Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагнав
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл
2011.02.15

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо ажлаа тайлагнав

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга П.Алтангэрэл, тус байнгын хорооны гишүүн Г.Баярсайхан, Н.Ганбямба нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2010 оны намрын ээлжит чуулганы хугацаанд байнгын хорооноос хийсэн ажлын талаар мэдээлэл өгөв.

Тус Байнгын хороо нь 2010 оны намрын чуулганы хугацаанд нийт 15 удаа хуралдаж, давхардсан тоогоор 42 асуудал хэлэлцсэн агаад чуулганы хугацаанд хэлэлцсэн асуудлаараа 14 санал, дүгнэлт, 5 танилцуулга гаргаж хэлэлцүүллээ.

Энэ хугацаанд эрхэлсэн салбарынхаа  чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч болон  Засгийн газраас санаачлан боловсруулж УИХ-д өргөн мэдүүлсэн Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн тухай, Байгалийн ургамлын тухай, Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай,  Агаарын тухай зэрэг 6 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг нийт 10 хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж  батлуулав.

 Монгол Улсын 2011 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуулиудын төсөлд  Байнгын хороо өөрийн эрхэлсэн салбар болох байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамааралтай хэсгийг хэлэлцэж тодорхой санал, дүгнэлт гаргаж батлууллаа.

 Чуулганы хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд санаачлагчдаас өргөн баригдсан  хууль, шийдвэрийн төслүүдийг  Улсын Их Хурлаар хэлэлцүүлж батлуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, батлагдсан хуулиудыг сурталчлах чиглэлээр тавигдсан зорилтоо ханган ажиллалаа гэдгийг Байнгын хорооны дарга П.Алтангэрэл онцлов.

 Чуулганы хугацаанд тус Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр дараахь хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслүүд өргөн баригдаж хэлэлцэгдсэн байна. Yүнд:

 1. Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан барих зөвшөөрлийн хураамжийн 3 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд  Засгийн газраас өргөн баригдаж хэлэлцэгдэн 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдөр УИХ-аар батлагдсан. Эдгээр хууль батлагдсанаар агнуурын амьтны ашиглалт, хамгаалалтад оролцогч субъектүүдийн эрх үүрэг, ажлын уялдаа, зааг ялгаа тодорхойлогдсоны зэрэгцээ эдийн засгийн тодорхой хөшүүрэг бий болов. Түүнчлэн агнуурын амьтны байршил, нутгийг хамгаалахад нутгийн иргэдийн оролцох оролцоо, хараа хяналт дээшилж хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо сайжирсан болно. Тухайлбал, гарал үүслийн тодорхойлолт аваагүй амьтны түүхий эд худалдсан, худалдан авсан этгээдийг тухайн зүйл амьтныг агнасантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулахаар хуульчлагдсан байна.

2. Байгалийн ургамлын тухай болон Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар байгалийн ургамлын ашиглалт, хамгаалалтын байдал сайжрахын зэрэгцээ байгалийн ургамлын төлбөрийн орлого нэмэгдэж улмаар ургамал хамгаалах, нөхөн сэргээх хөрөнгийн эх үүсвэр бүрэлдэж түүнийг ашиглагчдад эдийн засгийн хариуцлага тооцох боломж бүрдсэн болно. Ургамал ашигласны төлбөрийг сум, дүүргийн төсөвт шууд төлөхөөр тусгагдсан.

3. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол улсын Ерөнхийлөгчөөс 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлж 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр УИХ-аар хэлэлцэгдэж батлагдсан бөгөөд энэ хуультай холбогдуулан Агаарын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан болно. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиар гэр хорооллын айлуудын газрыг барьцаалан эдийн засгийн эргэлтэд оруулах замаар уул уурхайн баялгаас бий болох урт хугацаатай бага хүүтэй зээлийг тэдэнд олгож орон сууц барих болоцоо нөхцөлийг бүрдүүлэх, хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт, ажлын байрыг нэмэгдүүлэн бүсийн нэмэгдлийг олгох замаар нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг хотоос хөдөө рүү шилжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, бүсчилсэн хөгжлийн тулгуур төв болон нийслэлийн алсалагдсан дүүргүүдийг хөгжүүлэх замаар нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах гэсэн заалтуудыг шинээр нэмж тусгасны гадна нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нийслэлийн засаг даргатай  хамтран тогтоохын гадна энэ бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах, зориулалтын бус газар хог хаягдал хаях, агаар бохирдуулах бодис ялгаруулдаг үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, стандартын шаардлага хангаагүй цахилгаан халаах хэрэгсэл ашиглах, цахилгаан эрчим хүчийг ахуйн зориулалтаас бусад хэлбэрээр ашиглах зэргийг хуулиар тус тус хориглосон болно.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хэрэгжилтийг  зохицуулах, үйл ажиллагааны харилцан уялдааг хангахад хяналт тавих үүрэг бүхий үндэсний хороог ажиллуулах бөгөөд үндэсний хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар хуульд тусгасан болно. Мөн Засгийн газар нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төсвийн төслийг боловсруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан батлуулж  жил бүр УИХ-д тайлагнаж байхаар тусгагдсан болно. Энэхүү Хууль тогтомжид  заасан бүрэн эрх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсхүл хангалтгүй биелүүлсэн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан арга хэмжээ авахаар тусгагдсан.

4.Энэ хууль батлагдсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой тусгасан  УИХ-ын тогтоол батлагдаж түүний биелэлтэд хяналт тавин ажиллах үүргийг БОХХААБХ болон ЭЗБХ-ны дарга нарт тус тус хариуцуулсан байна.

5. Засгийн газраас 2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж,  2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр батлагдсан. Энэ тогтоолоор Говьсүмбэр, Дорноговь аймгийн зарим хэсгийг хамран орших Чойрын Богд уул, Бүрдэнэ булаг, 18 Богд уул, Дундговь аймгийн Дэлгэрхангай уул, Сүхбаатар аймгийн Онгон таван булаг, тэдгээрийн орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар, Дундговь аймгийн зарим газар нутгийг дамнан орших Бага газрын чулуу, түүний орчмын нутгийг хамруулан байгалийн дурсгалт газрын ангиллаар тус тус хамруулан нийт 150 орчим мянган га газрыг улсын тусгай хамгаалалтад авсан байна.

6. ”Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлж УИХ-аар 2011 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр батлагдсан бөгөөд уг хөтөлбөрөөр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах хариу арга хэмжээг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадамжийг бий болгох, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, түүний үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, хүлэмжийн хийн ялгаралтыг үе шаттайгаар бууруулах, уур амьсгалын ажиглалтын сүлжээг өргөтгөх, технологийн шинэчлэл хийх, судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажлыг өргөжүүлэх, чадавхийг нэмэгдүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах зэрэг стратегийн 5 зорилтыг дэвшүүлэн тавьсан бөгөөд уг хөтөлбөр 2011-2021 онд хоёр үе шаттайгаар хэрэгжихээр батлагдсан болно.  Энэхүү хөтөлбөр батлагдан хэрэгжсэнээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх удирдлага, менежментийн тогтолцоог боловсронгуй болгохын зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр хүний эрүүл мэндэд учирч болох аюул эрсдлийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах,  уур амьсгалын өөрчлөлтийн хяналт шинжилгээний сүлжээ өргөжин, байгаль экологи нийгэм эдийн засгийн салбарт нөлөөлөх байдал, эрсдлийн үнэлгээний чанар сайжрах ач холбогдолтой юм.

7. Засгийн газраас санаачлан боловсруулж 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэ хуулийн төслийг хэлэлцүүлэх бэлтгэлийг нь хангах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир ахлан ажиллаж байна.

8. УИХ-ын гишүүн Р.Буд, П.Алтангэрэл нарын 19 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Бэлчээрийн тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байгаа бөгөөд уг хуулийн төслийг орон нутгагт иргэд, малчдаар ахин сайн нягтлан хэлэлцүүлж саналыг нь авах нь зүйтэй гэсэн саналаар түр хойшилсон болно.

9.УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн “Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл нь Засгийн газраас өргөн мэдүүлж буй зарим тогтоолын төсөлтэй хэлэлцүүлгийг нь уялдуулах шаардлагын үүднээс санаачлагчаас гаргасан хүсэлтийн дагуу 2011 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр тогтсон.

10. Мөн Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулиар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны төсвийн зардлын багц 63,4 тэрбум төгрөгөөр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц 2011 онд 131,7 тэрбум төгрөгөөр тус тус батлагдсан байна.

Хяналт, шалгалтын ажил, УИХ-ын гишүүдээс тавьсан асуулгын талаар:

1.“Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, 2011 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, төсөв санхүүгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсоод “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай  2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоол гаргасан.

 2. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн биелэлтэд хяналт тавьж ажиллах ажлын хэсэг Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаяраар ахлуулан ажиллаж байна.Хэрэгжилтийн талаарх тайлан, мэдээллийг ЭБЭХЯ, БОАЖЯ-с тухай бүр гаргуулж  ажлын хэсгийн ахлагч болон Улсын Их хурлын гишүүдэд мэдээлэл болгон тараасан. Ажлын хэсгийн илтгэх хуудсыг гаргаж, ажлын хэсгийг 2010 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд хуралдуулахаар бэлтгэж байна.

3. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Энхбат нар  Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бус, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн  хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий  сайд С.Батболдод хандаж асуулга тавьсан бөгөөд хариуг 2011 оны хаврын чуулганаар сонсохоор төлөвлөж байна.

4. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэдванчиг Монгол Улсын Ерөнхий  сайд С.Батболдод хандаж Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр төслийн хэрэгжилтийн явц үр дүнгийн талаар асуулга тавьсан боловч хариу нь хүлээгдэж байгаа болно.

Чуулганы хугацаанд тус байнгын хорооноос:

1. Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд мэргэжлийн санал дүгнэлт гаргах үүрэг бүхий судлаач,шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулах тухай 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар тогтоол

2. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай  2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07 дугаар тогтоол

3. “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,  Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар тогтоол гаргасан байна.

Тайлангийн хугацаанд тус Байнгын хороонд  иргэд, байгууллагаас 295 албан бичиг, 84 өргөдөл, гомдол түүнээс Байнгын хорооны даргад хандаж ирүүлсэн 41 албан бичиг ирүүлснийг тухай бүр хариуг бэлтгэж холбогдох байгууллага, эздэд нь явуулж байв. Эдгээр өргөдөл, гомдлын 43.2 хувь нь хувийн амьдралд мөнгө санхүүгийн болон орон сууцны туслалцаа хүссэн, 25.9 хувь нь сургууль, дамжаанд суралцахад төлбөр болон ажлын байраар хангахад дэмжлэг хүссэн, 10 хувь нь газрын маргаантай асуудлаар, 10 хувь нь тэтгэмж нэмэгдүүлэх, төсөлд хамруулах, шагнал урамшуулалд дэмжүүлэх,8.3 хувь нь уулзахыг хүссэн  зэрэг асуудлаар байна.

Цаашид тус байнгын хороо 2011 оны Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар “Бэлчээрийн тухай”, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа түүхий эдийн биржийн тухай” хуулийн  төслүүд, “Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон хуулийн дагуу өргөн мэдүүлэгдсэн бусад хууль, шийдвэрийн төслүүдийг УИХ-аас баталсан чиглэлийг баримтлан хэлэлцүүлэх бэлтгэлийг хангаж ажиллах болно гэдгээ Байнгын хорооны дарга хэллээ.

Байнгын хорооны дарга, гишүүд дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.