Сэтгүүлч нарын эрх зөрчигдөсөн үү? (УИХ-ын гишүүдийн байр суурь)
2011.01.06

Сэтгүүлч нарын эрх зөрчигдөсөн үү? (УИХ-ын гишүүдийн байр суурь)

(Өдрийн шуудан сонин) -УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл он солигдох мөчтэй Зэрэгцэн батлагдсан. Ардчиллаас ухарч, иргэдийн мэдээлэл авах эрх эрх чөлөөг боомилсон заалтуудыг багтаасан энэ хуулийн талаар эрхэм гишүүд ямар байр суурьтай байгааг сонирхлоо.

С.Эрдэнэ: Хуучин тогтолцоо руугаа шилжиж байна

-Парламентын үйл ажиллагаа олон нийтэд тод байх ёстой. Юугаа нууж, хаах гээд байгаа юм. Хууль санаачлагчид нь, гишүүд нь камер жүжиг тавьдаг, улс төр хийдэг ч гэх шиг хачин тайлбар өгсөн байна билээ. Тийм л юм бол тэд өөрсдөө хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөө болих хэрэгтэй. Өдөр болгон хүмүүсийг залхтал зурагтаар гарч байна шүү дээ. УИХ-ын гишүүний хууль тогтоох ажлыг олон түмэнд харуулахаас юундаа айгаад байгаа юм. Би бүр гайхаад байх юм. Хуучны нам төвтэй коммунист тогтолцоо руугаа буцаад шилжих гээд байна шүү дээ.

Ц.Цэнгэл: УИХ-ын гишүүд өөрсдөөсөө болж байгаа юм

-Нэг их шуугиад байх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Гадаадын орнууд Сингапур, Болгарт хэвлэлийн нэг суваг байж, ард түмнийг төрд итгэх итгэлтэй болгох, төрийн нууцыг дээд түвшинд авч явах хувилбар байдаг юм билээ. Ер нь УИХ-ын гишүүд өөрсдөөсөө болж байгаа юм. Хэвлэлийнхэн ороод ирэхээр л ярих ярихгүй зүйл ярьж, ардын баатар, ард түмэндээ хайртай хүн болох гээд явдаг нь нууц биш. Түүнийгээ нэгдсэн чуулган дээрээ л хийдэг юм байгаа биз. Хамаг алтан цаг үрж, шал дэмий юм сонсоод л өнгөрдөг шүү дээ. Ажил хэрэг болох, улс оронд хэрэгтэй юм уу гэхээр үгүй. Энэ талаасаа зүйтэй байж болох юм. Цөөнх болоод хэвлэлээс нуугаад байх шаардлагагүй, ярих л хэрэгтэй. Бүр хаачхаад байгаа биш мэдээлэл өгөх нь чөлөөтэй байгаа байх. Хурлын танхимд болж байгаа хэрүүл, маргааныг олон нийтэд дамжуулах нь ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд таагүй сэтгэгдэл төрүүлдэг. Залуучуудын сэтгэхүйд ч нөлөөлж байна. Тэр 76 чинь хэрэлдэж л байдаг юм байна билээ. Төрийн түшээдээ тийм байхад миний архи ууж, дампуурч явах ямар хамаатай юм гэж эцэг эхтэйгээ муудалцаж, мал ахуйгаа маллахгүй, ажил төрөл хийхгүй яваад байна. Манайд ардчилал хангалттай байна шүү дээ. Ардчиллыг анархизм болгох гээд яах вэ дээ.

Д.Балдан-очир: Үндсэн хуулийн цэцэд хандах бололцоотой

-УИХ-ын дэгийн тухай хууль санаанд хүртэл сайн болж чадаагүй. Байнгын хороодын хуралдаан хаалттай гэдэг нь буруу. Би эсрэг байр суурьтай байсан. Хуулийн төсөл өргөн барьснаас эхлээд хэлэлцэж батлах бүх процесийг хэвлэл мэдээлэлд нээлттэй байлгавал тэр хэрээр үзэл баримтлал нь олон түмэнд ойлгомжтой болох юм. Одоо бол иш мухаргүй модон тайлбар хийхээс өөр аргагүй болж байна. Хуулийн мөн чанар, цаад нарийн учрыг мэдэхгүй үзэмжээрээ тайлбарлана гэж байхгүй.Тухайн хуулийн амин сүнс нь юу болох, хэрхэн маргалдаж мэтгэлцэж байж эцэстээ ийм хууль гарлаа гэдгийг хэлэх боломжгүй, ард түмэнд хүрэхдээ тааруу болж байгаа юм. Үндсэнхууль зөрчиж байна гэж үзэж байгаа бол Үндсэн хуулийн цэцэд хандах бололцоотой. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хориг тавих эрх бүрэн бий. 

Д.Очирбат:  Жаахан харзнах хэрэгтэй

-УИХ-ын гишүүн өөрийн хэлэх үг, хийх үйлдлээ хязгаарлуулах ёсгүй. Байнгын хороодын хуралдааныг ажил хэрэгч, улс төрийн "шоу"-гүй байлгана гэсэн юм ярьж энэ хуулийг баталсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар дөрөв, таван минутад багтаж үгээ хэлж, байр сууриа илэрхийлээд л өнгөрдөг. Байнгын хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлаа ул суурьтай харж, холбогдох ажлын хэсгээс асуудлаа тодруулан асуулт асууж, мэтгэлцэх журмаар болох бүтэхгүй зүйлийг их ярьдаг. Нэлээд ажил хэрэгч байдлаар хуралддаг шүү дээ. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн сурвалжилснаар гарч буй хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болдог. Одоо бол чуулганы үеэр хэвлэл мэдээллийнхэн Байнгынхорооны нэг гишүүний тавьсан асуудлыг сонсоод тухайн хуулийн тухай ойлголт муутай үлдэж, ард түмэн дутуу мэдээлэл авахад хүрч байна.Дан ганц нэг гишүүний дөрвөн минутын ярианаас тухайн асуудлын голыг олж, асуудалд хэрхэн хандаж байгааг нь ойлгоно гэдэг бараг боломжгүй юм. Нэгэнтээ хууль батлагдаад гарчихсанаас хойшжаахан харзнах хэрэгтэй болов уу. Гараагүй байсан бол өөр гарц хайж болох байсан.

Э.Бат-Үүл: Хаалттай хуралдах гурван шалтгаан байна

-Байнгын хорооны гишүүдийн олонх нь нээлттэй хуралдах санал гаргаагүй тохиолдолд хурлыг хаалттай хийх хуулийн төслийг би хоёр жилийн өмнө УИХ-д танилцуулсан. Гэсэн ч олонхын дэмжлэг авч чадаагүй. Харин энэ удаагийн Дэгийн тухай хуульд энэ заалт орсон байна. Хуралдааныг хаалттай явуулах гурван шалтгаан байгаа юм. Нэгдүгээрт, Байнгын хорооны хуралдаан бол УИХ-ын ажил хэргээ явуулдаг талбар. Тиймээс гадны нөлөөнөөс байх хэрэгтэй. Хэвлэлийнхэн байхаар олон гишүүн жүжиг тавьж, улс төр хийдэг. Ингэснээр ажил цалгардаж, цаг их алддаг. Муу хууль гарахад ч түлхэц болдог. Хоёрдугаарт, Байнгын хорооны хуралдаанд төрийн албан хаагчид оролцдог. Илэн далангүй, нээлттэй ярилцаж, асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Мөн төрийн албан хаагчид улс төрийн тоглолт хийх ёсгүй. Улс төрийн тавцангаас ангид байх ёстой. Хамгийн сүүлд нь, хуралдааны үеэр хөрш болоод дипломат харилцаатай орнуудын асуудал хөндөгддөг. Гишүүдийн хариуцлагагүй, хайхрамжгүйгээс болж хэлсэн үг цаашдын харилцаанд уршиг тарьж болзошгүй байдалд хүргэдэг. Тиймээс хаалттай байх хэрэгтэй. Энэ бол сэтгүүлчдийн мэдээлэл авах эрхийг хааж байгаа асуудал биш. Би хоёр жилийн өмнө ийм байр суурьтай байсан. Одоо ч тэр хэвээрээ байна.

Ц.Сэдванчиг: Цав цагаан нүүр угтах эвгүй юм билээ

-УИХ-ын үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой гэсэн гол зарчим бий. Гэтэл үүнээсээ хазайсан хууль гарлаа. Зарчмын хувьд эргэж харах хэрэгтэй гэж бодож байна. Хууль санаачлагчид нь хуулийн төслөө нягтлах хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм байдлаар ажиллаж болохгүй шүү дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хориг тавих эрх нь бий. Ингэвэл УИХ дахин энэ асуудлыг авч хэлэлцдэг дүрэмтэй Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эсэргүүцлээ илэрхийлж байна. Өглөө сонин эргүүлэхэд цав цагаан нүүр угтах нь эвгүй юм билээ. Үнэхээр ийм байдалд хүрсэн бол эргэж харах нь зүйн хэрэг. Иргэд үнэн зөв мэдээлэл авдаг байх ёстой.

Х.Тэмүүжин: Цоожтой хаалганы цаана юу ч хийж болно

-Хуулийн төсөл өргөн барьсан нөхдийн ярьж байгаагаар камерын улс төрийг хязгаарлаж, сэтгүүлчдийн өмнө "шоу"хийдгийг болиулъя сэн юм билээ. Тэр шоуддаг гишүүдээсээ илүү гарч, хуулийн үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байна гэдэг бол тэднээс дор байна л гэсэн үг. Улс төрчдийн дотоод зөрчилдөөнөө шийдэж чадахгүй байж сэтгүүлчдэд хаалт тавина гэдэг л сонин үзэгдэл. Дэлхийн бусад оронд Байнгын хороодын хуралдаанд камер оруулахыг л хориглодгоос сэтгүүлчдийг хязгаарладаг зүйл заалт байхгүй. Шинэ туршлага гаргаж байх шигбайна. Нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү их нисэх юм. Голыг нь олж, зохицлыг нь харж шийдэхээсээ илүү туйлшрах хандлага их байна. Мань мэтийнхэнд их хохиролтой болох нь. Үндэслэлээ тайлбарлаад, олон нийтийн дэмжлэгтэйгээр ажлаа хийе гэж боддог улстөрчдийн хувьд алхам нь богино болоод хуралдааны танхимаас өөр газар тохирчхоод түүнийгээ кноп дарж шийддэг хүмүүсийн хувьд цоожтой хаалганы цаана юу ч хийж болохоор л болж байгаа юм байна. Үүнийг өөрчилж, Ерөнхийлөгч хориг тавьж, хоригийг нь хүлээж аваад дахин сайжруулах ёстой гэж бодож байна. Хориг тавихгүй бол дараа нь өөр нэг хуулийн төсөл өргөн барьчих гишүүн олдох байлгүй дээ.

Ш.Сайхансамбуу: Надаас өөр эсрэг саналтай хүн нэг ч байгаагүй

-Энэ бол их буруу. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдэд Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчиж байна. Хоёрдугаарт, УИХ-ын дэгийн тухай хуулийг ийм хачин замбараагүй болчихсон гишүүд дагаж мөрдөхгүй шүү дээ. Би УИХ-ын дарга болон Байнгын хороодын дарга нарын тавьсан шаардлагыг сайн биелүүлээд, өмнөх хуулиа мөрдөцгөөе, Шинэ хууль батлаад хэрэггүй гэдэг саналтай байсан. Оны өмнө чуулганы нэгдсэн хуралдаан дээр би ганцаараа эсэргүүцсэн. Надаас өөр эсрэг саналтай хүн нэг ч байгаагүй. Хуучин хуулиараа оногдсон таван минутдаа үгээ багтааж,саналаа хэлж хэвшээд, байгаа хуулиа мөрдье гээд бараагүй дээ. Хүмүүсийг оргилуун дарсаа буудуулаад баярлаж суух хойгуур ийм хууль баталчихлаа шүү дээ.Үндсэн хуульд нийцэхгүй хууль гарсан. Би хошин шогийн хууль байна гэж хэлээд хэдэн гишүүн инээгээд л өнгөрсөн дөө.

Т.Цэвээнгэрэл
Эх сурвалж: Өдрийн шуудан

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.