A PHP Error was encountered

Severity: Notice

Message: Undefined offset: 1

Filename: controllers/content.php

Line Number: 127

Н.Энхболд: Эмх замбараагүй байдал үүсвэл хариуцлагыг нь АН-ынхан хүлээх ёстой
Н.Энхболд: Эмх замбараагүй байдал үүсвэл хариуцлагыг нь АН-ынхан хүлээх ёстой
УИХ-ын гишүүн Н.Энхболд
2012.10.18

Н.Энхболд: Эмх замбараагүй байдал үүсвэл хариуцлагыг нь АН-ынхан хүлээх ёстой

УИХ-ын гишүүн Н.Энхболдыг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урьж ярилцлаа. УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт Ардчилсан намаас нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хорооныхон баталгаажуулж УИХ-ын даргад нэрийг нь өргөн барьсан билээ. Энэхүү шийдвэрийг Ардын намынхан эсэргүүцэж буй. Тиймээс энэхүү эсэргүүцлээ цаашид хэрхэн өрнүүлэх талаар түүнтэй ярилцсан юм.
-Танай намын удирдлагууд УИХ-ын аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт нэр дэв­шигчидтэй холбоотой гарга­сан шийдвэрийг эсэргүүцэж, өчиг­дөр мэдээлэл хийлээ. Тэр үед Өвөр­хангай аймагт танай намаас нэр дэвшсэн Төмөрхүү ирээгүй байсан. Ямар учраас ирээгүй юм бэ. Нэр дэвшигч Төмөрхүү “Сонгогчдын олонхийн саналыг аваад ирж бай­хад намынхан бидний ялал­тыг хамгаалж чадсангүй” гэж намынхаа удирдлагуудад гомдоллосон байсан. Үүнтэй холбоотой юм биш биз дээ?
-Төмөрхүү бидэнд гомдсоны үндсэн дээр хуралд ирээгүй юм биш. Ер нь төрийн машин хуулийн эсрэг ажиллаад эхэлсэн тохиолдолд хувь хүн байтугай улс төрийн нам ч гэсэн хүчин мөхөсдөж байгааг энэ жишээ харуулж байна шүү дээ. Бид Төмөрхүү нэр дэвшигчийнхээ төлөө ажилласан уу, гэвэл ажилласан. Бололцоотой бүх шатанд тус дэм үзүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд энэ талаарх шаардлагыг байнга тавьж ажилласан. Харамсалтай нь үнэхээр манай намынхны хүч шударга бус үйлдлийн өмнө энэ мэтээр мөхөсдөж байгааг хүн бүр тодхон харж байгаа байх аа. “Царилаас хамгаалах зэвсэг байхгүй” гэж Оросын зүйр цэцэн үг байдаг юм даа. Энэ нь цаад утгаараа хуулийг уландаа гишгэсэн тохиолдолд үүний эсрэг яаж ч тэмцээд нэмэргүй гэсэн санааг илтгэдэг юм.

Өнөөдөр Монголын нийгэмд яг л ийм байдал бий болчихлоо шүү дээ. Хэрэв манай одоогийн эрх баригчид хуулийг хүндэлдэг байсан бол хуулийнхаа хүрээнд аливаа асуудлыг шийдээд явах байсан гэж бодож байна. Өвөрхангайчуудын сонголтын нулимж байгаа байдал, манай намынхан уруулж буй хохирол, нэр дэвшигчдийг маань доромжилсны үндсэн дээр гаргаж байгаа энэ шийдвэр бол хуулийг уландаа гишгэсэнтэй л  холбоотой.
-УИХ-ын чуулганы өнөөдрийн хурал­даа­наар Өвөрхангайд Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тан­гараг өр­гүүлэх гэж байна. “Ар­дын намынхны тэв­чээрийн хяз­гаар алдарлаа” гэж та хэлж бай­сан. Гэсэн ч танай намынхан пар­ламен­тын шийдвэр гаргах түв­шинд ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй бай­далтай байна. Тэгэхээр цаашид ямар арга хэмжээ авах юм бэ?
-Парламентын шийдвэр гаргах түвшинд ажиллах арга чарга маань үнэхээр барагдаж байгаа нь үнэн. Гэхдээ манай намынхан “Ардчилсан намынхан хууль зөрчиж байгаа учир  та бүхэн хууль зөрч”гэж ард түмнийг уриалахгүй. Өөрөөр хэлбэл, бид аль болох хуулийн хүрээнд ажиллахыг хичээнэ. Ер нь аливаа асуудалд улс төрийн нам бүү хэл хувь хүн ч хариуцлагатай хандах ёстой. Гэтэл Ардчилсан намынхан ус төрийн намуудыг, хувь хүмүүсийг ацан шалаанд оруулж, мухардал руу түлхэж байна шүү дээ.

Тиймээс цаашид бид ямар арга хэмжээ авахыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Ямартай ч эхний ээлжинд манай намынхан Ерөнхийлөгчид хандаж энэ хууль зөрчсөн шийдвэрийг зог­соохыг шаардахаар төлөвлөсөн бай­гаа. Хэрэв бидний тавьсан шаард­лагыг хүлээж аваагүйн үндсэн дээр эмх замбараагүй байдал үүсэх юм бол энэ бүхний хариуцлагыг хуульгүй нийгэм рүү түлхсэн хүмүүс л хүлээх ёстой.
-Сонгуулийн ерөнхий хорооныхон шийдвэрээ гаргасны дараа танай намын дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржтой уулзаж, энэ асуудлаар ярилцсан гэсэн. Ямар хариу авснаа та бүхэнд хэлсэн үү?
-Сонгуулийн ерөнхий хорооныхон уржиг­дар орой хуралдаж дээрх шийдвэрийг гарга­саны дараа манай намын дарга Ө.Энхтүвшин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, санал бодлоо илэрхийлсэн. Харин хариуд нь Ерөнхийлөгч “Энэ асуудал надаар дамжихгүйгээр УИХ-аар шийдэгдэх юм байна билээ” гэж хэлсэн гэсэн. Хууль зөрчсөн үйлдлийн хажуугаар Монгол Улсын Ерөнхийлөгч нүдээ аниад өнгөрч болохгүй. Тиймээс бид Ерөнхийлөгчид энэ бүхнийг эргэн харах шаардлага тавих гэж байгаа юм.
-Нөгөөтэйгүүр, “Ардын нам, МАХН нэгдэх гэж байна” гэсэн ярианаас болоод энэ бүх асуудал ундарсан гэдэг таамаглал гараад байгаа. Учир нь энэ хоёр нам нэгдэх юм бол одоогийн Засгийн газрын ирээдүй бүрхэг болох учир тодорхойгүй байгаа тойргуудад Ардчилсан намынхан анхаарлаа хандуулсны үр дүнд энэ бүх асуудал үүссэн гэх юм. Харин та юу гэж бодож байна вэ?
-Одоо үүссэн байгаа нөхцөл байдал бол гадны ямар нэгэн хүчин зүйл, яриа хэлэлцээрээс хамаарахгүйгээр бий болсон. Өөрөөр хэлбэл төрийн эрхийг барьж байгаа тодорхой хэсэг хүний зан авир, хуульд ханддаг хандлагатай нь л холбоотой гэж хэлэх байна. Одоогийн нийгэмд хууль үйлчлэхгүй байгааг маш олон хүн хэлж байна. Энэ бүхнийг тэр нөхөд ойлгоосой билээ. Ер нь бол хууль үйлчлэхээ болихоор л хүмүүс хуулиас гадуур явж эхэлдэг шүү дээ. Сүүлийн жилүүдэд Азийн ардчиллын үлгэр жишээ болж ирсэн Монгол Улсыг өөрсдийгөө ардчилагчид гэж цээжээ дэлддэг хэдэн нөхөр ардчилалгүй улс болсон гэдгийг зарлачихлаа.  

Манай нам бол улс төрийн хариуцлагатай хүчин. Аливаа шийдвэрийг аль болох олон талаас нь харж, дүгнэж, болж буй үйл явдлыг бүгдийг нь ажигласны үндсэн дээр гаргадаг. Энэ бүхний үр дүнд бид  Монгол Улс бол ардчилсан улс биш. Хуультай юм шиг атлаа хууль үйлчилдэггүй улс боллоо. Хууль сахиулах үүрэг нь Ерөнхийлөгч, Засгийн газар, хууль хяналтын байгууллагад байгаа. Гэтэл Хууль хяналтын байгууллага нь нэг намын гарт орчихоод цөөнхийг үл тоосон шийдвэр гаргаж байна. Ерөнхийлөгч ч мөн адил цөөнхийг үл хүндэтгэж асуудлыг өөрөөсөө түлхэж байгаа нь харамсалтай.
-Нөхцөл байдал нэгэнт ийм дээрээ тулчихлаа. Тэгэхээр цаашид танай намынхан МАХН-ынхантай нэгдэх үү?
-Би Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүнээс гадна намын нарийн бичгийн даргын албыг давхар хашдаг. Тиймээс Ардын намын хариуцлагатай албан тушаалтны хувьд Ардын нам болон МАХН-ын хооронд нэгдэх талаар ямар нэгэн албан ёсны яриа өрнөж байгаагүй гэдгийг албан ёсоор  хэлэх нь зүйтэй байх. Гэхдээ хоёр намын гишүүдийн  дунд янз бүрийн санал бодолтой хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Цаашид бид Монгол Улсыг ардчилсан, хуультай улс болгохын тулд бидэнтэй санал нэг байгаа ямар ч хүн, улс төрийн хүчин, байгууллагатай хамтарч ажиллахад бэлэн байна.
-Сонгуулийн ерөнхий хорооныхон шүүхийн шийдвэр гарсны дараа хурал хийж уг шийдвэрийг баталгаажуулсан. Нөгөөтэйгүүр, ийм шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн хүнд хуулийн хариуцлага тооцдогийн тод жишээг харин ч харуулаад байгаа юм биш үү. Энэ бүхнийг хараад орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүс хууль зөрчсөн үйлдэл хийхээс татгалзах байх гэж бодож байна?
-Сонгуулийн ерөнхий хороо хараат бусаар үйл ажиллагаагаа явуулах ёстой байгууллага. Энэ шийдвэрийг гаргахаас өмнө Сонгуулийн ерөнхий хорооны хуучин дарга Н.Лувсанжавыг янз бүрийн байдлаар дарамталсаар байгаад ажлыг нь өгүүлсэн. Үүний дараа Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнуудын дунд Ардчилсан намын угшилтай хүмүүс илт олонхи болсон.

Нөгөөтэйгүүр, Сонгуулийн ерөнхий хорооноос Д.Зоригт, Г.Батхүү нарыг Өвөр­хангай аймагт ялалт байгуулсан гэдэг шийдвэрийг гаргахаас өмнө УИХ-ын дарга УИХ-ын Тамгын газрын ажилтнуудад дээрх хоёр хүнийг тангараг өргүүлэх бэлтгэл ажлыг хангах даалгаврыг өгчихсөн байсан гэж байгаа юм. Бас болоогүй, Сонгуулийн ерөнхий хорооныхон дээрх шийдвэрийг гаргасныхаа дараа бидэнтэй уулзахгүй хойд хаалгаараа гарч зугтсан шүү дээ.

Тэгэхээр энэ Сонгуулийн ерөнхий хороо хараат бус байгаагийн илрэл үү. Хараат байгаагийн илрэл үү. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн ерөнхий хороог шүүх гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө сэжигтнийг оруулах шоронгийн өрөөг бэлтгэчихсэн байсан гэсэн үг л дээ. Ийм л нөхцөл байдал руу Монгол Улс орчихож. Энэ бүхнээс уншигчид өөрсдөө дүгнэлтээ хийх биз.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
  
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.