Оюунхорол.Д Л.Элдэв-Очир 2019.04.30 | Vip76.mn

Төрийн мөнгөөр чанартайг худалдан авна

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” буюу олон нийтийн дунд ТЕНДЕРИЙН ХУУЛЬ гэж нэрлэгддэг уг хуулийг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулан УИХ-аар баталлаа.

Өмнө нь энэ хуулийг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталж, 2006 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрджээ. Үүнээс хойш уг хуульд 21 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан хэдий ч хуультай холбоотой төрийн байгууллага, хувийн хэвшлийн дунд үл ойлголцол гарч, хууль шүүхийн байгууллагад хандсаар байсан юм.

ХАМГИЙН ХЯМДЫГ БУС ЧАНАРТАЙГ НЬ

Өмнөх хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «ХАМГИЙН САЙН» үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан. Үүнтэй холбоотойгоор тендерт ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгдөг. Иймд “чанар” гэсэн ойлголтыг тендер үнэлэх гол шалгуур болгохыг зорьж хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ШУДАРГА ЯВУУЛАХ

Мөн сонгон шалгаруулалтыг өөрсдийн шалгуураар явуулж, авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхолын зөрчил үүсгэх, тэгш эрхтэйгээр өрсөлдөх боломжийг хязгаарласан, чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд “Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасныг хүчингүй болгохоор тусгажээ. 

ТЕНДЕРИЙН ЦАХИМ СИСТЕМ

Тендер шалгаруулалт нь танил талаа харсан, давуу эрх олгосон хаалттай байдлаар шийдэгдсэн гэсэн сөрөг хардлагыг нийгэмд төрүүлсээр ирсэн. Үүнийг шийдвэрлэх зорилгоор худалдан авах ажиллагааны цахим системийг нэвтрүүлэх зохицуулалтуудыг нэмжээ. 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИНЭ

Монгол улсын гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх болон хог хаягдал дахин боловсруулсан бараа нийлүүлэх, орон нутагт үйлдвэрлэсэн бараа, материал, үзүүлж байгаа үйлчилгээг хамгийн их ашигласан тендер ирүүлсэн этгээд буюу дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих нь зүйтэй гэсэн нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулахаар санаачилсан юм.

Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед гишүүд дараах онцлох саналуудыг гаргаж байсан юм.

 

Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ажилласан бөгөөд хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс гаргасан энэ мэт олон чухал саналуудыг хуулийн төсөлд тусгасан юм.

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсанаар төрийн худалдан авах ажиллагаанд олон дэвшил гарч байгаа юм.

Тухайлбал,

  • Дотоодын үйлдвэрлэлээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцохыг хориглоно гэж заасан нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодитой алхам болно.

  • Урьдчилан худалдан авах ажиллагааг хэрэгжүүлснээр Засгийн газрын төсөл, хөтөлбөрийн худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсронгуй болгох, шуурхай байдлыг хангах, төсөв хэмнэх боломжийг бүрдүүлэх юм. Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн хугацаа сунжирч, үргүй зардал гардаг. Жишээ нь, олон улсын байгууллагын хөрөнгөөр хэрэгжсэн төслүүдийн хувьд дунджаар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад 6 сараас 1 жилийн хугацаа зарцуулагддаг байна. Хугацааг сунгаснаас шалтгаалан 400-500 сая төгрөгийн үргүй зардал гардаг байна.

  • Цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, жигдрүүлснээр худалдан авах ажиллагаа ашиг сонирхлоос ангид байх, өрсөлдөөнт, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гомдол маргаан гарахгүй байхад ахиц гарна.
  • Ногоон худалдан авах ажиллагааг хэрэгжүүлснээр эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал эрс багасч, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ногоон орчныг бүрдүүлэхэд бодитой дэмжлэг болно.

  • Хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газар худалдан авах ажиллагааг зохион байгуулахад нээлттэй сонгон шалгаруулалтын журам хэрэглэхгүй байж болохыг төсөлд нэмж тусгасан байна.
  • Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах буюу тендер зарлах үйл явц асар их хардлага, чанаргүй бүтээгдэхүүн авах, төрийн мөнгө завших, сонгон шалгаруулалтын хороо танил тал, өөрийн компанийг тэнцүүлэх зэрэг ашиг сонирхолын зөрчил үүсгэдэг байсан асуудал энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засагдах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.