2018.01.18

Б.Бат-Эрдэнэ: УИХ-д суудаг банкны эзэн гишүүдийн лоббигоор гол заалтууд хасагдсан гэж үнэн үү?

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ олны нийтийн хамгийн их хүлээж байгаа зээлийн хүүг бууруулах асуудлаар асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Банкны хүүг буруулах чиглэлээр ямар зохицуулалт хуулийн төсөлд орсон вэ? Арилжааны банкуудын томоохон эзэд нь энэ УИХ-д сууж байдаг. Тэгээд лобби явагдаад өндөр хүүг бууруулах гол заалт хасагдаж, хязгаарлагдсан гэж яриад байна. Үүн дээр тодорхой хариулт өгөөч. Өнөөдөр хэд хэдэн татвар нэмэгдэж, ард иргэдийн амьдралд ахуйд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр дамжуулаад шууд нөлөөлж байгаа.

Үүний зэрэгцээ банкны энэ өндөр хүүг буруулах арга хэмжээ авч чадахгүй гэвэл үүнийг юу гэж ойлгох вэ? Төр арай л хүчгүй байгаа юм биш үү?. Ийм бол энэ хуульд өөрчлөлт оруулах хэрэг байна уу? Тэгээд эд чинь Монголын төрийн нэрээр бонд, зээл авсан шүү дээ. Ийм байж таарахгүй гэж бодож байна.

Энэ банкуудын ихэнх нь гадаад эзэнтэй, хувьцаа эзэмшигчид нь улс төрчид байдаг.

Тэгээд хүндэрлээ гэдэг нэрийн доор Монголын төр, татвар төлөгчдийн мөнгөөр хүндэрлээ давдаг. Энэ байдлыг хэрхэн шийдэх юм бэ? Үүнийг зохицуулалт хийж чадав уу?

Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан хариуллаа

Зээлийн хүүг бууруулахыг бүх нийтээрээ хүсэж байгаа. Энэ бол банкны суурь буюу ерөнхий зохицуулалтын хууль. Зээлийн хүү болон бусад санхүүгийн үйлчилгээний хүүг шууд бууруулах зохицуулалт хийдэг хууль биш.  

Энэ хууль гарснаар банкны системийн ерөнхий эрсдэлийг бууруулах, тогтвортой байдлыг дунд болон урт хугацаанд хангах ерөнхий зорилготой.

Ингэж Ерөнхий эрсдэл буурснаар санхүүгийн суурь өртгүүд зээлийн хүү, хадгаламжийн хүү цаашилбал инфляцыг бууруулах зорилгод нийцэх юмаа. Өөрөөр хэлбэл шууд бус замаар нөлөөлөх юмаа.