил, амралтын өдрүүдийн аль алинд нь Богдхан ууланд явган аялал хийдэг. Аялах явцдаа иргэдийн байгаль орчин, экологийн боловсрол дутмагаас орчин тойрондоо хог хаягдал үүсгэж, байгаль орчинг бохирдуулж байна.

Иймд энэ төслийн хүрээнд иргэдэд экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, “Байгаль орчинд аялж зугаалахдаа иргэдийн дагаж мөрдөх журам”, “Байгаль хамгаалах эргүүлийн бүлгийн ажиллах журам” боловсруулах ажлыг зохион байгуулж эхэлээд байна. Үүний үр дүнд иргэд жилийн дөрвөн улиралд цэвэр цэмцгэр орчинд аялж зугаалах, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ” гэв.

Хан-Уул дүүргийн ИТХ-аас болон “Монгол Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн ажилтнууд мэдээлэл хийлээ
Өнөөдөр нээлтээ хийсэн “Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг” төсөл маргаашнаас эхлэн 16 хорооны иргэдийн дунд санал асуулга хэлбэрээр иргэдийн саналыг авах бөгөөд мөн төрийн болон төрийн бус байгууллагуудын саналыг авч эцсийн шийдвэр Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаар хэлэлцэж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт гаргаж ажиллах нь төслийн үр дүн юм.