2025.05.23

Д.Энхтуяа: Инфляц өсөх хандлагатай байна, хоёр оронтой тоо руу орно гэсэн судлаачдын дүгнэлт бий, үүнийг ямар бодлогоор уялдуулах вэ?

УИХ-ын чуулганы /2025.05.23/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:

Нэгдүгээрт,

Монгол улсын гадаад өр 37 сая тэрбум доллар, Засгийн газрын гадаад өр 8 тэрбум гэдэг гадаад өрийн мэдээллийг авлаа. Засгийн газар 14 мега төсөл ихэнх нь гадаад өр, тусламж, бонд, үнэт цаасаар санхүүжүүлнэ гэсэн чигтэй байгаа. Засгийн газрын 14 мега төслөөс гадна Улаанбаатар хотын хүрээнд 24 мега төслийг мөн гадаад өр зээл, тусламжаар бүтээн байгуулах төслүүд яригдаж эхэлсэн байгаа. 2026 оны төсвийн төсөөлөлдөө энэ гадаад өрийг хэчнээн нэмэгдүүлэх, нэг төсөлд хэдэн доллар, ямар үнэт цаас, ямар өрийн бичиг, ямар бондоор 14 болон 24 мега төслийг санхүүжүүлнэ гэсэн төсөв, төсөөлөлтэй байгаа вэ? 

Хоёрдугаарт,

2025 оны төсвөө алдагдалгүй баталсан гэж байгаа боловч төсвийн төсөөллөө маш өөдрөгөөр төсөвлөдөг. Яг төсөв бүрдүүлэх үед төсвийн бүрдүүлэлт маш хэцүү болдог. Харамсалтай нь өнгөрсөн жилүүдэд төсвийн тодотгол хийхгүйгээр төсөв бүрдүүлэх гэж ард иргэдийн нуруу дээр хураамжаа нэмэгдүүлж төсвөө бүрдүүлж ирсэн. Энэ нь сүүлийн үед засгийн газрын хамгийн сайн хийж чаддаг юм гэж харж байна. 2026 оны төсвийн төсөөлөлдөө үүнийг яаж тусгаж өгч байгаа юм бэ? Монгол банктай уялдаа холбоог бий болгосон зүйл орж ирсэн үү? 

Гуравдугаарт,

Инфляц өсөх хандлагатай байна. Хоёр оронтой тоо руу орно гэсэн судлаачдын дүгнэлт ч байна. Тиймээс Монгол Банктай бодлого үйл ажиллагаагаа ярилцаж төлөвлөж орж ирсэн байх гэж бодож байна. Үүнд Сангийн сайд ямар чиглэлээр, ямар бүрдүүлэлтээр уялдаа холбоог зохицуулж орж ирж байгаа вэ?