С.Чинзориг Д.Тэрбишдагва 2018.10.18 | Vip76.mn

Д.Тэрбишдагва: Том ААН-ийн татварыг нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо бүрдүүлэх хэрэгтэй

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүд төсөлтэй холбоотой асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва

“Төсөв ярихаар зарлагаа яаж нэмэгдүүлэх тухай л ярьдаг. Орлогоо нэмэгдүүлэх тал дээр татвартай холбоотой нэмэгдэл яригддаг. Бизнес эрхлэгчидээ дэмжинэ гээд татвараа нэмэхгүй байхаар төсвийн орлогоо яаж бүрдүүлэх гэж байгаа юм бэ? Гэтэл хувь хүний орлогын албан татвар 4,5 дахин нэмэгдсэн байна. Эндээс иргэддээ татварын дарамт үүрүүлээд байна. Аж ахуй нэгжүүдийнхээ татварыг нэмж болохгүй юу? Гэтэл том ААН-эд ногдох татвар багасаад байгаа харагдаж байна. Төсвийн орлогоо татвараар яаж нэмэгдүүлэх гэж байна вэ?”

Д.Тэрбишдагва гишүүний асуултанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Сангийн сайд нар хариуллаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг:

“Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр 20, Ядуурлыг бууруулах чиглэлээр 10 тэрбум төгрөг 2019 оны төсөвт оруулсан. МСҮТ-ийн сурагчид 2019 оны 1-р сарын 1-ээс 100,000 төгрөгийн тэтгэлэг олгоно. Үүнд 41 тэрбум төгрөг тусгагдсан.”

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“Татварын багц хуулинд өөрчлөлт оруулахаар санал авч УИХ-д өргөн барьсан. Үүнд Үндэстэн дамнасан том компаниуд энэ хуулиар хаашаа ч зугтахгүй байх нөхцөл бүрдүүлсэн. Тэд хаа нэг газар орлогоо татвар төлөхгүй нуух ямар ч нөхцөлгүй болно. Харин 2017 оны төсөвтэй хамт лиценз газартай холбоотой хуульд өөрчлөлт орсон. Хэн нэгний гарын үсгээр лиценз газар олгохгүй дуудлага худалдаагаар явагддаг болсон. Үүнийг 2019 онд ч хэрэгжүүлнэ.”