Л.Мөнхбаатар 2018.05.18 | Сайт: Vip76.mn

Л.Мөнхбаатар: Гомдол гаргах эрхийг мөнгөн хөрөнгөтэй холбосон заалт хийж болохгүй

Өнөөдөр /2018.05.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар байр сууриа илэрхийллээ.

Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий. Худалдан авах ажлыг зохион байгуулах, тендертэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох хэрэгтэй. Мөн дээр нь цахим худалдан авалт гэх мэт ойлгомжгүй бусад зохицуулалтыг тодорхой оруулж ирж байгаа төслийг дэмжиж байна. Гэхдээ үүн дотор Үндсэн хуулийн зөрчилд хүргэж болохоор, иргэний өмч хөрөнгийг хууль бусаар хураах, дайчлахтай холбоотой зүйл заалт орж ирсэн байна.

55.5 дээр "Тендерт оролцогч нь энэ хуулийн 55.1-д заасан Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргахдаа барьцаа төлбөрийг Төрийн сангийн холбогдох дансанд байршуулна гэсэн байна.

Мөн 55.6 нь "55.5-д заасан барьцаа төлбөрийн хэмжээг тухайн тендер шалгаруулалтанд оролцогчийн санал болгох дүнгийн 1 хувиар тооцох бөгөөд тухайн барьцаа төлбөрийн дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.

55.7 нь "Тендерт оролцогчийн гомдлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 55.5-д заасан барьцаа төлбөрийг барьцаа төлбөрийг улсын орлого болгоно гэсэн байна. 

Ингэхээр тухайн иргэнийхээ өмчийг хураах, дайчлах утгатай болж ,Үндсэн хуулийн суурь эрхийг зөрчинө. Тендерийн маргаантай холбоотой асуудлаа төрийн байгууллагаар хянуулах эрхийг нь хязгаарлаж байна гэсэн үг. Тендертэй холбоотой гомдлоо барьцаа төлбөр шилжүүлсний дараа гаргах гэдгийг хуульчилбал Үндсэн хуулийн зөрчилд хүргэнэ. Үндсэн хуулийн 16-р зүйлд төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гаргаж хуулиар шийдвэрлүүлэх эрхтэй гэснийг зөрчинө. 

Гомдол гаргах эрхийг мөнгөн хөрөнгөтэй холбосон заалт хийхээр Үндсэн хуульд аливаа хүнийг хөрөнгө чинээгээр нь ягаварлан гадуурхаж үл болно гэсэн суурь зарчмыг зөрчинө. 

Төрийн захиргаанд өгсөн гомдлыг үндэслэлгүй шийдвэрлэсэн бол барьцаа төлбөрийг улсын орлого болгоно гээд хураагаад авчихвал иргэний өмч хөрөнгийг хууль бусаар дайчлан авах шинжтэй болж байгаа учраас байж болохгүй гэж үзэж байна. 

Барьцааны тухай ойлголтыг авч үзэх хэрэгтэй. Хууль зүйн агуулгаараа талуудын хооронд өгсөн үүргийн гүйцэтгэлийн хангуулах зүйл. Тиймээс иргэн, ААН төрд өргөдөл, гомдол гаргахад ямар нэгэн үүргийн харилцаа үүсэхгүй. Тиймээс барьцаа байх ёсгүй. 

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn