С.Эрдэнэ: Иргэд энэ сарын 25-ны өдөр гэхэд хүүхдийн мөнгөө авч эхэлнэ
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2012.10.11

С.Эрдэнэ: Иргэд энэ сарын 25-ны өдөр гэхэд хүүхдийн мөнгөө авч эхэлнэ

Шинэчлэлийн Засгийн газар 10 сараас эхлэн хүүхэд бүрт сар тутам 20 мянган төгрөг олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Хүүхдийн мөнгөний асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэтэй ярилцлаа. 
-Хүүхдийн мөнгийг энэ сард олгож эхлэх үү. Бэлтгэл ажил хэр хангагдаад байгаа талаар Салбарын сайдын хувьд Та хариулт өгөхгүй юу?
-Монгол Улсын нийт хүн амын 36 хувь нь буюу 970,0 мянга нь 18 хүртэлх насны хүүхдүүд байна. Хүүхэд бүрд сар болгон 20,000 төгрөг олгох ажлыг энэ аравдугаар сард багтаан хэрэгжүүлж эхэлнэ. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой бэлтгэл ажлууд үндсэндээ хангагдсан учраас иргэд энэ сарын 25-ны өдөр гэхэд хүүхдийн мөнгөө авч эхлэх юм.

Энэ удаад ээж, аав, асран хамгаалагч нар нь хүүхдийнхээ мөнгийг авахын тулд арилжааны банкны салбарт шууд хандаж хүсэлтээ гаргахаар зохицуулсан.

Хүүхдийн мөнгө олгох ажилд арилжааны банкуудтай хамтран ажиллах чиглэлээ бид харилцан тохиролцоод, өнөөдөр өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан байгаа.
-Энэ удаад иргэд шууд арилжааны банкинд хандаж хүсэлтээ гаргана гэлээ, ямар бичиг баримт бүрдүүлж очих вэ? хүүхдийн мөнгө олгох өмнөх арга хэмжээнүүдээс юугаараа ялгаатай байна вэ?
-Бид хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг иргэдэд чирэгдэл багатай, олон шат дамжлагагүй байхаар зохион байгуулахад анхаарч, нилээд хэдэн шинэлэг арга хэмжээг нэвтрүүлж байна.

Халамжийн байгууллага, банк, төрийн сан зэрэг холбогдох байгууллагууд мэдээллийн дэвшилтэд технологийг ашиглан  цахим хэлбэрээр мэдээллээ харилцан солилцох учраас “Хүүхдийн мөнгөний дэвтэр” гэж шинээр олгох шаардлагагүй болж байгаа юм. Ингэснээр шинэ дэвтэр хэвлүүлэхэд гардаг байсан 400,0 орчим сая төгрөгийн зардлыг хэмнэнэ.

Урьд нь ээж /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгч/ нь олон бичиг баримт бүрдүүлэн оршин суугаа газрынхаа сум, хорооны нийгмийн ажилтан, аймаг, дүүргийн халамжийн байгууллагад очиж хүсэлтээ гаргаад, аль банкнаас мөнгөө авах талаар мэдээлэлгүй буцдаг байсан. Мөнгөө авах банк, тооцооны төвийг мэдэхийн тулд иргэн халамжийн байгууллагад дахин очдог байв. Ингээд иргэд нийгмийн халамжийн байгууллагаас гэрээ хийсэн цөөн хэдэн банкинд очин, дугаарлан зогсож байж мөнгөө авдаг байлаа.

Одоо бол хүүхдийн мөнгөө авахын тулд сум, хороо, нийгмийн халамжийн байгууллагад очих огт шаардлагагүй харин гэрийнхээ эсвэл ажлынхаа ойр хүссэн банкны салбартаа зөвхөн нэг удаа хандахад л болно.                             

Хүүхдийнхээ мөнгийг авахыг хүссэн иргэн арилжааны банкинд шууд хандаж хүүхэд тус бүрдээ хүүхдийн мөнгө авах данс нээлгүүлэх юм. Данс нээлгэсэн банкныхаа аль ч салбараас дараа нь мөнгөө авч болно. Хэрвээ иргэн хүсвэл хүүхдийнхээ мөнгийг хадгаламжийн данс руу шилжүүлж, олон хүүхэдтэй бол нэгтгэн нэг дансаар ч авч болно. Жишээлбэл, ээж нь хүүхдүүдийнхээ дансыг өөрийнхөө харилцах данстай холбуулж мөнгөө өөрийн данс эсхүл картандаа авч болох юм.

Хүүхдийн мөнгө авах ээж /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгч/ нь олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй. Халамжийн байгууллагад урьд нь 8 төрлийн бичиг баримт бүрдүүлж өгдөг байсан.  
Бид энэ асуудлыг судлаад зөвхөн ээжийн /эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгчийн/ цахим иргэний үнэмлэх, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ гэсэн 2 төрлийн бичиг баримт байхад л хангалттай гэж үзсэн.
-Урьд нь хүүхдийн мөнгө хөтөлбөр хэрэгжиж байсан. Тодорхой үр дүн гарсан болоод та бүхэн энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх. Өмнөх хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар та юу гэж бодож байна вэ?
-1990 оноос өмнөх тогтолцооны үед ч олон хүүхэдтэй  эхчүүдэд жилд нэг удаа хүүхдийн мөнгө өгдөг байсныг бүгд мэдэж байгаа. 2005 он хүртэл Нийгмийн халамжийн тухай хуулиар дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхэд жилд нэг удаа хүүхэд тус бүрт 6000 төгрөгийн тэтгэмж олгодог байсан. Энэ нь өрхийг хүүхдийнхээ хөгжилд анхаарах, наад зах нь хүүхэддээ гутал, хувцас авахад бага боловч нэмэр болдог байсан ч мөнгөний ханшны уналтаас шалтгаалан бодит хэмжээний хувьд багасаж, жилд нэг удаа олгодог нь амьжиргаанд нэмэр болохооргүй байв.

Иймд Хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг Ардчилсан намаас анх санаачлан Их Хурлын 2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлсэн. Энэ арга хэмжээг НҮБ-ын хүүхдийн сангаас хүүхдийн хөгжлийг дэмжих томоохон алхам болсон гэж үздэг. Үндэсний статистикийн хорооноос 2008 онд гаргасан Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанд уг арга хэмжээг ядуурлыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлсэн гэж дүгнэсэн байдаг. Хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг анх нөхцөлт мөнгөн тэтгэмж хэлбэрээр олгож байсан. Хүүхдийн мөнгө авч байсныхаа төлөө эцэг, эхчүүд хүүхдээ эрүүл саруул өсгөх, сургуульд сургах, дархлаажуулалтад хамруулсан байх зэргээр тодорхой үүрэг хүлээж байсан.  Дэлхийн банкны судлаачдын хийсэн судалгаагаар хүүхдийн мөнгө олгосноор дунд, ахлах ангийн хүүхдүүдийн сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлсэн гэдгийг бас дурьдсан байсан. Хүн амын өсөлт ч хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн хугацаанаас хойш нэмэгдсэн байгаа юм. Төрийн бодлогын залгамж чанар, түүний нөхцөл, үр нөлөөг эцэг эхчүүд ч ухамсарлан энэ удаад хүүхдийн мөнгө авахаар өргөдөл гаргахдаа өмнөх нөхцлүүдийг хэрэгжүүлнэ гэж ойлгож байна.

Хүүхдийн мөнгө хөтөлбөр бол хүүхдийн эрхийг хангах, хүүхдийг хөгжүүлэх, хүн амаа өсгөхөд ихээхэн үр дүнтэй арга хэмжээ юм. Айл өрх бүр, хүүхэд болгонд хүрсэн сайн арга хэмжээ учраас Шинэ Засгийн газраас энэ арга хэмжээг үргэлжлүүлж байна.

Хүүхдийн мөнгөний хэмжээний хувьд бид сар бүр 10000 төгрөгөөр тооцож олгодог байсан бол үнэ ханш, амьжиргааны өртгийн өсөлттэй уялдуулан энэ удаад хүүхдийн мөнгөний хэмжээг  сард 20,000 төгрөг байхаар шийдвэрлэлээ.
-Урьд нь хүний хөгжил сангийн мөнгө авахад шимтгэл авдаг байсан. Хүүхдийн мөнгийг олгож байгаа банкууд шимтгэл авахгүй гэж сонссон? Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Шимтгэл авахгүй. Хүүхдийн мөнгө олгох банкны үйлчилгээний хураамж буюу шимтгэлийг авахгүй байх тохиролцоог Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Монгол банкаар дамжуулан арилжааны банкуудтай хийсэн. Харин иргэн хүүхдийн мөнгийг бэлэн мөнгөний машинаас картаар авч байгаа тохиолдолд банк үйлчилгээний хураамжаа авна. Үүнийг хүүхдийн мөнгөний шимтгэл биш, картаар үйлчлүүлсэний хураамж гэж ойлгох хэрэгтэй.  Арилжааны банкууд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудалд ийнхүү анхаарч, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүүхдийн мөнгийг үйлчилгээний шимтгэлээс чөлөөлсөнөөр жилд 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүүхдийн сайн сайхны төлөө зориулж байгаа хэрэг юм. Энэ бол бусад төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн байгууллагуудад үлгэр дууриал болохуйц жишээ болж байна. Үүнийг яам, Хүүхдийн төлөө үндэсний газрын зүгээс үнэлж үйлчилгээний хураамжгүйгээр үйлчилсэн байгууллагуудыг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Хүүхдийн хөгжлийн төлөө банк”-аар өргөмжлөхөөр шийдвэрлэсэн.
-Хүүхдийн мөнгө авах шаардлагагүй хэсэг Монголын нийгэмд цөөнгүй бий. Хүүхдийн мөнгийг ялгавартай өгч болох уу?
-Эцэг, эхийнх нь орлого болон амьдралын түвшнээс нь хамааруулж хүүхдүүдийг ялгаварлаж болохгүй л дээ. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Харин хүүхдүүд эцэг, эхтэйгээ зөвшилцөн хүүхдийн мөнгө авахаас татгалзах эрхтэй. Хүүхдийн мөнгийг авахаас татгалзаж, хүүхдийн хөрөнгө оруулалт хөгжлийг дэмжих гэсэн эцэг эхчүүдийн хүсэлт манай яаманд олноор ирдэг. Энэхүү хүсэлтийг судлан үзэж бид холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар судалж байна. Хүүхдийн мөнгө авахаас татгалзсан иргэдийн мөнгийг Хүүхдийн хөгжлийн санд төвлөрүүлэн, хүүхдийг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж болох юм. Тухайлбал хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв, үр дүнтэй өнгөрөөх газар манайд их дутагдалтай байна. Хүүхдийг хөгжүүлэх урлаг, спортын дугуйлан, секц, өдөр өнжүүлэх төв олноор барих хэрэгтэй байна.
-Асрамжийн газрын хүүхдүүд, хорих ангид ял эдэлж буй хүүхдүүд  мөнгөө яаж авах вэ?
-Асрамжийн газарт асруулж буй хүүхдийн мөнгийг асрамжийн газар нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг  тухайн асрамжийн газрын байрлах нутаг дэвсгэрийн Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хадгалж, хүүхдийг 16 насанд хүрч, иргэний үнэмлэх авсны дараа өөрт нь хүлээлгэн өгнө.

Хорих ангид ял эдэлж буй хүүхдүүдийн тухайд, тэдэнд мөн ялгаагүй хадгаламжийн данс нээж хүүхдийн мөнгийг нь байршуулна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа хүүхдийн мөнгийг тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж банкинд хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн хорих ангийн  байрлаж буй нутаг дэвсгэрт  харъяалах нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага хадгалж, хорихоос суллагдсаны дараа өөрт нь хүлээлгэн өгнө. Хэрэв хүүхэд хорихоос суллагдах үедээ 16 насанд хүрээгүй бол эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгч)-д нь хадгаламжийг олгоно.
-Тэгэхээр гадаад улсад суугаа монгол хүүхдүүд ч мөн хүүхдийн мөнгө авах эрхтэй байх. Тэд хүүхдийн мөнгөө яаж авах вэ?
-Бидний зүгээс Монгол улсын иргэн хүүхэд бүр хүүхдийн мөнгөө авах эрхтэй гэдэг зарчмаар ажиллаж байгаа. Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний хүсэлт, итгэмжлэл, хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгоно. Харин Монгол улсын иргэншлээс хасалт хийлгээгүй хирнээ өөр улсын харьяат болж давхар иргэншилтэй болсон хүүхдүүдийн хувьд Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж байгаа учраас тэдэнд хүүхдийн мөнгийг олгох боломжгүй юм.
-Урьд нь хүүхдийн мөнгө авдаг байсан дансаараа мөнгөө авч болох уу?
-Болно. Тухайн банкин дээр очиж өргөдлийн маягт бөглөхдөө хүүхдийн мөнгө авч байсан өмнөх дансаа холбуулж хүүхдийн мөнгөө авч болно.
-Иргэд янз бүрийн шалтгаанаар хүүхдийн мөнгө авах хүсэлтээ хоцроох эсвэл  сарын сүүлээр банкинд өгвөл тухайн сарын мөнгө олгогдох уу?
-Хүсэлт гаргасан сараас эхэлж хүүхдийн мөнгийг олгоно. Хэрвээ иргэн хүүхдийн мөнгө авах хүсэлтээ аравдугаар сард  багтааж гаргасан бол тухайн сарын мөнгөө авна, харин арваннэгдүгээр сард банкинд ирж хүсэлтээ гаргавал тэр сараасаа эхлэн мөнгөө авах юм. Өөрөөр хэлбэл, хүсэлт гаргасан сараас эхэлж мөнгө авна.
-Хүүхэд өөрийн биеэр банкнаас мөнгөө авч болох уу?
-16 насанд хүрч иргэний цахим үнэмлэхээ авсан хүүхэд өөрөө хүсэлтээ гаргаж болно. 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувьд  ээж нь /хэрэв ээж нь байхгүй бол эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлүүлэгч нь/ төлөөлөн авна.
-Хүүхдүүд болон эцэг, эхчүүд хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргахдаа юуг анхаарах вэ?
-Энд анхаарах шаардлагатай хэдэн зүйл бий. Хүүхдийн дансны дугаар зөв байх шаардлагатай. Иймээс өргөдлийн маягт дээр бичигдсэн дансны дугаар үнэн зөв эсэхийг нягтлан шалгах шаардлагатай. Нэг хүүхэд зөвхөн нэг банкинд хүүхдийн мөнгө авах нэг данстай байна. Хүүхдийн нэр дээр хүүхдийн мөнгөний нэгээс илүү данс байвал тухайн хүүхдийн мөнгийг нь олгохгүй. Хүүхдийн мөнгө авах хүсэлтийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл гэх мэт хэд хэдэн мэдээлэлтэй тулгаж, нягтлан шалгасны эцэст хүүхдийн дансанд мөнгийг шилжүүлэх учраас олон банкинд өргөдөл өгч олон газраас зэрэг мөнгө авах ямар ч боломжгүй юм. Иймээс тухайн хүүхэд, хүүхдийн эх, эцэг нь нэг л банкийг сонгож, нэг хүүхдэд хүүхдийн мөнгөний ганцхан данс нээлгэх  хэрэгтэй. Хэрвээ иргэн хүүхдийн мөнгө авдаг банкаа солих хүсэлтэй бол хүүхдийн мөнгө авч байгаа банкны дансаа хаалгаж, шинээр сонгосон арилжааны банкиндаа хүсэлт гарган данс нээлгэснээр шинэ банкнаасаа хүүхдийн мөнгөө авч болно.

Хүсэлт гаргасан хэдий ч хүүхдийн мөнгө дансанд ороогүй бол оршин суугаа газрынхаа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандах хэрэгтэй. Орон нутгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс иргэний мэдээллийг төв байгууллагатайгаа тулган нягталсны дараа шаардлагатай арга хэмжээг авах юм.
-Хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
Хүүхдийн мөнгийг олгохдоо орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан  хүүхдийн зурагтай төгрөгийн цахим карт буюу Т-карт олгох ажлыг Монгол банкнаас  санал болгон, бидэнтэй хамтран ажиллаж байна. Энэ картаар гүйлгээ хийхэд ямар ч банк үйлчилгээний хураамж, шимтгэл авахгүй юм. Мөн хүүхдийн мөнгөний Т-картаар архи, тамхи худалдаалахгүй байх шаардлагыг бид үйлчилгээний байгууллагуудад тавина.

Улс орны ирээдүй болсон хүүхдийн хөгжлийг дэмжиж чадварлаг иргэн бэлтгэхийн тулд гэр бүлийн хөгжлийг дэмжих, боловсролын тогтолцоог сайжруулах, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний оролцоог дээшлүүлэх замаар төрийн цогц бодлогыг хэрэгжүүлэх учиртай. Энэ ч утгаараа хүүхдийн мөнгийг олгох нь хүүхдийг дэмжээд зогсохгүй гэр бүлийн хөгжлийг дэмжиж байгаа хэрэг юм. Түүнчлэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүүхдийн төлөө үндэсний газраас  аймаг бүрт Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийг байгуулан ажиллаж байна. Ингэснээр хүүхэд, гэр бүлийн асуудлаар үндэсний хэмжээний цогц бодлогыг харилцан уялдаатай хэрэгжүүлж ажиллах үндсэн нөхцөл бүрдэж байна гэж үзэж болох юм.  

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.