Сайд Л.Болд ахмад дайчдад байрны түлхүүр гардууллаа
2009.10.31

Сайд Л.Болд ахмад дайчдад байрны түлхүүр гардууллаа

Батлан хамгаалахын сайд Л.Болд болон удирдлагууд өнөөдөр Халхын голын байлдаанд оролцсон 20 гаруй ахмад дайчдад нэгээс хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулж өглөө. Сайд Л.Болд ахмадуудад хандаж хэлэхдээ “Эх орон, тусгаар тогтнол, хүн ардынхаа сайн сайхны төлөө дайны фронтод тулалдаж үнэлж баршгүй гавьяа байгуулсан та бүхнээрээ бахархаж явдаг” гэв. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралтад оролцож явсан 1800 шахам ахмад дайчин орон сууцтай болох юм.

Оны өмнө 600 ахмад дайчинд, он гараад бусдад нь үргэлжлүүлэн олгох юм байна. Ахмад дайчин Д.Юндэндорж, О.Жигжидсүрэн, С.Ламжав, нарын 10 гаруй хүн өөрийн биеэр очиж байрны түлхүүр гардан авлаа. Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын эцэст байрлах таван давхар шар байранд ахмадууд амьдрахаар болжээ. О.Жигжидсүрэн гуай 1939 оны дайнд оролцож явжээ. Тэрбээр “Би 2002 онд байр хүссэн өргөдлийг хотын захиргаанд өгч байлаа. Тухайн үеийн хотын ерөнхий менежер Т.Бадамжунай байсан санагдана. Тэр үед хүлээж бай л гэж хэлсэн. Одоо байртай болж байгаадаа баяртай байна. Шинэ байрандаа орж гурван өдөр найр хийнээ” хэмээн хошигнож байв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.