Тэрбишдагва.Д 2019.05.29 | Vip76.mn

Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг сонслоо

Оюутолгойд хийсэн шалгалтын тайланг сонслоо

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.29/ хуралдаанаар Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ.

УИХ-аас Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрсөн оны  гуравдугаар сарын 23-нд байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва ахалж, дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар ажилласан.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий” Улсын Их Хурлын ажлын хэсгийн тайланг танилцууллаа.

АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТЭД: 

  • 2010-2055 он хүртэл Монголын талын хүртэх үр ашиг 31 хувь, Хөрөнгө оруулагч тал 69 хувь байх төсөөлөлттэй байна.
  • Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын үр ашиг, өгөөж буурчээ.
  • Оюутолгой төсөл барьцаанд тавигдсан байна. Монгол Улсын Засгийн газрын өмчлөлд байгаа 34 хувьд ногдох хувьцааг эс тооцвол бүхий л хөрөнгө, ирээдүйн мөнгөн урсгал, орж ирэх данснуудыг барьцааны агент “Стандарт Чартеред Банк”-д дамжуулан барьцаанд тавьсан.
  • Ямар нэгэн эрсдэл үүсэхэд хөрөнгө оруулагч тал гэрээний эрхээ шилжүүлэх, аливаа этгээдэд Оюутолгой ордыг барьцааны хөрөнгөтэй нь худалдаад гарахыг үгүйсгэхээргүй болсон байна.
  • Хөрөнгө оруулалтын дүнд тавих хяналт байхгүй байна. Төслийн төлөвлөгдсөн болон авсан зээлийг бүрэн ашиглаагүй байна.
  • Оюутолгойн төслийн хөрөнгө оруулалтын гэрээ, мониторинг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг байгуулан ажиллуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар гэрээг сайжруулах шаардлагатай.
  • Дубай хотноо байгуулагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын төсөл, менежментийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээ зүйл заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.
  • Гэрээг Монголын талаас нууцалж байгаа нь экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Борлуулалтын орлогыг үнэн зөв тодорхойлолгүй өнөөг хүрчээ. Улмаар нийт борлуулалтын орлогоос хасагддаг “Ачаа тээврийн зөрүү” зардал нь Оюутолгойн үр ашгийг бууруулдаг.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, тайлбар авч байна.