Тэрбишдагва.Д Энхбаяр.Ж Гарамжав.Ц Батзориг.Б 2018.10.02 | Vip76.mn

Улаанбуудай болон төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах зорилтыг гишүүд сайшаалаа

Улаанбуудай болон төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах зорилтыг гишүүд сайшаалаа

Өнөөдөр БОХХААБХ-ны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг 2018 оны намрын ургац хураалтын урьдчилсан баланс, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Б.БАТЗОРИГ: УЛААН БУУДАЙ БОЛОН ТӨМСНИЙ ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАН ЗОРИЛТ ТАВЬСАН

2018 оны цаг агаар 05, 06 дугаар сард гандуу, 07 дугаар сараас хойш хур тунадас элбэгтэй байсны улмаас тариалалт хүнд байгааг тэрээр онцоллоо. 

Тэрээр: 2018 онд салбарын яамд тодорхой зорилтууд тавьсан. 2017 онд тариаланчид ургац алдсан, хөрөнгө санхүү болон техник төхөөрөмж асуудалтай байсан. Салбарын яамнаас олон жил хүлээгдсэн олон шийдвэрүүдийг гаргасан. Тухайлбал, тариалангийн бүс нутгийг тодорхой болгож зарласан. Тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх, тариаланчдын тарсан тариа ногоог мал идэх зэрэг хүндрэлүүд гарсан. Засгийн газрын зүгээс 7 аймгийн 61 сумын нутгийг газар тариалангийн бүс нутгаар зарласан. Бодлого тодорхой болсны үр дүнд 503 мянган га талбайд тариалалт хийхийг зорьсон боловч цаг уурын улмаас зорилтдоо хүрч чадалгүй 497.2 мянган га-д тариалалт хийлээ.

Засгийн газраас техникийн шинэчлэлт хийхэд ААН-үүдэд тодорхой дэмжлэг үзүүлсэн. 10 сая долларын хөнгөлөлттэй зээлээр 197 нэр төрлийн тоног төхөөрөмж оруулж, ААН-үүдэд олгосон. 

Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс   425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал , 86.3 мянган тонн малын тэжээл тариалсан. 10 дугаар сарын 01-ний байдлаар ургац хураалт үр тариа 22.1, төмс, хүнсний ногоо 81.1 хувьтай байна. Хэрвээ бид ингэж авч чадвал үр тариа болон төмсийг 100 хувь дотооддоо хангах боломжтой болно. 

Сүүлийн үед цас их орж, бидний тооцооллоор 16 мянга орчим га газар цасанд даруулсан гэж тооцсон. Газар дээр явж шалгахад 30 мянган га газар болсон. Үүнийг ногоон тэжээлд шилжүүлэх ажлыг яам зохион байгуулж байна. 

Одоо бидэнд маш бага хугацаа үлдлээ. 14-21 хоногийн дотор тариагаа хурааж авах зорилготой ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 21.1 хувьтай байна. Төмс, хүнсний ногооны хураалт 81 хувьтай байна. Ажлаа зөв зохион байгуулж чадвал энэ жил төмс, үр тариагаа дотооддоо хангах боломжтой гэж тооцож ажиллаж байна.

Ц.ГАРАМЖАВ: ТАРИАЛАНЧДАА ДЭМЖИХ ҮҮДНЭЭС ЯМАР ТАТВАРЫН БОДЛОГО БАРИМТЛАХ ВЭ?

Хүнс, хөдөө аж ахуйн салбар хөгжиж байж бид эдийн засгийн том хямралуудыг давах чадвартай болно. Бусад улс орны туршлагыг харахад хүнс хөдөө аж ахуйн салбар болон ЖДҮ хөгжсөн орнууд л хямралуудыг ажрахгүй давж байгаа туршлагууд харагдаж байна. Манай улсад нэг сайшаалтай зүйл бол тариалан эрхлэх сан хямралын үед ухаалаг бодлого гаргаж, тариаланчдын үр тариа худалдан авах, үнийн бодлогыг ухаалаг болгож 1 тонныг 600-гаар авж байгаад дэмжиж, талархалтай хандаж байна.

Манай улс орны аюулгүй байдал хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой. 450 мянган тонн орчим үр тариа хурааж байгаа нь сайшаалтай хэрэг. Цаашдаа хараат бус улс орон болох ёстой. Цаг агаар, эдийн засгийн бэрхшээл тохиолдвол улаанбуудайгаа өөрсдөө тариалаад дотоодоо 100 хувь хангадаг байх нь зөв алхам.

Харин бид импортоор маш олон тонн хүнс, хүнсний ногоо авч байна. Төмсийг 100 хувь хангана гэж ярьж байна. Тэгвэл импортын ногоон дээр ямар бодлого баримталж байна? Ялангуяа татварын ямар бодлого байна?

Тариаланчдын зүгээс ногоогоо тарьлаа гэхэд зоорь хүрэлцэхгүй гэж ярьж байна. Зоорийн бодлогыг Улаанбаатарын орчимд хэсэгчилж барьж, ногоог хадгалах арга хэмжээг авч болох уу гэсэн хүсэлтийг тавьж байна.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хариуллаа. 

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах, ААН-ээ орлоготой болгох, хадгалах асуудал бол тулгамдсан асуудал болж байна. Польшийн Засгийн газраас 50 сая Еврогийн хөнгөлөлттэй зээл авч байна. Түүний 10 сая нь манай салбарт ногдож байна. Үүгээр жилийн 4 улиралд төмс, хүнсний ногоогоо хадгалаж, борлуулах склад, зоориудыг Улаанбаатарт 2, Дархан, Сэлэнгэд 3 барина гэсэн тооцоо гаргаж байна. Энэ ажил ирэх жилээс хийгдэнэ. 

Татварын асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон. Бидний зорилго бол импортыг орлох, хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх, нэмүү өртөг шингээх, иргэдээ ажлын байртай болгох бол манай салбарын бодлого. Гэхдээ гишүүн байгууллага учраас анх элсэхдээ татварын асуудлаар тохиролцсон. Тэр тоонуудаас дээш гаргаж импортын татварыг дээшлүүлэх боломжгүй байна. 

Ж.ЭНХБАЯР: ЦАГААН БУУДАЙ ТЭЭВЭРЛЭЖ БАЙГАА АВТОМАШИНУУДЫН ТАЛААР ЗЦГ-Т ХҮСЭЛТ ТАВИХ ХЭРЭГТЭЙ 

Тариаланг дэмжих сангаас тариаланчдаас 600 мянган төгрөгөөр тооцож улаанбуудай хүлээж авах шийдвэр гаргасанд маш их баяртай байна. Сүүлийн 6 жил энэ үнэ 560 гэдэг үнэ дээр тогтсон байсан. Валютын ханш, шатахууны үнэ 1 дахин өссөн байхад улаанбуудайн үнэ 6 жил тогтвортой байлаа. 

Бид харин байгаа бүх агуулахдаа байгаа ургацаа хурдан хувааж хийх хэрэгтэй байна. Төр өөрийн нөөцөд байгаа бүс саваараа ойр орчмын бүс нутагт байгаа үр тариаг хүлээж авах хэрэгтэй.

Хугацаа богино болсон, тариалалт зогсож эхэлж байна. Гэтэл будаагаа хураах газар алга.

Нөгөө талдаа уул уурхайн салбар идэвхжсэнтэй холбоотой бүх тээврийн машин говийн бүс рүү ажилд гарсан. Харин будаа тээвэрлэлт хүлээгдэж байна. Үүнтэй холбоотойгоор ЗЦГ-т хүсэлт гаргах хэрэгтэй. Будаа тээвэрлэлт хийж байгаа автомашинуудыг хурдан түргэн нэвтрүүлэх асуудлыг онцгойлон хүсэх хэрэгтэй байна. 

Батлан хамгаалахын салбар 10 сарын 1-нээс хөдөө аж ахуйн салбарт ажиллаж байсан хүчээ татсан. Энэ хугацааг нь сунгах бичиг явуулах хэрэгтэй байна. Хүн хүч хүрэхгүй байна. Хөдөө аж ахуйн салбар ажлын үнэлэмж бага. Ургасан тариагаа ямар нэгэн хэмжээгээр хурдан авахгүй бол нөхцөл байдал хүндрэхээр байна. 

Гурилын үйлдвэрүүд будаа хүлээж авахгүй байна.

2 өдрийн өмнө тариаланчид, гурил үйлвэрлэгчидтэй хуралдсан. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс Засгийн газарт итгэхгүй байна гэдгээ хэлсэн. Дотоодын ААН-ээс үр тариа хүлээж авж байхад импортын зөвшөөрлилйг яамнаас хэд хэдэн удаа олгосон. Үүнтэй холбоотойгоор дотоодоос үр тариа авсан гурилын үйлдвэрүүд алдагдалд орсон. Тиймээс энэ жил ургац сайтай  байгаа энэ үед Монгол Улс импортоор улаанбуудай болон бэлэн гурилыг оруулахгүй байх ёстой гэдэг шийдвэрийг гаргах хэрэгтэй. 

Д.ТЭРБИШДАГВА: ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДАЛД ТОГТВОРТОЙ БОДЛОГОТОЙ БОЛОХ ЁСТОЙ

Сүүлийн 60 жил техник шинэчлэлт хийгээгүй гэж Б.Батзориг сайд ярьж байна. Монгол төр газар тариаланд маш их анхаарал тавьсан шүү дээ. 2000 онд газар тариалангийн үйлдвэрлэлийн 11-13 хувийг бид өөрсдөө хангаж үлдсэнийг импортоор оруулсан. Төмс, хүнсний ногоо байхгүй байсан. 2000 оноос хойш "Үр хөтөлбөр", "Атарын 3-р аян" зэрэг олон ажил хийж байгаад ногоогоо хангадаг болж, улаанбуудайн 100 хувийн асуудал ярьж байна.

Техникийн шинэчлэлийг маш их хийгдэж байсан. Харин цаашдаа техник шинэчлэлийн бодлогыг хаанаас авах вэ гэдгийг бодох ёстой.

ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэх бодлого явуулах хэрэгтэй. Орос мөнгө өгсөн учраас Оросын тоног төхөөрөмж авах ёстой. Хятад мөнгө өгвөл Хятадын тоног төхөөрөмж авахгүй бол болдоггүй. Цаашдаа яг нэг бодлого бариад явах ёстой. 

600 мянгаар улаанбуудай худалдаж авж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ төтөс өгөх маягаар эцсийн хэрэглэгч дээр хямд очих талаас нь бодохгүй бол амаргүй асуудал болно. 

Усжуулалтын асуудал бол анхаарах ёстой. Хувьчлалын үзэр трактор, усжуулалт гэх мэт бүх зүйлсийг хутгасан. Тийм үеэс өдийг хүртэл 18 жилийн хугацаанд хөл дээрээ зогсож байгаа энэ салбарыг тогтворжуулах хэрэгтэй. 

Газар тариаланч, тракторчин зэрэг мэргэжлүүд мэргэжлийн ажилчингүй болсон. Тэд хоёрхон цаг унтаж байна. Оюутнууд очоод ажиллаж чадахгүй. Мэргэжлийн боловсон хүчин бэлдэхгүй бол одоогийн тариаланчид хичнээн хөдөлмөрлөөд ч хүч нь дуусна. Дунд мэргэжлийн чадварлаг ЖДҮ-ийн эздүүдийг бэлдэх хэрэгтэй байна.