2022.04.14
Ё.Баатарбилэг: Барьцаа хөрөнгийн хугацааг багасгаж болохгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.04.14\ нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Энэ хуулийг эргэж харж байгаа нь зөв. Энэ хууль нэг удаа хэрэгжих биш цаашаа урт хугацаанд хэрэгжинэ гэж харж байгаа. 66 тэрбум төгрөгийн барьцаа суллагдана гэж байна. Олон аж ахуй нэгжүүд барьцаагаа авах юм байна. Харин үүний цаана төр нь ямар янзтай үлдэх вэ, үүнийг бодсон уу. Уг нь гүйцэтгэл муу хийсэн аж ахуй нэгжүүдийн барилгыг хугацаанаас нь өмнө эвдрэл үүсэхэд барьцааны мөнгөөр нь засаж, янзалдаг, хугацаа нь 3 жил байсан.
Энэ хугацааг багасгаж байгаа юм байна, дараа нь гарах үр дагаврыг бодож үзсэн үү.Ганц жил болгох боломжгүй. Цүнх барьсан компаниуд яах вэ, энэ хүмүүс эрх аваад ажил хийх юм биш үү. Уг нь худалдан авах ажил дээр шилэн болгоё, барьцааг өндөр болгоё гэж ярьдаг байсан яагаад энэ асуудал сулраад орж ирсэн бэ. Манай аймагт сум хөгжүүлэх сангаас машин аваад энэ нь шаардлага хангаагүй машин байсан. Хариуцлагын хэн ч үүрээгүй, төр хохироод үлддэг. Барьцаа хөрөнгийн хугацааг яагаад багасгаж байна вэ.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон бусад албаны хүмүүс хариуллаа.