Үйл явдал3 мин унших
Хуулийн өөрчлөлтөөр тендерт оролцсон бүх компанийн материалыг ил болгоно

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын гурван гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их хурлын гишүүн Д.Оюунхорол хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Ш.Раднаасэд, Ө.Энхтүвшин, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, тодрууллаа.
Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авахдаа хамгийн бага үнийг сайн гэж үнэлж тендер шалгаруулах, түүнчлэн тендерт шалгарч чадаагүй аж ахуйн нэгжүүд үндэслэлгүй гомдол гаргаснаас бүтээн байгуулалтын ажил саатах, хугацаа алдах, хохирол хүлээдэг асуудалд хариуцлага тооцсон заалт тусгасан эсэхийг илүүтэй лавласан.
Ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол хариултдаа,
төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулахад хоёр шалгуурыг тавьсан. Тендер зарласан аж ахуйн нэгжүүдээс эхний шалгуурт техникийн үзүүлэлт, чанар, стандартын шаардлага хангасан байдлыг харгалзана. Энэ шалгуурыг давсан аж ахуйн нэгжүүдээс тендертээ мэдэгдсэн хамгийн бага үнийг нь үнэлж, сонгоно гэсэн заалт оруулсан. Олон улсын жишиг ч хамгийн бага үнэ гэсэн шалгуур тавьдаг гэдгийг онцлов.
Хуулийн төсөлд тендерт оролцсон бүх компанийн материалыг ил болгохоор заасан. Өмнө нь бүх зүйл нууц байсан. Тендерийн материалыг ил тод болгосноор шалгарсан компани болон шалгарч чадаагүй аж ахуйн нэгжүүд давуу болон сул талаа мэдэх, нээлттэй байдал үүсэх тул үндэслэлгүйгээр гомдол гаргаж, ажил унагаадаг, цаг алддаг байдлыг арилна гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмж тайлбарлаж байлаа.

