Ахмад дайчдтай уулзав
Халх голын түүхэн ялалтын 70 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан дайнд оролцож явсан ахмад дайчдын төлөөллийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч
уулзан хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Уулзалтын эхэнд дайнд оролцогчдын Монголын хорооны дарга, хошууч генерал Ц.Самбуу ахмад дайчдыг төлөөлөн УИХ-ын даргад талархал илэрхийлж үг хэлэв. Одоогоос 70 жилийн өмнө 20 настай эх орноо хамгаалахаар дайны талбарын халуун цэгт тулалдаж явсан цэрэг эрс өнөөдөр тэртээх он жилүүдийг эргэн дурсч, халх голын ялалтын энэхүү ойн арга хэмжээг төр, засаг өндөр хэмжээнд тэмдэглэж байгаад ахмад дайчид сэтгэл хангалуун байгаагаа ярилаа.
1939 оны 5 сард зүүн хилийг хамгаалж байсан Баянтүмэнгийн отряд хамгийн түрүүн бөмбөгдөлтөд өртөж, ширүүн тулаанд орж байсныг ахмад дайчин С.Борхүү дурсан ярьж, эдүгээ Халх голын ялалтын 70 жилийн ойн баярт оролцох хүндтэй зочдын нэг болж, мөр зэрэгцэн алба хааж байсан дайчин эрстэйгээ уулзаж байгаадаа маш их баяртай байна гэсэн юм.